Хаалтын хичээлийг Ж.Цогтсугар багш заадаг юм. Сургалтын өдрүүдийн сүүлчийнх нь учраас хамгийн чухал хичээлээ энд заах ёстой. Үүнийгээ тэд архинаас өөрийгөө хамгаалах тактикийн хичээл гэж нэрлэдэг. Энгийн агуулгатай энэ хичээлээр төгсөгчид сургалтынхаа сертификатыг аваад нутагтаа очиход дахиад архи амсахгүй байхын тулд юу хийх ёстойг хэлж өглөө. Ж.Цогтсугар багш өөрт тохиолдсон хэд хэдэн жишээ ярьсан юм. Түүнийг архинаас гараад зургаан сар болж байхад хамгийн сайн найзынх нь хүү хуримаа хийж, урилга ирүүлжээ. Мэдээж найр хурим архитай болохыг гадарласан тэрээр урьдаас өөрийгөө хамгаалах тактикаа боловсруулсан байна. Дуу хууртай хурим өрнөж явсаар Ж.Цогтсугарт найрын дугараа ирж, болор цүнзтэй архи бариулав. Тэрээр “Хамгийн сайн найзынхаа ганц хүүг би өөрийн хүү шиг санадаг. Саяхан би архинаас гарсан учраас гэр бүл болж буй хүүдээ, гэргийд нь мөнгөн аягатай сүү баръя. Энэ аягыг та хоёртоо зориулж амсарт нь тойруулж “Архигүй, аз жаргалтай амьдрал ерөөе” гэж бичүүлсэн” гэсэн аж. Ингээд сүүгээ гардуулахад дуугаа үргэлжлүүл хэмээн шахжээ. Гэтэл тэрээр “Би гуравхан хормын өмнө залуу гэр бүлдээ архигүй амьдрал уриалчихаад араас нь өөрөө архи уух хэрэг үү, энийгээ өөрөө ав” гээд сөнчид буцаасан гэнэ. Энэ бол түүний хамгаалах тактикийн ганцхан жишээ.
Монголын олон аав, олон хүү, олон ах, дүү архинаас гарахаар тэмцэж явна. Энэ бол архитай өргөн фронтоор дайтаж буй арга хэмээн Ж.Цогтсугар багш хэллээ. Архины эсрэг дайнд хамгийн эхний эгнээнд тулалдаж яваа хүмүүс нь сургалтын төгсөгчид, “Эрүүл идэвхитэй амьдрал клуб”-ийн гишүүд. Тэд нэг нэгнээ дэмнэж, дэмжиж, хамтдаа зүтгэж байж дайнд ялна. Дайны хуулиар байлдааны талбарт нөхрөө орхиж болохгүй учраас “Есөн дэвшил” хөтөлбөрөөр бэлтгэгдсэн архидалтыг сөнөөх цэргүүд үргэлж нэгнээ дэмжинэ. Хэн нэгэн нь эргээд архинд орвол 3000 хүнтэй армийн нэг эрэлхэг цэрэг амь үрэгдэж байгаа хэрэг гэж Ж.Цогтсугар ярив. Тийм ч учраас сургалтанд сууж, төгссөн хүн бүрт “Эр зоригтон” хэмээх сертификат гардуулдаг. Ээлжит сургалтыг төгсч буй 34 хүн өөрийгөө архинаас хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрч, түүнийгээ ялан дийлж, бусдад үлгэр дуурайл болгохоор Улаанбаатарт ирсэн нь эр зориг учраас сертифатын эзэн боллоо. Харин одоо сум, нутагтаа гэртээ харьж сурсан мэдсэн зүйлээ, өөрийн биеэр үлгэрлэж, нэгнээ дэмжиж ажиллах л үлдсэн аж.
Тэдний сургалтын дараа Хэнтий аймгийн Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга “Эрүүл идэвхтэй амьдрал” клубээр зочилжээ. 34 зоригтны төлөөлөл уулзаад, сэтгэл өндөр байлаа. Аймгийнхаа бүх суманд архинаас ангижрах ажил өрнүүлэхээр шийдсэн байна. Засаг дарга Ж.Оюунбаатар мөрийн хөтөлбөртөө тусгасан архидалтыг багасгах үйл хэрэгтээ “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”-ийнхнийг хамтрагчаар сонгон авсан нь энэ. Удахгүй сум бүрийн төлөөлөл аав нар архиа хаяж, амьдралаа өөд татах цаг ирнэ. Хэнтий аймаг архидалтын эсрэг эрчимтэйгээр тэмцэх юм. Архидалтад эзлэгдсэн Монгол Улсаа авран, чөлөөлөх армийн цэргүүд хүчээ зузаатгасаар байна.
Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ Төв аймгийн Архустай сумаас нийслэлд иржээ. Нутгийн дүү Г.Гантөмөрийн хамт ирсэн Төв аймгийн архинаас гарахаар шийдсэн зоригтнуудын анхдагч юм. Тэрээр сумынхаа соёлын төвд ажилладаг.
-Дундговь аймгийн маш олон хүн энэ клубт ирээд архинаас гарч чадсан. Тэд Төв аймгаас “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”-ийг зорьж ирсэн хоёр хүний нэг нь та гэж дууллаа.
-Тиймээ. Энэ хамт олон манай суманд очиж лекц уншихад нь би сууж байсан. Тэгээд эргэж холбоо бариад таван өдрийн сургалтад суусан. Хүмүүс яаж архинаас гарсан, юу хийж бүтээснийг сонслоо, харлаа, мэдэрлээ.
-Архичин гэх муухай нэрнээс салах гэж хэр их оролдож байсан бэ. Хэдий хугацаанд архинаас хамааралтай явав?
-Би наймдугаар ангиа төгсөөд хөдөө аж ахуйн техникумд суралцаж байсан. Яг үнэнээ хэлэхэд аравдугаар ангиа төгсөх хүртлээ архи уусан даа. Тэрнээс хойш бараг хорь шахам жил архинаас хамааралтай явж ирлээ. Архинаас гарах гэж их олон удаа оролдож байсан өөрөө дийлээгүй л дээ. Ээж, эхнэр хоёр маань ч их зүтгэсэн. Ерөөсөө архийг хаяж чаддаггүй л байсан. Албадан эмчилгээнд явж, эм уугаад хамгийн удаан хугацаа нь гурван сар архигүй байж чадсан юм.
-Хүмүүстэй ярилцаж байхад архинаас гарч, уухгүй гэж өөртөө болон гэр бүлдээ тангаргалдаг. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд эргэн тойрны хүмүүсийн нөлөөгөөр эргээд уудаг болсон гэдэг?
-Мэдээж хүрээллээс шалтгаалалгүй яахав. Хэн нэг хүн үнэхээр уух дургүй байж болно. Гэтэл шахаж, албадаж уулгадаг явдал их бий.
-“Эрүүл идэвхитэй амьдрал клуб”-ийн сургалтын юу нь илүү таалагддаг вэ?
-Хүн архи ууж байлаа ч гэсэн дотроо байсан зүйлээ бүрэн дүүрэн гаргаж чаддаггүй юм байна. Би энд ирээд эрүүл ухаанаар зовлон, зорилго нэгтэй эрчүүдийн дунд бүх зүйлээ санаа зовохгүй ярилаа. Маш сайхан санагдсан. Нөгөө талаас хүмүүс хаана яаж архидсан, хэдэн шил архи даасан бэ гэдгээ гайхуулж байгаа юм шиг ярьдаг мөртлөө архины хор, хохирол хөнөөлийг дурсдаггүй. Хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа хандлага, хэл яриа гээд маш олон зүйлд хортой. Түүний цаана гэр бүл, ажлын хамт олон, нутгийн иргэдэд сөрөг нөлөө ихтэй байдгийг яртдаггүй шүү дээ. Энд бид бүгдийг нь ярилцсан.
Энд ярьж байгаа бүхэн миний туулаад ирсэн амьдрал, архитай холбоотой юмыг л ярьж байна. Тэгэхдээ арай өөр өнцөг харагдсан. Урьд нь архи хор гэдгийг мэддэг боловч үгүй гэж хэлж чаддаггүй байсан. Харин энд чин сэтгэлээсээ ярилцаад ирэхээр архийг жигшиж эхэлдэг.
Эх сурвалж: “АРДЧИЛАЛ” сонин