“Хезболлах”-ын хоёр дахь хүнийг устгасан гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

“Хезболлах”-ын хоёр дахь хүнийг устгасан гэнэ

Сирийн чөлөөт армийн командлал Ливаны хэт даврагчдын “Хезболлах” хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга Наим Касемийг устгасан тухай өчигдөр /2013.II.27/ мэдээлжээ.

Наим Касем. Фото: Anwar Amro / AFP

Тэрхүү мэдээллийн дагуу босогчид энэ сарын 26-нд Дамаскаас Ливаны хилийн зүг явж байсан цэргийн цуваанд довтлох үеэр “Хезболлах” бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга алагдсан гэнэ. Босогчдын зүгээс довтолгооны гол бай нь Сирийн генерал Мохаммед Али Дургам байсан гэж мэдээлсэн байна. Генерал тулалдааны үеэр шархтжээ. Мөн “Хезболлах” бүлэглэлийн хэд хэдэн хүн алагдсан байна.

Сирийн Засгийн газар болон Ливаны хэт даврагч бүлэглэлийн зүгээс энэ талаар мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ “Хезболлах”-ын лидер Хасан Насралла 27-ний өдрийн орой нутаг нэгтнүүддээ яаралтай мэдэгдэл хийнэ гэсэн хэмээн Ливаны хэвлэлээр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Сирийн босогчид дотоодын хэрэг явдалд оролцохоо зогсоохыг уг хөдөлгөөнөөс шаардсан байв. Шаардлагыг үл биелүүлбээс шиитийн дайчдыг боломжтой бүх газарт довтлон устгана  гэж босогчид мэдэгдсэн юм.

Насралла шаардлагыг үл тоосон учир босогчид Ливан дахь уг хөдөлгөөний байгууламжуудыг пуужин ба миномётаар буудсан байлаа. Насралла өмнө нь Сирийн Засгийн газрыг дэмжих болно гэдгээ нэг биш удаа хэлж байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж