Түүнээс гадна тус компанийн захирал Д.Бат-Эрдэнэ нэрээр олонд танигдсан Д.Батмөнх хуурамч бичиг баримт ашиглан төрий албанд шургалсан нэгэн бөгөөд өмнө нь тус компанид ажиллаж байхдаа байгууллагынхаа дансыг улайлгаж байсныг ажилчид нь хэлж байна. Хуурамч дипломтой гэдэг нь нотлогдсоор байхад хотын мээр Г.Мөнхбаяр энэ оны нэгдүгээр сард нийслэлийн өмчит "Авто зам засвар арчлалт" компанийн захирлаар томилсон билээ.
Тэрбээр 1964 оны арваннэгдүгээр сард Увс аймгийн Цагаанхайрханд төрж, сумынхаа дунд сургуульд суралцан долдугаар ангийн боловсрол эзэмшсэн нэгэн. Тухайн үед аймагтаа "Сүхбаатарын зам" нэгдэлд малчнаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ирсэн аж. Ингэхдээ өөрийн төрсөн ах Д.Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан, регистрийн дугаар, ургийн овог, нэр зэрэг холбогдох баримт бичгийг ашигласаар өнөөдрийг хүрсэн нэгэн юм.
Мөн Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн хэмээн хуурамч диплом ашиглаж, даргын суудалд томилогдсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ. Гэсэн ч хуурамч даргын хууль зөрчсөн үйлдлүүдийг эрүүгийн хариуцлагад татан буруутгахад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс хууль, хяналтынхан татгалзсаныг албаны эх сурвалж хэллээ.
П.Дэлгэр