Монголын анхны ургийн бичгийн цахим хуудас, програм хангамж
Удам судраа үл таних нь алдарч завхарсан хүүхэд лугаа адил
“Хуучны үг”
Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, цэцэглэж мандахын хувь заяанд Монгол улсын иргэн бүр хувь нэмрээ оруулах учиртай. Жинхэнэ эх оронч үзэл хэмээх нь ургийн бичиг, удмын түүхээ хөтөлж үр хойчдоо залгамжлуулан үлдээхээс эхэлмүй. www.urgiinbichig.mn цахим хуудас нь сонирхсон бүхэнд ач тусаа өгч, улмаар айл гэр, овог удам, бүр цаашлаад улс үндэстний удам угсааг ариунаар залгамжлахад хувь нэмэр болох зорилготойгоор 2013 оны 1-р сарын 1-ний өдөр нээгдсэн билээ.
Цахим хуудас нь ургийн бичиг, удмын түүхийн тухай ойлголтыг мэдээлэх, яагаад залуу гэр бүлд чухал болохыг сануулах, ураг төрлийн нэрийн зүйлийг иргэдэд таниулах, овог удмаа ариун нандин байлгах, хөгжүүлэх, хамгаалах, эхийн хэвлийд зөв ураг бий болгох, түүнийг зөв бойжуулах, хүүхэд эсэн мэнд мэндэлсний дараагаар түүнийг овог удмаа залгамжилсан сайн хүн болгож хүмүүжүүлэх тухай мэдээлэл, мэдлэгийг залуучууд болон залуу гэр бүлд, иргэдэд өгөхөөр зорин ажиллаж байгаа бөгөөд цааашид энэ чиглэлд сэтгэл нэгдэн, хамтын оюунаар цахим ном-гарын авлагыг бүтээхэд цахим хуудас нээлттэй билээ.
Ургийн бичиг, удмын түүхтэй холбоотой өөр нэг асуудал нь ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх, бүртгэлжүүлэх явдал юм. Ургийн бичиг, удмын түүхийг “Ургийн мод”, “Угийн хүрээ” төдийгөөр хэтэрхий товч тоймлон үзүүлэхэд хүндрэлтэй бөгөөд түүнийг дэлгэрүүлэн цахим хэлбэрт оруулах буюу програм хангамжийг ашиглан хэрэглээнд оруулж хэвшүүлэх нь чухал юм. Үүний хүрээнд ургийн бичгийн програм хангамжийн туршилтын хувилбарыг олон түмэндээ толилуулж байгааг манай цахим хуудаснаас сонирхож болох бөгөөд ургийн модны зураглал, гишүүдийн товч мэдээлэл, намтар түүх, тэмдэглэл, зураг, видео, эрх зүйн акт, амжилт бүтээл гэх мэт хувь хүнтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг оруулах бололцоотойгоос гадна эдгээр мэдээлэл нь таны компьютерт хадгалагдах болно.
Цахим хуудсандаа ургийн бичиг, удмын түүхээс гадна ахмад үеэ хүндлэх, дүү нараа асарч хамгаалах ариун ёсыг эрхэмлэх, уян зөөлөн, хүнлэг цагаан сэтгэлтэй, монгол хүн монгол хүнээ хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг эгэл журмын дагуу залуу хүний хүнлэг ёсны дээд чанар өвөг дээдсээс уламжлалтай монгол ёс заншлаа сэргээх, хойч үеэ зөв хүн болгож хүмүүжүүлэх зэрэг мэдээллээр цахим хуудсаа баяжуулж Та бүхний оюуны мэлмий, хойч үед тань нэмэр болохоор зорин ажиллаж байна.
Мөн www.urgiinbichig.mn цахим хуудас нь дэлхийн хэмжээний олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох www.facebook.com/urgiinbichig, www.twitter.com/urgiinbichig, www.youtube.com/urgiinbichig зэрэг хуудсуудад өөрийн хуудсаа үүсгэн олон түмэнтэйгээ санал бодлоо хуваалцан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Facebook хуудасны найзууд 758-д хүрээд байна. Та манай Facebook хуудсанд өөрийн овог удмын группыг үүсгэж болох ба түүгээр дамжуулан дэлхийн аль ч өнцөг буланд байгаа өөрийн ураг төрөлтэйгээ холбогдох, зураг, видео болон мэдээллээ хуваалцах, YouTube хуудсанд өөрийн ураг төрөл, ургийн баяртай холбоотой бичлэгийг тавьж энэ чиглэлийг олон түмэндээ сурталчилах, таниулахад өөрийн тусаа хүргэх боломжтой юм.
www.urgiinbichig.mn цахим хуудсанд өнөөдрийн байдлаар буюу сар гарны дотор зочилсон хэрэглэгч, уншигчийн тоо 5000 орчим байгаа бөгөөд АНУ, Өмнөд Солонгос улс, Япон улс, ХБНГУ, ОХУ, Австрали улс, Белги улс, Латви улс, Сингапур улс зэрэг 40 гаруй орнуудаас зочид холбогдоод байна.
Иймд www.urgiinbichig.mn цахим хуудас нь богино хугацаанд олон нийтэд хүрч, цаашид Монгол улсынхаа гэр бүл, иргэн бүрт ургийн бичиг, удмын түүхийн цахим гарын авлага болж, хишиг буян түгээхээр ажиллаж байгаа бөгөөд цааашид энэ чиглэлд сэтгэл нэгдэн, хамтын оюунаар баяжуулж хойч үедээ үлдээхэд хамтран ажиллах хүсэлтэй ААН, иргэдэд нээлттэй цахим хуудас юм.