Барьцаа хөрөнгийнх нь 60 хүртэл хувийг төр даана

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Барьцаа хөрөнгийнх нь 60 хүртэл хувийг төр даана

Аймаг,
нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нар гурав
дахь өдрөө номын дуу сонсож байна. Тэдэнд сайд бүр салбарынхаа хэмжээнд
хийж байгаа ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, орон
нутгийн төвшинд юуг анхаарч ажиллах талаарчиглэл өгч буй юм. Энэ дагуу
өнөөдөр Хөдөлмөрийн яамныхан мэдээлэл хийлээ.

Ардчилсан намынхан
2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Ажилтай орлоготой монгол хүн”
хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож байсан. Эл мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
гол субьект нь Хөдөлмөрийн яам болж байгааг Хөдөлмөрийн дэд сайд
Ж.Батхуяг тус арга хэмжээнд оролцохдоо онцоллоо. Засгийн газраас
хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр Хөдөлмөрийн яам нь 2016 онд хүрэхэд улсын
хэмжээнд 150 мянган ажлын байр бий болгох зорилго тавьжээ. Ажлын байрыг
бий болгох зорилгоор нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан мэргэжилтэй
ажилтныг бэлтгэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн үндсэн
зорилго тавьсан байна. Энэ хүрээнд Хөдөлмөрийн сайд өнгөрсөн нэгдүгээр
сард аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулахдаа аймаг бүртээ энэ онд
1500 ажлын байр шинээр бий болгохыг үүрэг болгожээ. Мөн сум бүрийн Засаг
даргын Тамгын газраас Хөдөлмөрийн яамтай харилцах нэг боловсон хүчинг
гаргаж өгөх шаардлагатай болохыг энэ үеэр Хөдөлмөрийн дэд сайд онцлов.
Мөн сумын хэмжээнд хэчнээн хүн ажлын байраар хангагдсан, хэчнээн хүн
хөдөлмөр эрхлэх бололцоотой ч ажил олдохгүй байгаа зэрэг нарийн
мэдээллийг ирэх гуравдугаар сард багтаан гаргаж өгөхийг хүссэн юм.
Түүнчлэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд орон нутгийн төвшинд санаачлага
гаргаж, цэргээс халагдаж ирсэн залуусаа хөдөлмөрийн биржид бүртгүүлж,
аль салбарт ямар чиглэлээр ажиллах сонирхолтой байгааг нь харгалзан
үзэж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалтад сурган уул уурхай, зам
тээвэр, барилга зэрэг сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж байгаа салбарт
ажиллуулах бололцоо байгааг мөн дуулгалаа.  Ер нь ч энэ чиглэлд ажиллах
боловсон хүчнээс эхлээд мэргэжлийн ажилчид манайд оргил саруудад буюу
зуны улиралд ихээхэн дутагдах болсон байна. Тиймээс компаниуд гадаадаас
ажиллах хүчин оруулж ирж ажиллуулах зэргээр энэхүү орон зайг нөхдөг аж.
Гэтэл орон нутагт дахь ажилгүй залуучуудын тоо улам л өсөөд байдаг.
Монгол хүн бүр ажилтай, орлоготой байвал өрх гэрийн амьжиргаа дээшилж
тэр хэрээр улс орон хөгжих бололцоо боломж нээгдэх тул үүнд Засаг дарга
бүрийн оролцоо чухал байгааг бас онцлон сануулсан юм.

Тэгвэл
Хөдөлмөрийн зах зээл, ажлын байр дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс орон
нутагт Хөдөлмөрийн хууль зөрчигдөж байгаа гомдлыг иргэдээс Засгийн
газрын Иргэдийг сонсох 11-11 төвд ирж буйг дуулгалаа.  Тэрхүү гомдлын
багагүй хэсэг нь хөдөлмөрийн үнэлэмж бага байгааг онцолжээ. Ингэхдээ гол
төлөв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 140400 төгрөгөөр
цалинжуулах, амралтын болон баярын өдөр ажиллуулчихаад түүнийгээ нөхөж
бодож олгодоггүй зэрэг зөрчил зонхилсоор байгаа аж. Дээр нь хөдөлмөр
аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарал хандуулахгүй бол уул уурхай, зам
тээвэр, барилга зэрэг салбарт энэ талын осол аваар буурахгүй байгаа
судалгаа гарах болжээ. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн чанартай 400 осол
гарчээ. Үүний 17.8 хувь нь уул уурхайн салбарт, 17.2 хувь нь барилгын
салбарт гарсан дүн мэдээ байгаа аж. Гол нь компаниудын дотоод хяналт сул
байгаатай холбоотойгоор энэхүү осол аваар гарч байгаа гэнэ. Тиймээс уул
уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг сумдад  орон нутгийн удирдлага
анхаарлаа хандуулж, компани бүрт Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах
ажилтан байх ёстойг сануулав. Мөн ирэх дөрөвдүгээр сар гэхэд сум бүр
Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулсан байх даалгаврыг
өгсөн юм.

Ажлын байр олноор бий болгох боломжит салбарт жижиг,
дунд үйлдвэрлэл багтаж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас
жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 300 тэрбум хүртэлх
төгрөгийн бонд гаргасан. Ингэснээр ноос, ноолуурын салбарт ахиц гарсан
төдийгүй том, жижиг гэхгүй бүхий л үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдсэн
таатай дүн гарах болжээ. Цаашид энэ чиглэлийн дэмжлэг үргэлжлэх
шаардлага байгааг тус салбарынхан мөн сануулах болжээ.

Жижиг,
дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч ирсэн томоохон бэрхшээл бол төсөл
бичээд зээл авах болоход банкин дээр очоод гацдаг байж. Учир нь барьцаа
хөрөнгөгүйгээс болж зээлд хамрагдах боломж олддоггүй байсан. Тэгвэл энэ
бэрхшээлийг арилгах зорилгоор УИХ-аас Зээлийн батлан даалтын сангийн
тухай хуулийг батлан гаргаснаар энэ оноос эхлэн хууль хэрэгжиж эхэлжээ.
Ингэснээр тухайн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төсөл дэмжлэг
хүлээгээд зээл авах эрхтэй боллоо гэхэд барьцаа хөрөнгийнх нь 60 хүртэл
хувийг төр даах харилцаа үүсэхээр болсон байна. Энэ харилцаа нь жижиг,
дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд томоохон дэмжлэг болох гэнэ. Нөгөөтэйгүүр,
үйлдвэрлэлээ өргөжүүлэх сонирхолтой үйлдвэрлэгчдийг тоног төхөөрөмж
гадаадаас оруулж ирвэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас
чөлөөлж байгаа юм байна. Үүнд нийт 995 нэр төрлийн тоног төхөөрөмж
багтаж байгаа ажээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж