Тамхиа 50 мянгаар татаарай

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Тамхиа 50 мянгаар татаарай

Та “ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО” гэсэн газар тамхи татаж байсан уу? Ийм бичиг хаа нэгтээ харагдаж л байдаг. Хажууд нь тамхиа баагуулж л байдаг шүү дээ. Хамгийн наад захын жишээ дурдахад автобусны жолооч нар байна. Нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татахыг хориглоно гэсээр байтал тэд хээв нэг тамхи татаад л явцгаадаг.

Тэгвэл маргааш өглөөнөөс эхлэн, тамхи хориглосон бичиг, тэмдэг бүхий газруудад ганцхан ширхэг тамхийг 50 мянган төгрөгөөр татна. Шинэчлэн найруулсан Тамхины хяналтын тухай хуулинд ингэж заасан гэдгийг та мэдсэн биз ээ. Магадгүй мэдээгүй яваа нэгэндээ дамжуулснаар 50 мянган төгрөгөөр торгуулахаас урьдчилан сэргийлж болох юм.

Тамхины хяналтын тухай хуулийг давуу талаа болгон ашиглаж, тамхинаас гарахаар шийдсэн олон хүн байна. Тэднийг дэмжиж буйгаа илэрхийлэн, өнөөдөр Сүхбаатарын талбайд 100 орчим оюутан тайванаар жагслаа. Өөрийн болон өрөөлийн эрүүл мэндэд санаа тавьсан тэдгээр оюутнуудыг урамшуулж, Эрүүл мэндийн дэд сайд Э.Амарсанаа өргөмжлөл гардуулж байгаа харагдсан.

Тамхи татахыг хориглосон тэмдгийн загварыг Эрүүл мэндийн яамнаас шинэчлэн баталсан. Энэхүү тэмдэг дээр "Тамхины хяналтын тухай хуулийн 9.1 дэх заалтыг зөрчсөн …иргэнийг 50000 төгрөг, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр… торгоно” гэжээ. 

Тэгвэл Тамхины хяналтын тухай хуулийн есдүгээр зүйлийг та бүхэндээ дахин сануулъя. 

9 дүгээр зүйл. Утаат тамхи татахыг хориглох
9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:
9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;
9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;
9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;
9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;
9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;
9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин;
9.1.7.агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;
9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

Хууль хэрэгжихийн өмнөх өдөр …




Тамхины хяналтын тухай хуулийн талаар иргэд ямар бодолтой байгааг сонирхлоо. Иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэдний төлөөлөл болгон доорх хоёр иргэний үзэл бодлыг хүргэе.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г.Гончиг:

-Тэр
хуулиар далимдуулж, тамхинаас гарах бодолтой байна даа. Дэмжиж байна.
Тамхи татах газрыг тогтоогоод өгчих хэрэгтэй. Түүнээс өөр газар татвал
хуулийн дагуу шийтгүүлэхэд гомдох юмгүй.



БЗД-ийн 22 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэбат :

-Энэ хуулийг батлагдсаныг сонсоод хэтэрхий амьдралаас тасархай зүйл болж дээ гэж бодож байлаа. Гэхдээ тамхидалтыг цэгцлэх төр засгийн нэгдсэн бодлого байх нь зүйтэй. Дэмжиж байна. Дам тамхидалт гэдэг чинь хүнийг хамгийн ихээр хордуулдаг гэдэг. Тэгэхээр тамхи татдаггүй иргэдээ хамгаалах нь төрийн бас нэг үүрэг байж болох шүү дээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж