500 төрийн албан хаагч зээлээ авчээ | News.MN

500 төрийн албан хаагч зээлээ авчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

500 төрийн албан хаагч зээлээ авчээ

“4000 айлын орон сууц” хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдад 40 хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 8.0 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож буй. Мөн Засгийн газар 160 тэрбум төгрөгийн бонд арилжаалах шийдвэр гаргаад байгаа юм. Төрийн албан хаагчдын хувьд зээлээ авахаар боллоо ч  хамтран  эзэмшигч нь хэн байх, зээлээ хугацаанаасаа өмнө төлж болох эсэх гээд олон асуултууд гарч ирж байна. Иймд бид Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал Л.Одхүүтэй ярилцлаа.

-Одоогийн байдлаар хичнээн төрийн албан хаагч материалаа ирүүлж, зээлд хамрагдаад байна вэ?

-Хөтөлбөрийн эцэст 4000 хүнийг орон сууцаар хангасан байх ёстой. Харин одоогийн байдлаар 2400 гаруй хүн материалаа ирүүлээд байна. Гэвч ихэнх нь байраа сонгоогүй байгаа. Байраа сонгосон төрийн албан хаагчдаас 500 гаруй хүнд зээл олгох шийдвэрийг Зээлийн хороо гаргаснаас тал хувийнх нь зээлийг барилгын компаниудад нь шилжүүлсэн.

-Яагаад тал хувьд нь зээл олгосон юм бол?

-Үүнд бодитой олон шалтгаан байгаа. Зээлийн хороо зээл өгнө гээд шийдсэний дараа барилгын компанид энэ шийдвэрийн талаар мэдэгдэнэ. Барилгын компани нь тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг төрийн албан хаагчийн нэр дээр гаргаж өгсний дараа зээлийн болон барьцааны гэрээ, даатгалын гэрээ байгуулна. Тэгээд зохих эрх бүхий байгууллагад бүртгүүлсний дараа сая зээл олгох эрх үүсэх юм. Мөн зээлдэгчийн ажиллаж байгаа төрийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ёстой. Зарим зээлдэгч төрийн албан хаагч нар маань шийдвэрээ гаргуулаад тайвшрах, амралтаа авахаараа хөөцөлдөе гэх зэргээр хойш тавьчихдаг олон шалтгаан байна. Бид Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай манай зээлдэгчдийн асуудлыг нэмэлт төлбөргүйгээр хурдан шуурхай шийдвэрлэж өгч байх талаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа.

-Хамтран зээлдэгч гэж хэнийг хэлж байна. Ямар хүн байх ёстой вэ. Заавал гэр бүлийнх нь хүн байх уу. Тухайлбал ганц бие хүн байлаа гэхэд хамаатан садан, ээж ааваа ч юм уу хамтран зээлдэгчээр бүртгүүлж болох уу?

-Болно. Нэг өрхөд хэдэн ч хүн байж болно. Тухайн төрийн албан хаагчийн яг өөрийнх нь цалин сар бүр зээл төлөхөд хүрэлцэхгүй байгаа боловч өрхийн нийт орлого нь хангалттай байх тохиолдол байна. Мөн хүний амьдралд 20 жилийн хугацаанд юу ч тохиолдож болно шүү дээ. Энэ мэт утгаар аваад үзэхэд хамтран зээлдэгч байх ёстой болж байгаа юм. Хамтран зээлдэгч Хамтран зээлдэгч зээлээс төлөлцөнө, үндсэн зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд бүрэн төлнө. Товчхондоо үндсэн зээлдэгчтэй яг адилхан үүрэг хүлээж байгаа юм.

‑Нийслэлд ажилладаг төрийн албан хаагч квотоо авчихсан бол хөдөө орон нутагт байраа сонгож болох уу?

‑Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хаана ч орон сууцаа сонгох боломжтой. Түүнээс биш, аль нэг албан газар,байгууллага хаана ч орон сууц сонгоход нь нөлөөлж болохгүй. Гагцхүү шинээр барьсан, улсын комисс хүлээн авсан барилга л байх юм бол өрхийн орлого, зээл эргэн төлөх чадвартаа нийцүүлээд орон сууцаа өөрөө сонгоно.

-Урьчилгаа төлбөр 10 хувь өгнө гэж байгаа. Орон сууцных үнэ нь 40 саяас илүү байвал яах вэ?

-Жишээ нь, зээлдэгч 60 сая төгрөгийн байр сонголоо гэж бодьё. OCCK 40 хүртэлх сая төгрөгийн зээл өгөх боломжтой. Тэгэхээр зээлдэгч өөрөө 60 сая төгрөгийн 20 саяыг нь барилгын компанид төлчихөөд бидэнд хандана. Хэрвээ 40 сая төгрөгийн байр сонгосон бол 10 хувь нь буюу дөрвөн сая төгрөг төлнө. Энэ мэтчилэнгээр орон сууцны нийт үнийн 10-аас доошгүй хувийг барилгын компанид төлсөн байх ёстой. Зээлдэгчтэй холбоотой эрсдэл, нөхцөл байдлаас хамаараад Зээлийн хороо илүү өндөр хувийг нэмж төлөхийг шаардаж болно.
 
-Зээлийн нөхцөлд банкнаас уян хатан байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Банк шиг хатуурхахгүй байгаа гэсэн миний үгний цаана банкийг буруутгах, шүүмжлэх санаа ер байхгүй шүү. Банкийг би маш сайн ойлгож байна. Эрсдэлээ өөрсдөө даагаад явдаг, шалгадаг, хянадаг байгууллагуудаас нь шаардлага тавьдаг. Бид уян хатан ажиллаж байна гэдэг маань ч бас өөрсдийгөө магтаж байгаа хэрэг огт биш. Бидний зорилго, нөхцөл байдал, ажлын шаардлага, агуулга маань зарим талаар ялгаатай байгааг л хэлж байгаа юм. Бид Засгийн газрын хөтөлбөрийг түргэн шуурхай, агуулга зорилгын хувьд амжилттай хэрэгжүүлэх үүднээс аль болох зээл хүсэгчээс илүү, дутуу, хэрэгтэй, хэрэггүй зүйл нэхэхгүй, чирэгдүүлэхгүй, зөвхөн бичиг цаас, тоон үзүүлэлтэд шүтэж, яс хатуурхахыг бодохгүй байгаа юм. Үүний цаана төр засгийн бодлого, хүний амьдралын асуудал зэрэг олон бодох зүйл байна. Ирээдүйд энэ хүн ажлаа хийгээд явж чадах уу, цалин нь нэмэгдэх үү зэрэг талаас нь бодитой бодолцож үзэх хэрэгтэй л дээ. Тиймэрхүү хүчин зүйлс байвал тооцоод аль болох төрийн албан хаагчдыг дэмжиж байгаа юм. Гэхдээ заавал бүрдүүлэх шаардлагатай зүйлсийг зээлдэгч бүрдүүлж өгөх ёстой, бид ч хатуу шаардана. Зарим зээлдэгч төрийн албан хаагчийн гэр бүлийн хүн нь хувийн компанид ажилладаг, түүнийх нь нийгмийн даатгал бодит байдлаас багаар төлөгддөг, компанийнх нь тайланд байгаа ашиг мөн маш бага байх зэрэг асуудлууд гараад байх юм. Бид бодит байдлыг ойлгож ажиллахыг ойлгож байгаа ч энэ мэт хууль бус явдалтай эвлэрэх ёсгүй.  Тэр хүний орлого цаасан дээр байгаагаас их байдаг байж болно. Гэхдээ түүнийгээ хуулийн хүрээнд нотлох ёстой, энэ бол зээл хүсэгчийн үүрэг.

-Зээл төлж эхэлснээс хойш боломжтой үедээ төлбөрөө ихээр төллөө гэхэд зээлийн хугацааг багасгаж, хүүгийн алданги тооцох уу?

-Зээлээ хугацаанаас нь өмнө төлж болно. Ямар нэг илүү нөхцөл, төлбөр, торгууль яригдахгүй. 

Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-26 180.235.175.217

Gar hatgamal chingiss khaanii khurug zarah buyu borluulj chadah huntei hamtran ajillana Bilguun_t88yahoocom oor holboo barina uu

Avatar

zochin 2010-05-26 182.160.43.224

zeeliig ih saikhand bodoj bolokhgui shuu

Avatar

house zarna 2010-05-26 202.170.64.41

BZD gachuurt baga huaindain amand 1212 hemjeetei 7 uruu buhii 2 davhar buh asuudliig n shiidsen house zarna gazar tegh eruul 2-3 uruu bair oroltsuulj bolno unee tohiroltsono 99015545 99199688

Avatar

namja 2010-05-26 125.39.155.10

huu n hed yum bee ali ali bank shiidej bna buren medeelel oruulbal bayrlah bna da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж