“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр Монголын уран зургийн галерейд “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Хаан түүхтэй монголчууд” Монгол судлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Тархан суурьшсан Монголчууд” төрийн бус байгууллагын сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекистан, Кыргызстан зэрэг улсуудад судалгаа, зураг авалт багтжээ. Мөн Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон Монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал, түүхэн газруудын гэрэл зургууд багтсан байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, “Тархан суурьшсан Монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчир болон албаны бусад хүмүүс оролцлоо. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн бүтээлүүдийг долоон хэсэгт хуваасан бөгөөд эдгээр нь “Аргун хааны зуны ордон”, “Өлзийт хааны зуны ордон”, “Зүчи хааны бунхан”, Их Монгол улсын дөрвөн их хааныг төрүүлсэн их хатан “Сорхугтани хатны бунхан”, “Төмөр хааны бунхан”, Хүлэгү хааны байгуулсан “Шинжлэх ухааны төв”, Расадхан буюу “Одон орны оргил төв”-ийн гэрэл зургуудаас бүрдсэн байлаа.

Одоогоос 800 орчим жилийн тэртээх Монголчуудын их байлдан дагууллын үеийг дэлхийн түүхэнд “Булаан эзэлж, алан хядахаас өөрийг мэдэхгүй, харанхуй бүдүүлэг” байсан байдлаар тусгасан байдаг бол тэр үеийн Монголын их хаадын зарлигаар бүтээсэн дэлхийн хамгийн анхны шинжлэх ухааны төв, эмнэлэг, асрамжийн газар, нийтийн халуун ус, таван ухааны дөрвөн их сургууль, 32 мянган айлын орон сууцны барилга зэрэг дэлхий нийт, тэр дундаа Исламын шашинт улсуудын соёл, шинжлэх ухаан, хот байгуулалт, уран барилга, гар урлалын түүхэнд ямар их шинэчлэл, дэвшил авч ирснийг энэхүү үзэсгэлэнгээс харж болох ажээ. Мөн Монголчуудын их байлдан дагууллын үеэс дэлхийд тархан суурьшсан Монголчуудынхаа өнөөгийн соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалаа хэрхэн авч үлдсэн байдлыг ч дэлгэн харуулсан байсан.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Тархан суурьшсан Монголчууд” ТББ-ын тэргүүн, Соёл судлаач Ц.Санчир  хэлсэн үгэндээ “Бид ямар аугаа хүндлэх дээдэс, бахархах өв соёлтой ард түмэн юм бэ” гэдэг ухамсар, ойлголтыг бидний үзэсгэлэнг үзсэн хүн бүхэнд төрөөсэй гэж хүсэж байна хэмээн хэлсэн юм.

Үзэсгэлэн олон нийтэд үнэ төлбөргүйгээр “Уран зургийн галерей”-д арав хоногийн туршид үргэлжлэх ажээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж