Агаарын хөлгүүд газарт “уяатай” өнжлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Агаарын хөлгүүд газарт “уяатай” өнжлөө

Өчигдрийн байдлаар МИАТ компаний Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгийг цуцлаад байна.

Монголын агаарын тээврийн түүхэнд гарч байгаагүй ноцтой мэдээлэл өчигдөр өглөө нийтэд цацагдлаа. Энэ бол МИАТ компанийн ажилчид онгоц “барьцаалав” гэсэн утга бүхий ”сенсаац” байсан бөгөөд хэвлэлийнхний авсан эхний бодит мэдээлэл нь өчигдөр өглөө Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нисэх байсан МИАТ компанийн онгоцны нислэг саатсан тухай байв. Өчигдөр өдрийн турш олны анхаарлын төвд байсан энэ үйл явдлын эргэн тойронд өрнөсөн үйл явдал, онгоц саатахад хүргэсэн зөрчил маргаан, шалтгааны талаар эх сурвалжуудын байр суур, холбогдох бодит мэдээллийг хүргэж байна.

МИАТ компанийн нислэг саатах болсон гол шалтгаан нь тус компанийн Техникийн газрын 94 ажилчин /Ажлаас халагдсан Техникийн газрын ерөнхий менежер Ё.Энхтөрөөс гадна/ ажлаас гарах өргөдлөө өгсөнтэй холбоотой. Гэхдээ техникийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын агаарын тээврийн толгой компанийн нислэгийг саатуулахдаа хүртэл даамжирсан үйл явдлын эхлэл энэ оны дөрөвдүгээр сараас эхтэй юм. Тодруулбал, МИАТ-ын Техникийн газрын ажилчид 2009 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус компанийн А310 агаарын хөлгийн их засварын ажлыг эхлүүлжээ. Төлөвлөгөө ёсоор уг онгоцны засварыг дөрөвдүгээр сарын 30-нд дуусган, хүлээлгэж өгөх байсан ч ердөө нэг өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 29-нд агаарын хөлгийг жинлэж дуусаад, газар буулгах явцад холбогч мултарч, агаарын хөлгийн гурван хэсэгт гэмтэл гарсан байдаг. Тухайн үед онгоцны баруун далавчны доод хэсэгт нүх гарсан, зүүн далавчны нээлхий гэмтсэн, хошууны доод хэсэгт хонхойж гэмтсэн гэхчлэн гурван гэмтэл гарсан гэдэг бөгөөд онгоц гэмтсэний хариуцлагыг Техникийн газрын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтийг Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороо, МИАТ ХК-ийн ТУЗ-ээс гаргаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн байна. Ингээд хариуцлага хүлээлгэх хүмүүсийн нэгд Техникийн газрын ерөнхий менежер Ё.Энхтөрийг ажлаас халах тухай асуудал яригдаж, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар түүнийг ажлаас халах шийдвэрийг өнгөрсөн даваа гаригт танилцуулснаар өчигдөр өрнөсөн үйл явдал тэгтлээ хүнд байдалд хүрэх болсны эхлэл тавигдсан байгаа юм.

Таван жилийн өмнө байгуулагдсан МИАТ компанийн Техникийн газар 120 гаруй ажилтантай. Тэдний 94 нь өчигдөр өглөө ажлаас халагдаж байгаа даргынхаа хамт өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Онгоцны техник үзүүлэлтийн аюулгүй байдлыг хангаж, нислэг үйлдэх боломжтойг батламжилсан Техникийн газрынхны гарын үсэг бүхий зөвшөөрлийн бичигтэйгээр онгоцыг нислэгт гаргадаг тул нэг ёсондоо техникийн нэг ч ажилтангүй болсон МИАТ-ын удирдлагууд 150 гаруй хүний амь насыг хэн бэ гуайн ч зөвшөөрлөөр тэнгэрт хөөргөх эрх байхгүй. Өчигдөр өглөөний Сөүл, өдрийн Бээжингийн нислэг саатсаны шалтгаан болох товч тайлбар бол энэ. Харин МИАТ компанийн удирдлага болоод ажилчдын дунд үүссэн маргаан гэдэг нь илүү тодорхой харагдаж байгаа энэ үйл явдлын талаар бид дараах эх сурвалжуудын байр суурийг хүргэж байна. Биднийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өчигдөр 17.00 цагийн үед очиход МИАТ компанийн удирдлагуудтай уулзах боломж олдоогүй тул хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулан мэдээлэл авсан юм. Харин ажлын байраа чөлөөлж өгөөд байгаа 90 гаруй ажилчдын тал хувь нь “Чингис хаан” онгоцны буудлын ойролцоо цугласан байлаа. МИАТ компанийн Техникийн газрын ахлах менежер Ё.Энхтөр үүссэн нөхцөл байдлын талаар дараах тайлбарыг өгч байна.

МИАТ компанийн Техникийн газрын ахлах менежер Ё.Энхтөр:

-Өчигдөр орой таныг ажлаас халах шийдвэр гаргасан юм байна. Өнөөдөр /өчигдөр/ МИАТ-ын онгоц нислэг үйлдээгүй шалтгаан үүнтэй холбоотой юу?

-МИАТ компани дээр сүүлийн үед гарсан гурван ч зөрчилтэй холбоотойгоор хоёр яамны хамтарсан комисс ажилласан юм. Тодруулбал, тэд  МИАТ компанийн нисгэгч агаарт агааржуулалтын системээ унтраасны улмаас Бээжинд ослын буулт хийсэн асуудал, хоёрдугаарт, Улаанбаатарт онгоц газардуулахдаа хатуу суулт хийж, онгоцонд тодорхой хэмжээний гэмтэл учруулсан тухай, гуравдугаарт, манай байгууллага онгоц засварлах явцдаа гэмтэл гаргасан гэсэн гурван зөрчил, дутагдлыг шалгаж, дүгнэлт гаргаж, Засгийн газраар шийдүүлэх ёстой байсан. Гэтэл өчигдөр /даваа гаригт/ дүгнэлт гараагүй байхад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар эрхийнхээ дагуу намайг болон Чанарын хэлтсийн дарга н.Баяр бид хоёрыг ажлаас халах шийдвэр гаргасан байсан. Үүнээс болоод бид өнөөдөр /өчигдөр/ ажлаа хийж чадахгүйд хүрсэн тул онгоцыг нислэгт гаргах боломжгүй болсон гэж ойлгож болно.

-Ажлаа хийх боломжгүй болсон гэдэг талаар та арай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид Европын холбооны улсад бүртгэлтэй байгаа хоёр агаарын хөлөг дээр техник, үйлчилгээ хийдэг. Европын холбооны улсын иргэний агаарын тээврийн хууль дүрмээр бол тодорхой томилогдсон удирдах ажилтныг халж, солихдоо Европын холбооны улсын Удирдах газраас зөвшөөрөл авч байж хийдэг. Тэрийг хийгээгүй тохиолдолд бид дүгнэлт гаргах эрхээ хураалгадаг. Өөрөөр хэлбэл, Д.Сугар даргын тушаалтай холбоотойгоор өнөөдөр өглөө би болон манай байгууллагынхан онгоц явуулах эрхгүй болсон гэж ойлгож болно.

-Техникийн газрын ажилчид бүгд ажлаас халагдах өргөдлөө ингэж нэгэн зэрэг өгсөн нь юутай холбоотой юм бэ?

-Манайхан МИАТ компанид гараад байгаа энэ олон удаагийн зүй бус үйлдэл, дарга нарын хэрээс хэтэрсэн байдал нэг тийш болоосой, үнэн мөнийг олж шийдээсэй гэдэг үүднээс ийм шийдвэр гаргаж байгаагаа хэлсэн.

-Таныг Төрийн өмчийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?

-Огт тийм биш. Би шийдвэрийг хүндэтгэнэ, хариуцлагаа ч үүрнэ. Бидний эмзэглэж байгаа гол зүйл нь н.Баяр бид хоёрыг ажлаас халсан нэрээр МИАТ компанид гарч байгаа олон дутагдлыг далдлаад өнгөрөх гэж байгаад харамсч байна. Үүний цаана МИАТ-ын удирдлагууд маш ноцтой үйл ажиллагаагаа нуун дарагдуулах гэж байгаа учир тэр доголдлыг ил болгох ёстой. Манай ажилчид “Хариуцлага хүлээх ёстой хүмүүс бүгд түүнийгээ хүлээе, шударга байя” гэдгийг л хүсч байгаа.

Ажлаас халагдах өргөдөл өгсөн ажилчид.

-Өглөө бидэнд ирсэн мэдээллээр бол таныг онгоц байрлуулсан “Ангар” /Онгоцны граж/-ын түлхүүрийг аваад явчихсан мэтээр ярьж байсан?

-Ямар ч тийм асуудал байхгүй. Бид “Ангар”-ын түлхүүр, холбогдох бүх зүйлсийг хүлээлгэж өгсөн. Тэр байтугай одоо МИАТ-ын хашаа руу ч нэвтрэх эрхгүй болчихоод энд зогсч байна.

-МИАТ-ын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлагыг та бүхэн тавьж байгаа юм байна. Та өөрийнхөө мэдэх тэр ноцтой зөрчлүүдээс хэлэх боломжтой юу?

-МИАТ-ын бүх дарга нарын хүүхдүүд өнөөдөр ямар ч туршлагагүй мөртлөө том хөлөг жолоодоод л явж байна шүү дээ. Доод тал нь 21 настай хүн онгоцны нисэгч байх ёстой байтал захирлуудын 18 настай хүүхдүүд олон зуун хүний амь настай холбоотой энэ ажлыг ямар ч шүүлтүүргүйгээр хийж байна. Агаарын хөлгийн нисгэгч болохын тулд 500 цаг ниссэн байх ёстой байтал 250 цаг ниссэн хүүхдийг том онгоцоор нисгэж, Монгол Улсын хуулийг зөрчиж байна. Өнөөдөр гэхэд л МИАТ-ын нислэгийн ерөнхий менежер н.Оюунболдын хүүхэд нислэгтэй явж байна. МИАТ-ын Удирдах газрын даргын хүүхэд одоо араас нь нисэх гээд хүлээж байна. Гэх мэтчилэн олон жишээ хэлж болно. Хоёр, гурван сарын өмнө гэхэд л огт үнэмлэхгүй хүүхэд нислэг хийж байгаад онгоцны агааржуулалтын системийг агаарт унтраасны улмаас Бээжинд ослын буулт хийсэн шүү дээ. Үүний хариуцлагыг яагаад энэ удирдлагууд хүлээхгүй байгаа юм бэ.

-МИАТ-ын удирдлагууд та бүхэнтэй уулзсан уу?

-Өглөө 08 цагийн үед ирж уулзсан. Тэд намайг халах тушаалаа гаргасан байна лээ. Харин манай ажилтнуудын өргөдлийг хүлээж аваад явсан.

-Өргөдөлд хэзээ хариу өгөх бол гэж бодож байна?

-Хүлээж л байна. Ямар ч байсан бид Р.Бат-Эрдэнэ мэтийн хүмүүс энд ажлаа хийж байгаа цагт бид МИАТ-д ажиллахгүй гэдгийг хатуу хэлье.

-Та нар ажиллахгүй байгаагаас болоод өнөөдрийн хувьд хоёр ч нислэг саатлаа. Хамгийн гол нь олон зуун зорчигч хохирч байгаа гэдгийг та бүхэн бодолцож байгаа гэдэгт найдаж байна. Асуудлыг ойлголцож, эерэгээр шийдэх боломж байхгүй гэж үү?

-Мэдээж хэрэг энэ асуудал бидэнд хамгийн эмзэг байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүст нь онгоц нисгэх эрх байхгүй болчихсон учраас онгоц нисэхгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Албаны хүрээнд Техникийн шинэ баг байгуулах асуудал яригдаж эхэлсэн бололтой?

-Тэр ямар ч боломжгүй. Монголд ийм хэмжээнд бэлтгэгдсэн агаарын тээврийн техникчид байхгүй. Гаднаас ажилчин авчирлаа гэхэд цалин хөлс нь ямар аймаар юм байдгийг мэдэх байлгүй дээ.

-Одоо тэгээд гарц юу байж болох вэ. Та нарын бодлоор. Энэ байдлаар олон нислэг саатах юм бол ямар олон эрсдэл дагуулах билээ?

-Бид МИАТ-ын удирдлагуудад хариуцлага тооцуулахыг л хүлээж байна. Энийг бидний өмнө байгаа ганц гарч гэж ойлгож болно.


МИАТ мэдэгдэл гаргав

МИАТ компани өчигдөр өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.

МИАТ ХК-ийн Техникийн газар нь А310-300 онгоцонд техникийн засвар үйлчилгээ хийж байх явцдаа технологийн ноцтой алдаа гаргаж, онгоцны далавчийг гэмтээсэнтэй холбогдуулан Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороо, МИАТ ХК-ийн ТУЗ-ээс Техникийн газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Гэтэл Техникийн газрын зарим хүмүүс уг шийдвэрийг албан ёсоор аваагүй атал эсэргүүцэж, тавдугаар сарын 25-ны өдрийн 6.45 цагт Сөүлийн чиглэлд нисэх хуваарьтай байсан Боинг 737-800 онгоцыг нислэгт гаргалгүйгээр саатууллаа. Өөрөөр хэлбэл Техникийн газрын инженер-техникийн ажилтнууд онгоцыг “барьцаалж”, хууль бусаар нислэг саатуулж байна. Үүнтэй холбогдуулан ЗТБХБЯ, ТӨХ, ИНЕГ, МИАТ ХК-ийн удирдлагууд тодорхой шийдэлд хүрэхээр тэдэнтэй уулзсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдрөөс эхлэн Техникийн газрын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Энэ шалтгаанаар МИАТ компанийн олон улсын нислэгүүд мөн саатахаас аргагүй байдалд хүрлээ. Техникийн газрынхан өмнө нь удаа дараа ийм байдлаар онгоцыг нислэгт гаргалгүй саатуулж байсан бөгөөд МИАТ ХК-ийн удирдлага тавьсан асуудлыг нь аль болох нааштай шийдвэрлэж байсан болно.  Бид зорчигчдынхоо эрх ашгийг хүндэтгэн үзэж, саатлын үед ажиллах дүрэм журмаа баримтлан ажиллах болно. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид зорчигчдоосоо хүлцэл өчиж байна”.


ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Та бүхэн МИАТ-ийн удирдлагатай уулзсан байна. Ямар шийдвэр  гаргасан бэ?

-Бидэнд нийт 60 орчим хүн ажлаа хийхгүй гэсэн мэдэгдэлд гарын үсэг зурж өгсөн. Өмнөд Солонгосын “Korean Air”  компанийнхантай яриад техникийн ажилтан ирүүлэх хүсэлтээ албан ёсоор тавилаа. Мөн техникийн баг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

-Мэргэшсэн хүн хангалттай байж чадах уу?

-Иргэний агаарын тээврийн техникийн ажил  хийх олон улсын эрх авсан техникийн ажилтнууд байдаг юм билээ.

-Гаднаас хэдэн хүн авчирах вэ?

-Олон хүн шаардлагагүй. Нарийн мэргэжлийн 4-5 хүн ирж ажиллахад болно. Нислэгээ таслахгүй байж байгаад энэ асуудлаа шийднэ.

-Сөүлийн онгоцоор нисэх байсан зорчигчдыг яасан бэ?

-Техникийн ажилтнууд ажлаа хийх боломжгүй гэсэн мэдэгдэл гаргасны дараа нислэг цуцлах шийдвэр гаргасан. Тэр даруй Сөүл явах байсан 152 хүнийг буцаж хил давуулаад тараасан.

-Тэр хүмүүс хэзээ нисэх боломжтой вэ?

-Маргаашийн /өнөөдөр/ онгоцоор явуулах арга хэмжээ авч байна. Сөүлээс Монгол руу ирэх онгоцыг томруулах хүсэлт гаргалаа. Том Боинг ирэх болов уу. Тэр онгоцоор саатсан хүмүүсийг  явуулах юм. Мөн Бээжингээс том онгоц захиалсан.

Б.Бадмаа, Х.Оюун.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж