Дизелийн үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Дизелийн үнэ нэмэгдлээ

Дизель түлшний үнэ 95 төгрөгөөр нэмэгдэж, 1395 боллоо. Импортлогч компаниуд нефть бүтээгдэхүүний хилийн үнэ тонн тутамдаа 31-76 ам.доллараар нэмэгдсэн, Засгийн газрын зүгээс татварын орчноор зохицуулалт хийгээгүй учир хэмээн тайлбарлаж буй. Энэ асуудлын талаар Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нефть бүтээгдэхүүн им­­­­порт­логч компаниуд тат­варын зохицуулалт хийж өгөх хүсэлт гаргасан. Зохицуулалт хийгээгүй учир өнөөдрөөс ди­зелийн үнийг шууд 95 төг­рөгөөр нэмлээ. Яагаад тат­варын зохицуулалт хийхгүй байгаа юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар татварын зохицуулалт хийх эсэх талаарх асуудлыг авч хэлэлцсэн. Тавдугаар сарын хилийн үнэ  А80 дээр 31, АИ 36 , дизель түлш дээр 76 ам.доллараар нэмэгдэж ирсэн. Үүнтэй холбогдож Неф­ть Хийн Ассоцциацийн гишүүн компаниуд төрөл тус бүр дээр үнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрснээ Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд мэдэгдээд байсан юм. Харин “Магнай трейд” ком­пани үнээ нэмэхгүй байх болол­цоотой гэдгээ мэдэгдсэн байсан. Тиймээс нэг компани үнэ нэмэхгүй байх бололцоотой байхад татварын зохицуулалт хийх шаардлагагүй хэмээн Засгийн газар үзсэн юм.

Компаниуд дизель түлшээ 1395 төгрөгөөр худалдаж бай­гаа бол “Магнай трейд” үнээ нэмээгүй байгаа.

-А80, АИ92 бензиний үнэ нэмэгдэх үү. Энэ талаар компаниуд танайд мэдэгдсэн үү?

-Дизель түлшний үнийг 95 төгрөг бусад бензиний үнийг тус бүр 50 төгрөгөөр нэмэхэд хүрсэн тухайгаа бидэнд мэдэгдэж байсан. Харин өнөөдөр зөвхөн дизелийн үнийг л нэмсэн байгаа, бусдынх нь үнэ хэвээрээ байгаа.

-Дизель түлшний үнийн өсөлт нь нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбарынханд хүнд тусах нь дамжиггүй. Үнийг хэвийн байлгах ямар нэгэн зохицуулалт хийхгүй юм уу?

-Энэ үнэ бол тавдугаар сарын л үнийн асуудал. Сарын сүүлчээр “Роснефть” компани зургадугаар сард ямар үнээр шатахуун нийлүүлэх вэ гэсэн үнийн саналаа ирүүлнэ. Үүнийг харж байж Засгийн газар татварын ямар зохицуулалт хийхээ шийднэ.

Ер нь онцгой албан татвар гэдэг бол үнийг тогтвортой байлгах зорилготой. Нефть бү­тээг­дэхүүний хилийн үнэ өсвөл энэ татварыг буулгаж, буурвал татвараа нэмэх учиртай. 

-Одоо нефтийн бүтээг­дэхүүн дээрх онцгой албан татвар хэд байгаа вэ?

-Тонн тутамд А80 дээр 80 000, АИ 92 дээр 120 000, дизель түлш дээр 115 000 төгрөг гэсэн татварыг мөрдөж байгаа.

-Манай компаниуд бүг­дээрээ нэг үүсвэрээс шатахуун, дизель түлш импортолдог. Яагаад “Магнай трейд” үнээ нэмэхгүй байх бололцоотой байгаа юм бэ?

-Компанийн өөрийнх нь асуу­дал  юм л даа. Бүтээг­дэ­­­­­­­­­­­хүүнээ арай хямд байхад нь ахиухан аваад нөөцөлсөн байж болно. Компаниудын ашгийн хувь өөр өөр, олон сая ам.долларын хүүгийн зардал гэх мэт тухайн компанийн санхүүгийн асуудалтай холбоо­той. Энэ бидний мэдэх, манай байгууллагад хамаарах асуудал биш юм л даа.

-Импортлогч компаниуд үгсэж байгаад нэгэн зэрэг ижил хэмжээгээр үнээ нэмдэг гэж хардах нь бий. Тэд яг ижил үнээр худалддагтай холбоотой байх?

-Манай улс зах зээлд шилжээд 20 орчим жил боллоо. Хувийн компаниудыг үнээ тэд болго, ийм байлга гэж хэлэх учиргүй шүү дээ. Харин үнийг тогтвортой байлгахын тулд татварын орчноор зохицуулалт хийхийг Засгийн газар хичээж байна. Компаниуд ижил үнэтэй байгаа нь тухайн салбарын биз­несийн онцлог юм. Зэрэгцээд байрлаж буй шатахуун түгээх станц тус бүр өөр үнэтэй бол аль хямдханаас нь хэрэглэгч авна. Яг л ийм байдлаар шатахууны үнийг компаниуд тогтоож байгаа. Энэ салбарт өрсөлдөөн байна гэдгийг энэ сарын үйл явдал харуулж байна гэж хэлмээр байна.

Монгол улс сард 60 мянга орчим тонн нефть бү­тээг­дэхүүн импортолдог. Үүний 40 хувийг дизель түлш эзэл­дэг юм байна. Ихэвчлэн бөө­ний борлуулалттай бай­даг бол харин А80, АИ92 нь жижиглэнгээр илүү борлуу­лагддаг ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж