Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрээр зарж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрээр зарж эхэллээ

Энэ жилийн хувьд нөөцийн махны менежерээр ажиллаж буй “Жаст агро” компанийнхан өнөөдөр хуралдаж, маргаашаас эхлэн томоохон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг борлуулж эхлэх шийдвэр гаргасан байна. Миний дэлгүүр, Номин, Максын сүлжээгээр үхрийн махыг кг-г нь 5950 төгрөгөөр, ямааны махыг  5050 төгрөгөөр, хонины махыг 5750 төгрөгөөр зарах ажээ. Харин гулууз болон өрөөлөөр нь зарахгүй юм байна. Нийслэлийн хороо бүрт 1-2 дэлгүүрт зарж борлуулах ажлыг гуравдугаар сарын 10-наас эхэлнэ гэж тус компаниас мэдээлэв. Кассын машингүй жижиг дэлгүүрээс нөөцийн мах авахаар бол иргэд  өөрийн харъяа хорооноосоо ваучер аван үйлчлүүлэх учиртай гэнэ. “Нөөцийн махны үнэ жил жилийн хаварт махны үнэ ханшийн суурь болдог. Гэтэл нөөцийн махыг өндөр үнээр зарж борлуулж байгаагаас бусад худалдааны махны үнэ буурахгүй байна”  гэсэн гомдол их гардаг. Энэхүү гомдлыг  “Жаст агро”-ынханд дуулгахад “Бид нөөцийн махны үнийг Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу тогтоож байгаа. Нөөцийн махыг бэлтгэхэд гаргасан зардлаа тооцож л тогтоосон. Энэ жил өндөр өртгөөр мах бэлтгэсэн. Түүнээс үнийг хөөрөгдсөн зүйлгүй” гэсэн хариултыг өгч байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зүгээс “Нөөцийн махын үнийг хэт багаар тогтоохоор иргэдэд бус ченжүүдэд оччих тал байдаг. Мөн хямд байх тусмаа чанар муу байх нь бий. Тиймээс урьд жилүүдэд гаргасан энэ мэт алдааг давтахгүйн тулд үнийг тогтоож байгаа ” хэмээн тайлбарлалаа. 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж