Энэ хэдэн өдөр манай эрчүүд тун ч завгүй
байжээ. Байжээ хэмээсэн учир нь Арвандолдугаар жарны усан могой жилийн шинийн
8-нд бүр амжихгүй бол 15-нд багтаан Тоорой банди, Тогос Чүлтэм, Цахиур Төмөр
гээд Халх дөрөв, Шавь таван аймагт алдартай шилийн сайн эрсийн хийморь
лундаагаа сэргээдэг байсан Шилийн богд, Алтан-Овоон дээр гарч, хүсэл юугаа
шивнэж, зам мөрөө даатгах санаатай эрчүүдийн цуваа энэ зүгт хөвөрсөн гэсэн үг
бөгөөд өнөөдөр шинийн 18 тул нэгэнт хөл татарсан гэсэн үг юм. Энэ тухай нэгэн
танил маань сонирхуулангаа “Манай эрчүүд ч сүрхий болжээ. Шинийн 8, 15-ндаа
багтаад Шилийн богдод мөргөх гэдэг болж. Өнөө жил ч бүр янзтай. Энэ өвөл зүүн
аймгуудад цас ихтэй байгааг хэлэх үү, батлагдсан зам даваа хаагдсан болохоор
жинхэнэ техниктэй нь л цаашаа явж байна. Муухан унаатай бол тийшээ зүглэх ч юм
биш” хэмээн бэл бэнчингээ гайхуулаад амжлаа. Түүнээс өдөрт хэдэн машин тийшээ
явж буйг лавлавал. “Шинийн 8-нд бол 100 хол давсан машин байсан. Алтан Овоо,
Шилийн богдын оройгоос харж байхад аймгийн наадам үзэхээр ирсэн наадамчин олны
машинаас хэд дахин илүү унаа тэрэг харагдана билээ. Одоо ч тэгээд хэн чадалтай,
техниктэй нь Алтан овоо, Шилийн богдод мөргөдөг болж дээ. Чи харсан бол ч
янзтай янзтай. Ирэх жил сайн бэлдэж байгаад гарна даа. Шилийн богд дээр
гарахаар дандаа томчууд л таарна шүү дээ” гэж ирээд сүйд. Үүнээс улбаалан шинийн 1, 3, 8, 15-нд багтаан Хийморийн болон
Тасганы овоон дээр гарчихаж чаддаггүй мань мэт ч ийшээ зүглэнэ гэдэг ч гэсэн
шүү бодол тээж явтал өөр нэг танил маань таарав. Тэрбээр “Энэ ч хүний сүсэг
бишрэлийн асуудал байх л даа. Үгүй ээ гэхдээ чи хө, тэр Шилийн богд дээр сайн
эр болох гэсэн эрчүүд гарч тангараг өргөдөг байсан гээ биз дээ. Гэтэл саяхан Ерөнхий
сайд тэргүүтэй баахан нөхөр Сүхбаатар хүртэл онгоцоор, цаашаа машин техникийн
хүчээр Шилийн богд, Алтан овоонд очсон гэнэ. Их л сүртэй байсан юм байх. Гэрэл
дохиогоо хангинуулаад. Ингэхэд Ерөнхий сайд, за даа тэгээд сайд ч гэлтгүй дээ,
Шилийн богд дээр гарсан эрчүүд юу гэж залбирдаг бол. Намайг хулгайч болгож
өгөөч гэдэг болов уу, эсвэл намайг дарга болгож өгөөч ч гэдэг юм болов уу”
гэхчилэн марзагнаж нуг нуг хийж байна. Үүнээс улбаалан бодлоо. Нээрэн ч тийм л
дээ. Шилийн богд дээр шилийн сайн эр болох гэсэн харчууд өдөр судар товлож
байгаад нар мандахаас өмнө гарч, тангараг юугаа өргөдөг байсан гэдэг биз дээ.
Энэ тухай Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романд тун тодорхой дүрсэлсэн байдаг.
Тухайлбал, “..Дүү минь битгий ай. Ах нь нэг ядарсан хүн байна гэж паргисан
дуугаар хэлэхэд Хонгор жалга руу орж ойртон очив. – Ах аа, та хүн үү?
гэжтолгойгоо далжийлган байлаа. Чингэхэд хоёр гаргүй хүн хэвтэж байв. Хир
хөлсөнд баригдаж үс сахал нь ургаад эрэг мөргөж байгаад гарсан сарлагийн бух
шиг болсон тэр хүний нүүрэнд хоёр нүд гялалзах ажээ. – Эр хүн, эр хүнээсээ
айххэрэггүй гээд тэр хүн инээмсэглэв. – Би айгаагүй гээд хүү эвгүй юм гарвал
буцаад зугтахад бэлхэн алгуурхан ойртов. Хатсан ширэн хөнжил дотор зөвхөн
толгойгоо гаргаад хэвтэж байгаа тэр хүний нүд гялалзан, цэлмэг хөх тэнгэр өөд
цавчилгүй ширтэж байв.
-Ах аа, та бос л доо
-Ах нь босож чадахгүй
-Яагаад босож чадахгүй байгаа юм бэ? Тэр хүн
хэсэг дуугүй болж, нүднийхээ булангаар Хонгорыг ширтэв.
-Ах нь ширлэгдсэн хүн. Луу гүний тамган
дээрээс оргоод энд ирлээ. Хүн мэдвэл намайг барьж аваад ална. Гэвч эрх хүн эр
хүндээ хайртай байдаг болохоор ахдаа тус болох байх гэж итгэж байна гэлээ. «Эр
хүн эр хүндээ хайртай» гэдэг үг Хонгорын сэтгэлд харван орж, баяртай
инээмсэглэн, ихэмсгээр хоолойгоо түрж засаад:
-Би танд яаж тус болох вэ? гэж хиймэл бүдүүн
дуугаар асуугаад хажууд нь тулж очив.
-Дүү минь хурц хутга, чадвал дээл хувцас,
хазаар, идэх юм авчир. Харин ахыгаа хэнд ч хэлж болохгүй гээд тэр хүн
инээмсэглэж том хар нүдээ ирмэлээ.
-Би ч эр хүн. Та ч эр хүн. Зодсон ч хэлэхгүй.
Бүгдийг аваад ирнэ гээд Хонгор явах гэснээ
-Ах аа. Би урьдаар үнээгээ аваачиж өгнө. Та
хүлээж байгаарай. Би заавал ирнэ гээд гүйн одлоо. Ширтэй хэвтэж байгаа энэ
хүнийг цахиур Төмөр гэдэг. Өнгөрсөн намар Луу гүний ноён сүргээс тасалж хөөгөөд
гэнэт үерлэсэн Тамирын голд мориноосоо салж үхэхийн даваан дээр аврагдахын хамт
баригдаж хэд хоног жанчигдан байцаагдсан боловч нутаг ус, нэр алдраа хэлсэнгүй.
Хэд хэдэн хүн таньж гэрчлэхэд нь «Та андууран нүгэл хурааж байна» гээд хэв нэг
инээмсэглэж байжээ. Хулгайч хүн хошуу
нутгаа хэлбэл уг хошуу чирэгдэж төлбөр төлж олонд зовлон тариад жигшигддэг
болохоор шилийн сайн эр баригдахдаа нэр ус, нутаг хошуугаа хэлэхгүйг
хичээдэг. Төмөр эр зааж, эрүү шүүлтийг
шүд зуун давж, үг дуугараагүй боловч адуу хөөсөн хэрэг нь даанч ил болохоор
ширлэгдэж жил шахам болоод хоёр хоногийн өмнө оргож бөмбөрсөөр урд шөнө энд
иржээ…” гэж ирээд нүдэнд харагдтал бичсэн байдаг юм. Эндээс л Луу гүний
Итгэлт баяны ганц хүү Хонгор шилийн сайн эр болох замаа засч Шилийн богд дээр
гарч тангараг өргөснөөр сайн эрсийн эгнээг тэлсэн ч хувь тавилан нь таагүй
төгсдөг билээ.
Дээрх яриаг сонсч байхад яагаад ч “Тунгалаг
тамир” романы энэ хэсгүүд л санаанд буугаад байв. Нээрэн л Шилийн богд, Алтан
овоо чинь сайн эрс болох гэж тангараг өргөдөг уул юм. Гэвч өдгөө үгүй болсон
бололтой. Манай эрчүүд бүгд бүр төрийн тэргүүнээсээ эхлээд Шилийн богдод гарч
тангараг өргөдөг болсон аж. Хамгийн гол нь тэдний Шилийн богд дээр гараад чин
сүсэг бишрэлтэйгээр гараа алдлан, нүдээ аниж байгаад хичээнгүйлэн шивнэдэг чин
хүсэл нь юу бол. Саваагүйтээд нэг чагнаад үзэх юм сан. Намайг шилийн сайн эр
болгоод өгөөч гэдэг юм болов уу, эсвэл… төрд зайдагнасан суудал дээр минь
удаан тухлуулж, эрх мэдэл гэж ид шидийн ташуур гарт минь атгуулж, эд хөрөнгийг
минь арвижуулж өгөөч гэдэг болов уу. Ардчилсан намынхан бөөнөөрөө очсоных лав
ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуулиас ялалт гуйсан биз. Шилийн богдод мөргөж
ирээд сүм хийд бөө удганаар баахан явсан тэдний үйлс энэ жил өнгөлөг байх биз
ээ.
Т.ТАМИР
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин