&#34МАХН, МҮАН-ынхан МАН-ын баярыг хуваалцлаа&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

&#34МАХН, МҮАН-ынхан МАН-ын баярыг хуваалцлаа&#34

Эх орончдын өдөр, Монгол Улсад улстөрийн хүчин үүсч байгуулагдсан өдөр өнөөдөр тохиож буй. Тэгвэл энэ өдөр МАН,  МАХН-ын удирдлага, гишүүдтэй хамт Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөсөн нь энэ хоёр нам нэгдэх нь гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.

Энэ талаар МАН-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.

-МАХН, МАН-ын удирдлагууд хамтдаа цэцэг өргөж байгаа нь хоёр нам нэгдэх нь гэсэн хардлагыг төрүүлээд байна л даа?

-МАН Монголын аль ч улстөрийн намуудад нээлттэй байгаа. Зөвхөн МАХН-аар хязгаарлахгүй бүх улстөрийн намуудтай хамтарч ажиллахад нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Цаашдаа ч ийм байр суурьтай байна.

-Таны хувьд хоёр нам нэгдэх эсэхийг яаж хүлээж авч байгаа вэ?

-Ер нь бол хоёр нам нэгдэх тал дээр улстөрийн болон эдийн засгийн хувьд бэлэн биш байна гэж хувь хүнийхээ зүгээс харж байгаа.

-Эх орончдын баярыг танай, манай намын баяр гэхээс илүү иргэд яаж тэмдэглэх ёстой юм бэ?

-Эх орончдын баярын өдрийн талаар УИХ-аас тогтоол гарсан байдаг. Ер нь бол МАН буюу Монгол Улсын анхны улстөрийн хүчин үүсч байгуулагдсан түүхт ой. Энэ ойн өдөр эх орноо гэсэн хүн бүрийн баярын өдөр. Энэ утгаараа өнөөдөр МАХН болон Иргэний хөдөлгөөнүүд, МҮАН-ын дарга М.Энхсайхан зэрэг олон хүмүүс хүрэлцэн ирж хамтран тэмдэглэж  байгаа нь энэ өдөр Монголын ард түмний баяр болсон байна гэж харж байна.

-Өнөөдөр эх орноо гэсэн хүн бүрийн баяр. Гэхдээ улстөрийн өнцгөөс харвал МАН, МАХН-ын альных нь баяр юм бэ?

-МАХН, МАН гэдэг улстөрийн намууд ард түмнээ гэсэн үзэлд нэгдэж ажиллах ёстой. Үүний нэг нь эх орончдын баярын өдөр хамтарч үйл ажиллагаа явуулж байна гэж харж байна. Өнөөдрийн энэ баярыг дан ганц МАХН биш МҮАН-ын гишүүд ч мөн тэмдэглэж байгаа нь талархалтай байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж