Хойд
Америкийн сагсан бөмбөгийн лиг NBA-ын таван удаагийн аварга, этгээд
сонин авиртай гэгддэг Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен
Унтай сайн найз гэдгээ зарласан байна. Тэрбээр мөн “Twitter”-ээрээ
дамжуулан Хойд Солонгост энхийн зорилготой ирснээ мэдэгджээ. Энэ тухай
бяцхан нууцаа Деннис Родман Ким Чен Уны дэргэд суун сагсан бөмбөгийн
үзүүлэх тоглолтыг шимтэн үзэж, сонирхсоныхоо дараа мэдэгдсэн аж. Үүний
зэрэгцээ Пхеньянд болсон сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолтоос Хойд
Солонгосын удирдагч Ким Чен Ун сагсан бөмбөгийн “хорхойтон” гэдэг нь
анзаарагдсан тухай ВВС мэдээлжээ. Америкийн “Харлем Глобтроттерс” болон
Хойд Солонгосын “Мөрөөдлийн баг”-ийн хооронд болсон уг тоглолт 110:110
онооны харьцаатай өндөрлөжээ.
Хойд Солонгосын “KCNA” агентлагийн мэдээлснээр Деннис Родман тэргүүтэй төлөөлөгчид “Нарны ордон” /Kumsusan/-д зочилсон байна.
Хойд
Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлын улмаас Америк болон тус улсуудын
хоорондох улс төрийн харилцаа эгзэгтэй байгаа билээ. Дөнгөж өнгөрсөн
сард гэхэд Хойд Солонгос НҮБ-аас тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй
хориг арга хэмжээгээ чангатгасантай холбоотойгоор АНУ болон Өмнөд
Солонгос улсуудыг заналхийлсэн мэдэгдэл удаа дараа гаргасан юм. Харин
АНУ-ын зүгээс Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард амжилттайгаар
пуужин хөөргөснөөс үүдэн НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлд тус улсын эсрэг авч
хэрэгжүүлж буй хоригоо чангатгах тогтоолын төсөл өргөн барьж, батлуулсан
билээ.