Амьтдын диваажин Хустайд

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Амьтдын диваажин Хустайд


Дэлхийн төрөл зүйлийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг хэсэг сэтгүүлч тахийн гол цөмийг өсгөж үржүүлдэг Хустайн нуруунд эко аялал хийн улс төрөөс түр ангижрав. УИХ-ын дэд дарга, Хустайн байгалийн цогцолбор газрын ТУЗ-ийн дарга Н.Энхболд энэ ажлыг зохион байгуулсан юм.

Хустайн цогцолбор газар нь байгаль, ан амьтан хамгаалж буй цорын ганц төрийн бус байгууллага бөгөөд өөрөө өөрийгөө санхүүжүүлэн энэ их буянтай ажлыг хийдэг ажээ.

Хустай тахьтай болсон нь

Зэрлэг адуу тахь Монголд нэг үе элбэг байсныг Тахийн шар нуруу, Тахийн тал гэх нутаг усны нэрс гэрчилнэ. Гэвч XIX зууны сүүлч, өнгөрсөн зууны эхээр гадаадын жуулчдын нүдэнд зэрлэг адуу өртөж, Европын амьтдын хүрээлэнд барьж өгөх нэрээр олноор алж устган 1930-40-өөд оны үеэс тахийн сүрэг бараа сураггүй болж улаан номын баатар болжээ. Тахь анх Европт өөрсдийнх нь тухай зарласан Оросын жуулчин Прежевальскийн нэрээр овоглуулан олны танил болж, басхүү сүйрэх замдаа орсон байна.

Буурал тивийн амьтны хүрээлэнгийн баян эзэд ангийн хорхойтнуудад буу агсуулан Монголын говь руу илгээж, тахийн унага барьж ирэхийг уралдан даалгадаг болсон ажгуу. Зэрлэг адууны унага барих нь амар ажил биш тул сүрэг, сүргээр нь хядан говийн хөрсийг тахийн цусаар буджээ. Сүргийг задлах гэж азаргыг нь буудна, унагаа харамласан гүүгээр дараа нь бууны ам мялаа­н­а. Тэгээд өнчирч хоцорсон нялх унагыг тэр цагийн хурдан гэх унаа­гаар хөөн бахардуулж унагаад өөрийн болгодог байсан гэх. Европт хүргэх гэж машин, галт тэрэг юүлэн олон хоног явахад мөнөөх унагануудын дийлэнх нь зуурч үхдэг ч байжээ. Ингээд Тахийн тал, Тахийн шар нуруу зэрлэг адууны нэр зүүсэн зэлүүд нутаг болон хоцорчээ. Хулан, тахь гээд хоёр ч төрлийн зэрлэг адуу байх ч зэрлэг илжиг хуланг бус, монгол адууны өвөг болсон тахийг л тэгж эх нутагт нь туурайн мөргүй болгосон гунигт түүхээс хойш олон жил өнгөрч, билгийн тооллын бүтэн жаран, аргын тооллын нэгэн зуун, нэгэн мянган солигдов.

Тахийг эх байгальд нь нутагшуулах ажил 1992 оноос эхэлж, Европын амьтны хүрээлэнгүүдээс гурван удаагийн тээвэрлэлтээр 87 тахь авчирч Монголын хэд, хэдэн газарт нутагшуулсан нь өдгөө өсч үржсээр Хустайд л гэхэд 240 орчим толгой болжээ. Тахийн тоо 500 болоход хэний ч дэм тусгүйгээр бие даан амьдрах чадвартай болох ажээ. Энэ зун тэнд 40 орчим гүү унагална. Хавар мэндэлсэн есөн унаганы долоо нь эсэн мэнд бойжиж буй. Хустай бүү хэл Монголыг тахьтай болгосон ачтан нь Голландын тэрбумтан Ян Боуман.

Авааль гэргийгээ бие барснаас хэдэн жилийн дараа 50 гаруй насандаа ноён Ян Боуман 27 настай Инга бүсгүйтэй гэрлэжээ. Өнгөрсөн зууны 70-аад оны эхээр юм байх. Шинэхэн хос бал сараа тэмдэглэхээр Францыг зорьж Парис хотын нүд булаам газруудаар аялж яваад амьтны хүрээлэнгээр ороход тахь гэж хэлэхэд хэцүү болсон өрөвдмөөр адгуус умгархан жүчээний цементэн шалан дээр ноолорч, өлссөндөө модон баганын холтос мэрж байхыг харжээ. Хаанаас уг угшилтай амьтан болохыг нь ноён Боуман асууж сурсаар Монголын говиос барьж аваачсан тахийн удам болохыг мэдэж авчээ. Эндээс түүнд тахийг эх нутагт нь аваачиж хээрийн салхинд дур зоргоор нь давхиулах хүсэл төрсөн гэдэг. Тэгээд болоогүй ээ, 1975-1990 онд тахь шилжүүлэх бэлтгэлээ хийжээ. Энэ түүхийг бидэнд Хустайн цогцолбор газрын захирал, Монголдоо дээгүүрт ордог сайн менежер Н.Банди гуай ярьж өгсөн юм. Ноён Боуман хувийнхаа хөрөнгө зүтгэлээр тахийг эх нутагт нь суурьшуулах буянтай ажлыг эхлүүлж, өдгөө ч гэргий Инга Боуман нь нөхрийнхөө үйлсийг залгамжилж, жил бүр байгаль,экологийн чиглэлээр сурдаг нэг оюутанд тэтгэлэг олгож,  20 мянган ам.долларыг Хустайн цогцолбор газарт илгээдэг ажээ. Ноён Ян Боуман 1990-ээд оны дундуур насан өөд болохдоо “Сүүлийн хүсэл минь биелсэн газарт намайг нутаглуулаарай” хэмээн захижээ. Тэр ёсоор түүний чандрыг Хустайн орчимд өргөсөн нь одоо Боуман толгой гэсэн нэртэй болсон байна.

Давхарлаж тавьсан авдар шиг дөрвөлжин боржин хадны элгэнд тэр эрхмийн нэрийг сийлж, хажуу бөөрөнд нь дүрийг нь мөнхөлжээ. Зэрвэс харвал хэн нэг сахилгагүй жуулчин хадан дээр нэрээ бичээд орхичихож гэж эндүүрмээр тэр газарт буянтай эрхмийн хөшөөг босгоход буруудахгүй л юм шиг санагдав. Боуман толгойд тахь тааваараа бэлчинэ. Хорь шахам жилийн өмнө чулуун шалтай өмгөрхөн жүчээнээс өвөг дээдэс нь суллагдаж ирснийг мэдэхгүй, эргэх зайгүй торонд насаа элээхийн зовлонг үзэлгүй Монголын тал нутагт торнисон тахийн сүрэг Хустайн нуруунд хонгортож халиуран байна. Нээрээ л ноён Ян Боуманы хүсэл сэтгэлчлэн бүтэж дээ.

Тахийн амьдрал хүнийхээс ч нарийн

Хустайн цогцолбор газар 50 мянган га нутагтай. Уг нь энэ хэмжээний талбайд нэгээс 1,5 байгаль хамгаалагч ажилладаг жишигтэй ч Хустайд 23 биологич, байгаль хамгаалагч тахь болоод бусад амьтны “энхийг” сахиулж байна. Хэрэг зөрчлийн мэдээг харвал “тарвага агнахыг завдсан, загас барихыг завдсан, замгүй газраар машинаар явахыг завдсан” гэх зэрэг мэдээллүүд байна. Харин нэг этгээд буга агнаад баригдалгүй алга болжээ. Хаа очиж монголчууд тахь руу буу шагайдаггүй аж. Тээр жил хулантай андуурсан нэг тохиолдол гарснаас өөрөөр тахь хүний гарт үрэгдсэн нь үгүй. Гагцхүү цас зуд тохиож цаг хүндэрснээс, эс бол азарган үрээнүүд хоорондоо ноцолдож сүрэг булаалдсанаас тоо толгой хорогдох шалтгаан үүсдэг ажээ. Өнгөрсөн өвлийн их цаснаар хунгар дорх цасанд хөлөө хавчуулаад гарч чадаагүй зэргээс цөөн тооны тахь үрэгджээ. Зэрлэг адгуус амийг нь аврах гээд хүн очиход ойртуулахгүй хазаж тангаран сүйд хийх тул тэгсхийгээд хувь тавиланд нь даатгаад орхихоос өөр аргагүй. Хүн бүү хэл монгол азарга ойр тааралдах аваас шилнээс нь зууж унаган өвдөглөж, өм өм хазах тул тэр аюулаас золоор мэнд үлдсэн азарга дахиж тахийн сүргийн барааг хардаггүй болдог гэнэ лээ.

Тахь харахаар Н.Банди захирлаар замчлуулж, залуухан биологич, докторант Д.Өсөхжаргалаар удирдуулан сэтгүүлчид хээрийн замд гарсан юм. Тахийн амьдрал хүнийхээс ч нарийн гэнэ. Энэ тухай бидэнд “тахьчин”  Д.Өсөхжаргал ярьж өгөв. Тахийн азарга хэзээ ч үр төлөө гишгэхгүй, нэг азарганы удам ч хоорондоо бүл болж сүрэглэхгүй. Тахь шүдлэн нас хүртлээ үндсэн сүрэгтээ өсч хөрөвжөөд, гурав хүрмэгцээ “аав” азаргандаа хасуулан хөөгдөж өөрийн бүлийг үүсгэхээр “амьдралд” хөл тавьдаг хуультай. Байдсан гүүнүүдэд зовлон байхгүй. Өөр сургийн азарга уухайн тас сүрэгтээ авчихна. Харин үрээнүүд өөр. Бэлэн хураагаад сүрэг болгох “эзэнгүй” гүү олдохгүй тул дангаараа нэг сүрэг үүсгээд таван нас хүртлээ зоргоороо хэсэг явдаг гэнэ. Долоо хүртлээ “гоонь” явдаг сайн эрс ч бий гэх. Чадал муутай нь нэгэн насаараа гүү хурааж чадалгүй явсаар насыг барах нь ч байх аж. Гэхдээ тэд дотроо “зохион байгуулалт” сайтай. Аз болж хөгшин азарга таарч буулгаж авч гэмээнэ гүүнүүдийг нь үрээн сүрэг дотроо насаар хамгийн ахмад нь өөрийн болгодог журамтай. Бас тийм амар мөчөөгөө тавихгүй шөрмөстэй өвгөн азаргатай учирвал гүүгээ ижил тоогоор хувааж аваад тэмцлээ дуусгах ёс ч тахийн ертөнцөд байна. Тахийн азарга нэг “дурласан” гүүгээ заавал салгаж авч байж санаа амардаг зантай гэнэ. Нэг азарга өөр сүргийн дөрвөн гүүг хэдэн жил анасаар байгаад салгаж авч эзэн суусан юм гэсэн. Гэхдээ тахийн азарга бол хамгийн харгис “хойд эцэг”. Булааж авсан гүү нь хээлтэй ирвэл нялх унагыг төрсөн даруйд нь барьж хорооно, эхийгээ дагаж ирсэн унага ч “хойд аав”-ын зуулт дор нүд аньдаг жамтай, ингэж өөрийн үр удмыг үлдээх байгалийн хатуу жам үргэлжлэх авай. Хамгаалагчид нь унагыг аврахыг оролдовч бүтэл муутай. Хэртэй бол тахийн унага хүний гарт орохгүй, орлоо ч хонь, ямааны сүүгээр угжвал гэдэс нь дүүрээд мажийна, чихэртэй байхуу цайгаар бол долоо хоног л тэсдэг гэх. Ер нь эх нь харьд булаагдвал унаганд үхэл л ирэх тавилан тосдог ажээ.

Тахийн гүү “хайртай” азаргаа өрөөлд алдах тун дургүй. Нас ахисан хойноо ч азарга нь өөр гүү хурааж ирээд гишгэх гэвэл “их хатан” азаргаа шинэхэн “амраг” дээрээс нь өшиглөөд л унагаж орхидгийг биологичид анзаарчээ. Сүрэг дотор манлайлж явдаг гүү бас бий. Тахийн бүл үүгээрээ жендэрийн тэгш байдал сайтай бололтой. Эрх дарх сайтай “босс” маягийн, эсвэл нас хөгширсөн гүү дахин төллөж чадахгүй бол бусад гүүний нялх унагыг булаан ивээлдээ авч хоосон дэлэнгээ үлгүүлсээр харангадуулан үхүүлж орхидог явдал нэг бус гарчээ. Гадаад нэртэй тахь олон байхын учир нь жуулчид өөрийнхөө нэрийг 100 ам.доллараар нялх унаганд хайрладагт байдаг гэнэ.

Хүч чадал маруухан ч мэх залиар сүрэгтэй болдог нарийн  арга азаргануудад бий ажээ. Нэгэн удаагийн зодооноор Мангир азарга хаандаа хүнд шарх авчээ. Гүү хураах найдвар ч тасарч хүч тэвээрэг нь муудсан байна. Түүнийг явжээ байтал Нарстай, Маргад хоёрын хооронд бөөн зодоон үүсэв гэнэ.  Хоёр азарга ноцолдож улайраад сүргээ ч умартаж, хөөцөлдсөөр арилж өгчээ. Энэ завсар Мангир нэгийнх нь сүргийг хурааж аваад бартаа дагуулан хөөсөөр холдуулж өөрийн болгож гэр бүл үүсгэсэн гэнэ лээ.

Анх Хустай өөд өгсөхөд хаа хол цөөн тахь харагдаж байсан бол Боуман толгой хавьд Алтан “босс”-той сүрэг гарч ирэв. Алтан гэдэг нь сүргийн манлай гүү л дээ. Хүнээс үргэх янз огт алга. Ийм нэг хоёр хөл, хохимой толгойтой гэм хоргүй юмнууд явж л байдаг гэсэн янзтай тоож харах ч шинжгүй. Гэрийн адуу шиг хажуугаар цуварч хааяа нэг өвс зулгаана. Телевизийн зураглаачид, сонины зурагчид тал талд нь гарч зураг авч эхэллээ. Зарим нь эгээ л ан хийж байгаа аятай мөлхөж дөхөөд зураглаж гарав. Алтан “хатагтай” хийгээд тэдний сүргийн “охид” харин ёстой ганц нүдээрээ ч харж гийгүүлсэнгүй дээ тэднийг. Хамгийн сүүлд азарга нь залхуутай гэлдэрсээр гарч ирэв. Хаанаасаа гарч ирээд юугаа хийж яваа нөхөд вэ гэсэн шиг түр зогсч толгой хаялан сүүл шарваснаа сүргийнхээ араас явж одов оо.

Азтай зээр, жаргалтай газар тогтдоггүй боохой

Хустай нуруунд тахиас гадна ан амьтан, араатан жигүүртэн, өвс ургамал элбэг. Буга согоо, дорго, бор гөрөөс, аргаль, хядуулсаар байгаад үгүй болох дөхсөн цагаан зээр, тарвага зэрэг зэрлэг амьтад, хар өрөвтас, тоодог, хун, тас, ёл, бүргэд, тогоруу мэтийн жигүүртэн шувууд энэхүү амьтдын диваажинд айх аюулгүй амьдарч байна. Буга, цагаан зээрийн сүрэг өөрсдөө зөнгөөрөө Хустайд ирж нутагшжээ. Нүдний гэм болсон буга, согоо энд өсч үржсээр хэдэн зуун толгойд хүрсэн байна. Богд уул, Батхаан уулнаас нүүж ирсэн байх гэж байгаль хамгаалагчид хэлж байсан. Буганд сансрын холбоогоор байршлыг нь хянаж болдог дохиолол зүүдэг, тусгай модон хашаанд хашиж байгаад энэ ажлыг гүйцэтгэдэг ажээ. Согоо турьхан биедээ баймгүй чадалтай, зоригтой амьтан. Нэг удаа боохой нялх или /бугын төл/-д халдахаар дайрчээ. Алсаас харахад эх согоо нь тойроод давхиад байна гэнэ. Ингэсээр хүнхэр газар орж бараа тасарчээ. Байгаль хамгаалагчид төдөлгүй жалга руу очиход хээрийн нохой нүд аньсан хэвтжээ. Арьсыг нь өвчиж үзэхэд согоо хурц туурайгаараа боохойн нурууг хуга цавчиж алсан байв гэнэ. Үүнийг Н.Банди гуай хуучилсан юм.

Согоосуман башир, уруулт гэзгэнэ, эмт сөд, хөвөн оройт, холтсон цэцэг, цагаан уул гээд ховор ургамлаар энэ цогцолбор газар баян гэсэн. Одоо бол цэнхэр яргуй л ид нүдлэж байна лээ. Хустайн 20 зүйл шоргоолж, 386 зүйл шавьжийн дундаас судлаачид дэлхийд өмнө нь олдож байгаагүй нэгэн зүйл хорхойг тодруулж, улмаар биологийн шинжлэх ухаанд Хустай хэмээх нутгийнх нь нэрээр тодотгон бүртгүүлжээ.
Цогцолбор газарт сайн дураараа морилж суурьшсан боохойнууд бас бий. Тэднийг ч байгаль хамгаалагчид гадуурхаж үзсэнгүй. Мөн л дохиололтой хүзүүвч зүүж байршлыг нь хянаж, хаана ямар хэрэг тарьж явааг нь танддаг ажээ. Гэхдээ боохойнууд азгүй.  “Жаргалтай газарт хүн тогтдоггүй, Өвстэй газарт мал тогтдоггүй” гэгчээр цогцолбороос гадагш тэнэж яваад анчдын суманд өртдөг ажээ. Энэ өвөл л гэхэд тусгай хүзүүвчтэй нэлээд хэдэн чоно Төв аймгийн нутагт, хамгийн их холдсон нь Булганы Дашинчилэн сумын нутагт алуулжээ. Дохиолол мэдрэгдэхээ болихоор тэр орчим нутагт амьгүй боллоо гэдэг нь тодорхой болдог ажээ. Шувууддаа бас дохиолол зүүсэн гэж байгаа. Тас нүүдэллэж ниссээр БНСУ хүрсэн бол хар өрөвтас Балба орсон нь тогтоогджээ.

Хустайн нурууны энгэрт сүрэг сүрэг буга бэлчиж, бэлээр нь цагаан зээр идээшлэн, тарвага дошныхоо аман дээр суучихсан хошгирч харагдах нь ямар амгалан тайван нутаг болохыг гэрчилнэ. Тэнгэр хуйсганаж аашаа хэдэнтээ сольж бороо дуслуулж, нар төөнөж, салхи хавсарч байсан ч азаар ан амьтад дайжиж биднийг гонсойлгоогүйд гялайв.

Өнгөтийн цогцолбор дурсгалууд

Хустайн цогцолборт ан амьтдаас гадна археологийн үнэт дурсгал арвин. Манай багийнхан  ан амьтан сонирхож явсаар оройхон Өнгөтийн цогцолбор дурсгалууд дээр ирэхэд нүүр нүдгүй шороон шуурга дэгдэв. Чухам тогтоход бэрх шуурсан ч Н.Банди гуайн түүхийн дурсгалын талаарх амттай ярианд татагдаад юун нүүр нүдээ таглах болоод явчихав. Өнгөтийн цогцолбор нь  Монгол нутагт манай эриний 552-742 онд төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарах ажээ. Энд Төв Азиас олдсон хамгийн олон буюу 30 орчим хүн чулуу чандын их нууц агуулан тэнгэрт залбиран “чуулжээ”. Энэ цогцолбороос зүүн урагш зэллэсэн 552 ширхэг балбал хэмээх чулуу байна. Балбал чулуунуудыг алсан дайсны тоогоор, эсвэл нэгэн их тулаанд оролцсон дайчдын тоогоор босгосон байх гэдэг хууч домог бий. Үзүүрүүд нь бүгд зүүн хойш эргэсэн нь сүнсний зам мөрийг заасан байж ч мэднэ гэлцдэг. Суугаа бар, хонины дүрстэй чулуунууд бас  байна. Барыг айх аюулгүйн бэлгэ тэмдэг болгож, харин хонин чулууг тахилын гол шүтээн болгож бүтээсэн болов уу гэсэн таамаг байдаг аж. Хустайн нурууны энгэр бэл, зарим хөндийгөөс 160 тооны дөрвөлжин булш олджээ. Эдгээрийг МЭӨ III-II зуунд хамаарах хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал хэмээжээ. Энэ хавьд 19 томоохон хиргисүүр бий. Хиргисүүрээс хонь, адуу зэрэг халуун хошуут малын яс гардаг. Харин үхэр, ямааны яс гардаггүй гэж судлаачид хэлдэг байна. Бас хашлагатай, хашлагагүй, зураг дүрсгүй чулуун хөшөө хэд хэд бий ажээ. Уртын амны буган чулуу МЭӨ II мянган жилийн дунд үеэс I мянган жилийн хооронд хамаарах дурсгал юм. Дэлхийд 900 гаруй буган чулуу байдгаас Монголд 90 хувь нь буюу 800 орчим нь байдаг гэж хөтөч маань хэллээ. Өргөн хавтгай хадан дээр буга, бүргэд, нум сумаар харваж буй хүн, янгир хөөж яваа чоно зэргийг хөвөөлж, цохиж дүрсэлсэн эдгээр нандин бүтээл цагийн эрхээр, бороо, цас, салхи, шуурганд элэгдэн хэврэгшжээ. Гараар имрэхэд үйрээд ирдэг болсон боржин хадыг тусгай бэхжүүлэгч нэвчээн янзалснаар аварч чадсан байна.

Хустайн нурууны хусан ой ч ихээр өвгөрч өмхөрчээ. Түүнийг жам ёсны өтлөлт гэж мэргэжлийн хүмүүс үздэг байна. Бөөн бөөнөөрөө ханарч унасан хуснуудад хүрэх төдийд хальс нь хууран өмх цухуйна. Түлшний зориулалтаар худалдъя гэхэд хүмүүс дархан цаазтай амьтдад нь халдах аюул бийгээс байгальд нь илжрүүлэн газар бордох нь зөв болов уу гэсэн бодол ч байгаль хамгаалагчдад төрсөн ажээ. Яваандаа энд хус таривал тахь нутагшуулсантай дүйхээр буян болмоор санагдав.
Гадаад, дотоодын жуулчдыг даллан дуудаж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн эдийн засгийн хямралыг тойрон гарч яваа Хустай цогцолборт хийсэн сэтгүүлчдийн бүтэн хагас өдрийн эко аялал үүгээр өндөрлөлөө.
                                
Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж