Энэ үеэр ахмад багш Ц.Цэгмиджавтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Олон улсын Боловсрол сангийн сургагч багш юм.
-Үе үеийн шавь нар тань багшдаа хүндэтгэл үзүүлэхээр ирснийг хараад таныг хүүхдэд хүрч ажилладаг, тэднийхээ хайрыг татаж чадсан багш юм байна гэж бодогдлоо?
-Бидний үед багш нар сурагчтайгаа ойрхон, дотно холбогдож байжээ. Одоо ч тийм сайхан багш нар бий л дээ. Гэхдээ дийлэнх нь тийм биш, хоорондын үл ойлголцол байгаад байна уу даа гэж харагдаад байгаа. Би хими, биологийн багш хүн. Энэ мэргэжлээр зааж сургасан шавь нараас 370-аад эмч төрсөн байдаг. Би багш хүний хувьд хүүхдүүдээ өвөг дээдсийн сайхан уламжлалаар “Зөв монгол хүн” болгоё гэсэн эрмэлзэлээр зөвхөн хичээл бус амьдралын ухаанд зааж сургахыг зорьж ирсэн. Хүүхдэд алдаа дутагдалыг нь ойлгуулж, сайн талыг магтаж, чадахгүй зүйлээ сурах гэж эрмэлздэг байхыг л захьдаг. Хамгийн гол нь өөрийгөө эр, ол, тань, өөрийгөө ял, өөртөө эзэн бол гэсэн таван үгийг уриа мэт хэлж хүүхдүүүдээ хөглөж хүмүүжүүлсэн дээ. Энэ ч утгаар үе үеийн шавь нар маань зөв монгол хүн болж төлөвшсөн байна. Одоо бодоод байхад багш хүн шавь нараараа гоёж, шавь нар нь багшаараа бахархаж амьдардаг юм байна. Багш шавь гэж зүрхнээс зүрхэнд өртөөлсөн хайрын шижмээр холбоотой хүмүүс байдаг юм байна.
-“Зөв монгол хүн”-ийг төлөвшүүлэх нь шинэчлэлийн Засгийн газрын гол бодлого болоод байгаа. Зөв монгол хүн төлөвшүүлсний үр дүн чухам танд яаж мэдрэгдэж байна. Одоо та энэ талаар ямар ажил хийж байна?
Би 1973 онд УБДС-ийн хими, биологийн анги төгсөөд Хэнтий аймагт очиж 8 жил багшлаад хотод ирсэн. Ирээд 33 дугаар сургуульд багшлахдаа залуу багш нартайгаа хамтарч хүүхдийг зөв хүмүүжүүлэх талаар олон ажил хийж ирсэн. Улмаар 2002 онд “Олон Улсын Боловсрол сан” гэж байгуулагдахад ирж хамтарч ажилласанаар хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэх ажлаа үргэлжлүүсэн. Монгол ёс уламжлалыг нэгтгэж хүүхдүүддээ зөв хүн болгох олон янзын лекц сургалт, олон талт ажлыг зохион байгуулсан даа.
Үе үеийн шавь нараа хараад байхад бүгд л хоорондоо холбоотой, бие биедээ дэм тустай явдаг юм билээ. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байдгийг бодохоор ямар ч байсан хайрын орчин бүрдүүлж байсан юм байна гэсэн хайрын омогшил надад төрдөг л юм. Бие биенээ хайрлаж чадаж байна гэдэг чинь хүндэлдэг юм байна. Хүндэлж байна гэдэг чинь биширдэг юм байна. Биширч байна гэдэг чинь бие биенээ шүтэж амьдардаг юм байна. Шүтэн барилдлагын холбоо миний үе үеийн ангийнханд байдаг. Бие биедээ тохиолдсон зовлон жаргалыг хуваалцаж, дэм тустай байдаг олон сайхан үр дүн харагддаг.
-Сургагч багш гэж ямар багшийг хэлээд байна?
-Олон улсын боловсрол сан байгууллагад ажилласанаар би багш нарынхаа багш нь болж, тэдэндээ сургалт явуулддаг сургагч багш болсон. Одоо энэ байгууллага маань 10 гаруй сургагч багштай. Манай байгууллагаас ёс зүйн загвар сургууль гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 50, 57, 37, 72 дугаар сургуулиуд ёс зүйн загвар сургууль болсон. Мөн хөдөө орон нутгаас Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургууль, Өвөрхангайн Хархорины нэгдүгээр сургууль, Дорнодын наймдугаар сургууль, нэгдүгээр цэцэрлэг ёс зүйн загвар сургууль болчихоод байна. Чингэлтэй дүүргийн удирдлагууд дүүргийнх нь дөрвөн сургууль ёс зүйн загвар сургууль болсон учраас одоо дүүргээрээ ёс зүйн сургалттай дүүрэг больё гэсэн сэтгэгдэлтэйгээр энэ ажлыг дэмжиж өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн бүх сургуулийн удирдлага ирж оролцож байна.
-Сүүлийн үед эцэг, эхчүүдээс ёс зүйгүй багшийн тухай гомдол их ирдэг болсон. Багшийн ёс зүй тэгтлээ доройтоо юу эсвэл хүүхэд, эцэг эхчүүдэд буруу байна уу. Ахмад багшийн хувьд та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Багш мэргэжил бол аугаа буянтай ажил юм шүү дээ, уг нь. Ямар ч мэргэжлийн хүн бай тэр дундаа багш хүн ажил мэргэжилдээ чин сэтгэлээ өгч хандах л юм бол элдэв шүүмжлэлд өртөхгүй, бас гомдол ирэх учиргүй. Миний анзаарснаар сүүлийн үед ажилдаа түүртсэн, залхсан байдлаар ханддаг багш нар мэр сэр байдаг болчихож. Хүүхэд гэдэг цэвэрхэн цагаан цаасан дээр тод хараар, алдаагүй бичих гоё. Сэтгэл сэтгэлээ дагадаг гэгчээр шавь нартаа жинхэнэ хайраа өгч чин сэтгэлээ зориулж ажиллаж чадсан багш болгоны шавь яагаад ч тааруу байдаггүй. Тэгэхээр гээндээ ч гоондоон ч бий. Нийгмийн байдалтай холбогдон мэдээлэл нээлттэй болчихоор шавь нарын хандлага ч, багш нар хандлага ч өөр болсон цаг үе юм даа.
Ийм л цаг үед багш нарын хандлагыг өөрчлөх тухай БШУЯ ярьж эхэлж байгаа нь цагаа олсон зөв бодлого болж байна. Багш нараа үе шаттай сургалтад хамруулж хандлагыг зөв чиглүүлж байгаад багш нар баяртай байна. Тэд чин сэтгэлийн үгээ хэлж байгаа. Багш сурагчдын авьяасыг нээдэг, номтой нөхөрлүүлдэг багшийн хандлагыг өөрчилж, хөглөж байгаа нь тэдэнд зүрх сэтгэлийн боловсрол олгож байна. Зүрх сэтгэлийн боловсролтой хүн хүүхдийг үнэн сэтгэлээсээ хайрлаж ханддаг болно. Ингэснээр ёс зүйн доголдол гэж үгүй болох юм.
-БШУЯ-наас хэрэгжүүлж буй Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэр боломжтой гэж үзэж байна?
-Боломжтой. Ерөөсөө гол цөмийг нь олчихсон л гэж бодоод үнэхээр баярлаж байгаа. Хүүхэд нэг бүртээ тулж ажиллахаа больчихсон байхгүй юу. Больсон учраас л элдэв асуудал, алдаа дутагдал гараад байгаа юм. Хүүхэд өөрийнх нь төлөө эцэг, эх шиг нь хандаж байгаа сургууль, цэцэрлэгээ, багшаа матаад байгаа чинь л болохгүй байгааг хэлээд өгч байгаа юм. Тэгэхээр багшийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлээд хүүхэд нэг бүртээ тулж ажиллана гэдэг ус агаар шиг хэрэгтэй бодлого.
-Та хүүхэд нэг бүртээ ажиллаж чаддаг байв уу?
-Одоо шавь нар маань намайг хүрээлж байхаар бодоход чадаж байсан юм шиг байна. Тэр үедээ мэддэггүй байсан. Одоо ч шавь нар маань намайг сураглаж ирээд баярласан талархснаа хэлээд явдгийг бодоход хүүхдүүдэд хүрч байсны илрэл юм болов уу даа.