МАХН бусад намтай хамтрахад нээлттэй

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

МАХН бусад намтай хамтрахад нээлттэй

МАХН-ын бага чуулганы VIII хуралдаан өчигдөр болж өнгөрсөн билээ. Энэ үеэр намын бүтэц зохион байгуулалт, цаашдын зорилго зэргийг багтаасан найман асуудал хэлэлцсэн тухайгаа МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар сэтгүүлчдэд өнөөдөр танилцууллаа. Тэд “МАХН нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өөр бусад намуудтай хамтран ажиллахад нээлттэй. Аль нэг намтай эвсэн орох шаардлагатай бол намын Гүйцэтгэх товчоо хариуцан ажиллана. Эрхийг нь сая чуулганаар баталгаажууллаа. Шударга ёс эвслийн байгуулсан гэрээний дагуу МҮАН-тай нэгдсэн байр суурьтайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болно. Мөн Хамтарсан Засгийн газрын гэрээнд зааснаар “Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд оролцохдоо хэлэлцээр хийж хамтарч оролцох эсэхээ тохиролцоно” гэсний дагуу Ардчилсан нам, Иргэний зориг намуудтай зөвшилцөх болно" хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ энэ талаар МАН-тай нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцвол тус намаас Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан нарыг нэр дэвшүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа хэлсэн. Мөн Бага чуулганаар нарийн бичгийн дарга нараа цөөлж, 21 хүн байсныг 7 болгосон байна.

Нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар Г.Бямбасүрэнг томилсон бол Н.Ангараг, Ш.Нанжид, П.Хангал, У.Барсболд, О.Лхагвацэдэн, Ч.Чимэдсүрэн нарыг бусад асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус сонгожээ. Эдгээр шийдвэрүүдийг намын дарга Н.Энхбаярт танилцуулах бөгөөд хэвлэлийн хурлын дараа тус намынхан II эмнэлгийг зорино гэсэн юм.

Э.ГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж