Биржийн ТУЗ-ийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Биржийн ТУЗ-ийг баталжээ

Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд тус биржийн даргаар ажиллаж буй Л.Мөнбат өнөөдөр болсон Төрийн өмчийн хорооны хурлаар зуун хувь төрийн өмчит “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн дүрэм, бүтцийг баталсныг танилцуулав. Мөн тус компанийн ТУЗ болон гүйцэтгэх захирлыг баталсан байна. Компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Эрдэнэбатыг томилсон бол Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, ТӨХ, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл багтсан ТУЗ-ийн есөн гишүүнийг мөн баталжээ. ТУЗ-ийн даргаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмааг томилох саналыг гаргасан байна. 

Өнөөдрийн хурлаар биржийг яаравчлан ажиллуулах талаар хэлэлцлээ. Гуравдугаар сарын дунд үеэс малчид ямаагаа самнаж эхэлдэг. Гэтэл биржийн ажил эхлээгүй байгаа нь оройтож буй хэрэг гэдгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл хэлж байлаа. Биржийн арилжааны танхимд хийж буй засвар ирэх долоо хоногт дуусмагц туршилтын арилжаагаа зүүн гурван аймгаас  эхлүүлэх ажээ. Арилжааны танхимд 32 брокер, хоёр хяналтын ажилтан ажиллах юм байна. Аймгийн төвүүдэд хөдөө аж ахуйн биржийн арилжаа явуулахад бэлэн болсон боловч сумдад бэрхшээлтэй асуудлууд мундахгүй ажээ. Зарим сум агуулахгүй, зарим нь интернэтэд холбогдож амжаагүй байгаа юм. Тиймээс эхний ээлжинд утсаар холбогдон мэдээ авах, агуулахын асуудлыг боломжоороо шийдэхийг дэд сайд үүрэг болгов. Урьдчилсан байдлаар гуравдугаар сарын 13-ны өдөр анхны арилжааг хийх сонирхолтой байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж