Гурван ихэр хүүхэддээ ямар нэр өгөхөө шийдээгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Гурван ихэр хүүхэддээ ямар нэр өгөхөө шийдээгүй гэнэ

ЭХЭМҮТ-д
шинийн дөрвөнд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүдийн хоёр
нь хүү, нэг нь охин юм байна. Могой жилийн анхны гурван ихэр хүүхдийг
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын
тасгийн эмч М.Камара эсэн мэнд эх барьж авсан гэнэ.


Ихрүүдийн ээж
Баянзүрх дүүргийн оршин суугч Г.Энхмаатай уулзлаа.



-Танд баяр хүргэе. Сувилагчдын ярьж байгаагаар таны ихэр хүүхдүүд их чанга дуутай, цовоо сэргэлэн бололтой?


-Баярлалаа.
Юу ч гэсэн эсэн мэнд амаржлаа. Миний бас хүүхдүүдийн маань биеийн
байдал сайн байгаа. Миний хүүхдүүдийг эсэн мэнд эх барьж авсан алтан
гарт эмч нартаа талархсан сэтгэлээ энэ дашрамд илэрхийлье. Гурван ихэр
болохоор хөхний сүүнд цадахгүй байгаа юм. Өглөө (өчигдөр) есөн цагт
хөхүүлсэн. Цагаар хөхүүлж, уулзуулдаг болохоор тэр бүр хүүхдүүддээ очоод
байж болдогтүй юм байна.



-Гурван ихэр хүүхэд тээж байснаа хэзээ мэдсэн бэ?


-Хөл
хүндтэй болоод хоёр сартайд нь эмчийн хяналтад орсон. Тэгэхэд л ихэр
хүүхэд тээж байгаагаа мэдсэн. Анх сонсоод итгээгүй. Гэхдээ гэдэс маань
өдөр ирэх тусам томроод байгаа нь мэдэгдсэн. Ихрүүдийн маань хоёр нь
хүү, нэг нь охин гэдгийг төрхийн өмнөх эход үзүүлэхдээ мэдсэн шүү.



-Ихрүүдийн жин нь хэр байв?


-Хоёр нь хоёр кг, нэг нь 2,5 кг жинтэй төрсөн байгаа.



-Таны хэд дэх төрөлт вэ. Ихрийн удамтай гэсэн байх аа?


-Манайх
нэг хүүтэй. Одоо гурван ой хүрч байна. Манайх ихрийн удамтай. Би дээрээ
таван ах, гурван эгчтэй. Өөрөө айлын бага нь. Дээрээ ихэр ах, эгчтэй.
Гэтэл одоо өөрөө гурван ихэр хүүхэд төрүүллээ. Ингээд манайх гурван хүү,
нэг охинтой боллоо. Гэр бүлийнхэн маань болоод ах дүү төрөл садан бүгд
баяртай байгаа. Би одоо 28 настай л даа.


Зарим
хүмүүс хөл хүндтэй байхдаа ямар хүнсийг хэрэглэснээс шалтгаалж ихэр
хүүхэд төрдөг гэж яриад байна лээ. Миний хувьд бусдын л адил хүнс өдөр
тутамд хэрэглэдэг байсан. Гол нь ихрийн удам л нөлөөлсөн байх.



-Ингэхэд та болон ихрүүдийн аав юу хийдэг хүн бэ?


-Нөхөр бид хоёр хувиараа хөдөө орон нутагт ногоо тарьдаг.



-Ихрүүддээ ямар нэр өгөх вэ?


-Ямар
нэр өгөхөө одоогоор шийдээгүй л байна. Ямар ч байсан богинохон нэр
өгнө. Тэгээд ч ихэр хүүхдэд богино нэр өгөх нь сайн гэж сонссон юм
байна.


                                                                                                                     http://drdanger.blog.banjig.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж