Дээрхийн гэгээн XIV Далай лам

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Дээрхийн гэгээн XIV Далай лам

Дээрхийн гэгээн XIV Далай лам нь Түвдийн болон Түвдийн иргэншлэлийн бүс болоод Монгол, Буриад, Тува, Халимаг, Бутан, Балба зэрэг орнуудад зонхилдог бурханы шашны тэргүүн юм.  Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд өмнөх XIII Далай лам нас барснаас хойш хоёр жилийн дараа төрсөн байна. Есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү нь Далай лам байсан бөгөөд төрөхөд нь Лхам Донров гэх нэрийг хайрлажээ. 1937 онд Далай ламын хойд дүрийг тодруулах эрлийнхэн  тэдний гэрт очиж шалгаад XIII Далай ламын буюу өмнөх 13 дахь гэгээнтний хойд дүр  гэж тодруулжээ.

Шинэ Далай намын төрсөн нутаг нь тэр үед Хятадын хяналтад байсан ба Түвдийн засаг захиргаа орон нутгийн эрх баригчидтай гэрээ хэлэлцээр хийж байгаад түүнийг Поталод 1939 оны аравдугаар сард авчраад 1940 оны хоёрдугаар сарын 22-нд Далай ламын сэнтийд залжээ. Цэцэн Жамбал Нагваан Иш Дэнзэн Гочоо  нэр авч шашны уламжлалт сургаальд суралцаж эхэлсэн байна. Түүний хоёр багш рэнбүүчий нар сэтгэн бодох, Түвдийн урлаг ба соёл, санскрит, анагаах, буддын гүн ухаан гэх “таван том шинжлэх ухаан”, “таван жижиг шинжлэх ухаан” гэгдэх яруу найраг, хөгжим, драмын урлаг, зурхай, илтгэх урлаг зэрэгт суралцаад 24 насандаа гурван том хийдийн их сургуульд урьдчилсан ном хаялцалт хийжээ. Тэрээр төгсгөлийн шалгалт болох ном хаялцалтаа 541 онд байгуулагдсан Түвдийн тэргүүн хийдэд 20 мянган лам нарын өмнө хийж гэвш лхарамба цол авсан байна.

Суралцаж байхдаа дөнгөж 15 насандаа 1950 оны арваннэгдүгээр сарын 17-нд Далай лам Түвдийн Үндэсний ассамблейн хүсэлтээр улс төрийн бүрэн эрх авч Түвдийн Засгийн газар ба төрийн тэргүүн болсон байна. Хятадын ардын чөлөөлөх арми Түвдэд орж ирсэн учраас тэр үүнийг хийх болжээ. 1951 онд Түвд-Хятадын хэлэлцээр байгуулагдан Түвд улс Хятадын бүтцэд багтлаа. 1950-1959 онуудад XIV Далай лам Хятадын засаг захиргаатай зэрэгцэн орших оролдлогуудыг хийж иржээ. Тэр 1951-1959 онуудад Бүх Хятадын ардын зөвлөлдөх хорооны гишүүн, 1954-1959 онуудад Бүх Хятадын ардын төлөөлөгчдын хурлын депутат, 1953-1959 онуудад БНХАУ-ын бүтцэд Түвдийн автономийн районыг байгуулах зохион байгуулах хорооны дарга ба Хятадын буддистуудын нийгэмлэгийн тэргүүн байжээ.

1950-иад оны дунд үеэс Түвдэд Хятадын эсрэг хөдөлгөөн эхлэн 1959 онд зэвсэгт бослого гарсан юм. Хятадын эрх баригчид бослогыг харгислан даржээ. 1959 оны гуравдугаар сарын 17-нд Далай лам Энэтхэгт дүрвэн гараад Дарамсала хотод амьдарч байна. Далай ламыг даган Түвдийн буддизмын элитууд дүрвэсэн байна. Эрдэмтэн лам нар хийд, дацангийн тэргүүд Далай ламын амьдарч байгаа нутагт суурьшсан билээ.


Энэтхэгт Далай лам Түвдийн хөөгдмөл Засгийн газрыг байгуулан удирдсан ба дүрвэгсдийн хүүхдүүдийг сургах сүлжээ болох Урлагийн институтууд ба Түвдийн судалгааны дээд төвийг бий болгосон байна. Дээрхийн гэгээнтэн буддын зарчим ба Хүний эрхийн түгээмэл тунхагт тулгуурласан ардчилсан Үндсэн хуулийг ирээдүйн эрх чөлөөт Түвдийн загвар болгон 1963 онд тунхагласан байна. Далай лам өрнө, дорнын 40 орчим орноор айлчлан шашин, соёл урлаг, бизнесийн  төлөөлөгч нартай харилцаа холбоо тогтоожээ. Дээрхийн гэгээнтэн Түвдийн гүн ухаан ба шашны номнолоор олон ном бичсэн байна. Түүний зүтгэлд нь 1989 онд Нобелийн энх тайвны шагнал олгож байлаа. Мөн Азийн  Нобель гэгдэх Хүний эрхийн төлөөх Филиппины Магсейн шагналыг Далай лам авсан юм. Дээрхийн гэгээн Америкийн хүмүүнлэгийн Альберт Швейцарийн шагнал, Германы Леопольд Лукхмын шагнал, АНУ-ын “Цөмийн зуун” сангийн “Энхийг сахиулах үйлсийн тэргүүлэгч” шагнал, Энэтхэгийн Үндэсний энхийн бага хурлын “Энх тайван ба эв нэгдлийн төлөө” шагнал,  Германы Сарториусын сангийн тэргүүн шагнал, АНУ-ын Конгрессийн Алтан медаль зэрэг нэр хүндтэй шагнал авч байжээ.  1994 онд Орост айлчлан  “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнагдан Төрийн думд нь үг хэлж байсан түүхтэй. Канад улс 2006 онд Далай ламыг хүндэт иргэнээ болгож байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж