Үнийн хөөрөгдөл нөөцийн махнаас үүдэлтэй юм биш үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Үнийн хөөрөгдөл нөөцийн махнаас үүдэлтэй юм биш үү?

Махны үнэ тэнгэрт хадаж, хөгшдийн даралт ихсэх хаврын урт өдрүүд дуусах яагаа ч үгүй байна. Цас, зуднаас арайхийн амьд үлдсэн мал ногоонд цадаж, тарга хүч суухад дахиад хоёр сар лав хэрэгтэй болно. Ийм нөхцөлд малын махыг юугаар орлуулж, өртөг багатайхан хүнс хэрэглэх вэ гэсэн бодолд эзэгтэй нар дарагдаж эхэллээ. Килограмм мах 7000-д хүрнэ /үхрийн цул мах 6800 төгрөгийн үнэтэй байгаа/ гэдэг хүн амаасаа хэд дахин олон малтай манай улсад дэндүү ахадсан үнэ. Махны үнийг ийн өсөхөд ченжүүдийг буруутгах хүн олон байна. Малчны хотоос хямдхан үнээр авсан махаа хотод авчран хэд нугалж зардаг хамгийн ашигтай наймаа мах гэнэ. Сүхбаатар аймгийн хонь илүү нугаламтай, тарга тэвээрэг сайн авдгийн  дээр таана, хөмүүл элбэгтэй учир мах нь амттай. Цагаан сарын ууц болгон Сүхбаатарынх болчихдог нь ийм учиртай. Хамгийн, хамгийнд тэргүүлсэн Сүхбаатар аймгийн малчид л гэхэд хонины махаа нэг кг тутмыг нь 700-800 төгрөгт бодож махны үйлдвэрүүд болоод ченжүүдэд өгдөг ажээ. Малчдаас мах худалдан авсан үнээ нийслэлд хэд дахин үржүүлэн зарж буй  ченжүүдийн овсгоо самбааг бахдахаас яалтай. Мэдээж тээврийн болоод бас бус зардал гарч таарна. Гэвч улс гүрэн дамнасан худалдаа ч ингэж үржүүлэхийн хүрдээр өсдөггүйг хэн бүхэн мэднэ.

Тэдний наймааны нарийн ухааны буянаар эгэл жирийн хэрэглэгчид халаас нимгэн, ходоод хөнгөн, сэтгэл гундуу хаврыг үдэж зунтай золголоо. Харин манай төр засгийнхан ч яг ченжүүдтэй адил хялгасан санаа, шидэмсэн ухаан гаргасаар байгааг юу гэж ойлгох хэрэгтэй юм бол? Малчид ченжүүдэд махаа 700-800 төгрөгөөр өгчихөөд нөөцийн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд илүү үнээр худалдаагүй нь лавтай. Мах бэлтгэлээр гаршсан зарим хүмүүсийн батлан хэлж байгаагаар нөөцийн махыг хичнээн алсаас авчирсан ч өртөг зардал нь нэг кг тутамд 1100-1200 төгрөгөөс хэтэрдэггүй байна. Тэгвэл махны үнийг хөөрөгдсөн буруутанг ченжүүдээс биш, нөөцийн мах бэлтгэлээс, цаашилбал нийслэлийнхнээс, төр засгийн бодлого боловсруулагчдаас хайх хэрэгтэй болж байгаа биз.

Нөөцийн махны үнийн босгыг хэт өндөр буюу 2900 төгрөгөөр тогтоосноос энэ хавар мах үнэд орсон гэж ченжүүд ч хэлж байна. Цас зуд, цаг агаарын таагүй байдал дээр нь нэрмээс болсон хэрэг л дээ. Урьд нь жил тутам 7000 тонныг бэлтгэдэг байсан нөөцийн махны хэмжээг энэ жил 2800 тонн болгон бууруулсан нь гайхалтай. Цаг агаарыг сар, улирал, жилээр урьдчилан тооцоолдог болсон өдгөө цагт харалган гэхэд ч багадсан шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдтэй хэрхэн хариуцлага тооцох нь өнөө хэр тодорхойгүй. Өдөртөө балгахан шөл буцалгаад уучихаж чадахгүйгээс хичнээн хөгшид цагаасаа эрт дорой тож, хэдэн багачууд өлөн зэлмүүн явж, эрүүл саруул өсч торних эрх нь зөрчигдөж байгааг тооцох боломжгүй нь хариуцлага нэхэх гарцыг хаасаар байна. Багачууд, настнаа асран тэтгэх нь тухайн гэр бүлийн асуудал мэт харагдавч бусдыг асрах нь байтугай сэтгэл амар ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй байгаа нь тэгвэл хэний буруу байх вэ. 2008 оноос хойш амьжиргааны өртөг зардал гурав дахин нэмэгдсэн байтал цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ хуучнаараа байгааг үхэр тэргээр туулай гүйцэхийн үлгэртэй адилтгаж болох бус уу. 

Нөөцийн мах энэ сарыг дуустал хүрэлцээтэй гэж албаны эх сурвалжууд мэлзсээр байгаа ч 167 цэгээс тун цөөн нь махаа худалдаж байна. Ихэнх газрын борлуулагч нар “Нөөцийн мах хэдийнэ дууссан шүү дээ” хэмээн өгүүлж байна. Нөөцийн мах дуусмагц махыг багаар бодоход л кг тутмыг нь 3900 төгрөгөөр худалдан авах болно. Гэхдээ энэ бол ямааны махны үнэ. Харин адууны мах 4200-4500 төгрөгт хүрсэн гээд бодохоор мах идэхэд үнэхээр хэцүү үе иржээ. Нийслэлчүүдийн хичнээн хувь нь оройн хоолгүй өнжихийг таашгүй нь. Цатгалан нь өлсгөлөнгөө таньдаггүйн үлгэрээр дарга даамлуудад бол инээдтэй сонсогдох байх л даа. “Арчаагүйдээ хоосон хонож байгаа юм” гэх эвэртэн тууртан цөөн биш байгаа гэж мөрийцсөн ч яахав. Махны үнэ тэнгэрт хадаж, монголчууд цагаан хоол руу хошуурсан хавар цаг ганц үүгээр өндөрлөөсэй гэж залбирч буй хүн олон байна. Хойшдоо яах вэ дор дороо залбирсаар байдал улам дордсоор л байх уу. Малын мах үнэд ормогц нөхөж, орлох аж ахуй өнөө хэр алга байгаа нь үнэхээр харамсалтай. Гадаад орнуудад бол гахай, тахианы мах хамгийн хямд байдаг. Гэтэл манайд мөн л эсрэгээрээ.  “Зургаан хошуу”, “Траст трейд”, “Коре алмаз”, “Гроватз” гээд тоолбол цөөхөн хэдэн гахайн аж ахуй гайгүй амжилттай ажиллаж байна. “Бөхөг”, “Түмэн шувуут” тэргүүтэй шувууны аж ахуйтан бүр ч цөөн. Гэтэл малын тоо толгой жилээс жилд буурч, бэлчээрийн даац багассаар байгаа өнөөгийн нөхцөлд гахай, шувууны аж ахуйг дэмжихийн сацуу эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Хуучин цагт бол сүү махны чиглэлийн ферм, шилмэл шилдэг омгийн мал аймаг болгонд байсан. Харин одоо нийт малын ердөө 4.1 хувийг цэвэр үүлдрийн, 1.5 хувийг эрлийз үүлдрийн, 1.7 хувийг нутгийн шилдэг омгийн мал, 4.1 хувийг сайжруулсан нутгийн үүлдрийн мал тус тус эзэлж байна гэсэн тоог салбарын яамнаас гаргажээ. Эрчимжсэн мал аж ахуй бол  улсын хэмжээнд мянга орчим бий гэнэ. Тиймээс  сайн үүлдрийн малын тоо толгойг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тэжээлийн ургамал тариалах зайлшгүй шаардлага гарч ирж байгааг мэргэжлийнхэн онцолж байгаа юм. Бэлчээрийн өвсөө хадах төдийгөөр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлдэггүйг олон улсын туршлага бэлхнээ харуулж байна. Эргэх хорвоо ээлжтэй, нэгэн цагт мал өсч, мах хямдарна гэж тайвшралгүйгээр мал аж ахуйн салбараа өөд нь татах цаг ирснийг зудтай жилийн хахир хавар анхаарууллаа. Эгэл эзэгтэйн гал тогоо хоол ундаар элбэг байх эсэх нь улсын бодлогоос  хамаардаг болохоор ийн олныг нуршсан билээ.

Д.Цээпил 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж