
Ер нь монголчууд юуг ч “монголчлох” чадалтай адтай улс. Гадны өндөр мэдлэг боловсролтой инженерийн бүтээсэн машиныг жирийн нэг монгол залуу монголчлоод хийчихдэг. Үхрийн гараар мах татуулах ч гэсэн монголчлох аргын нэг хэлбэр байх. Олон мянган жилийн туршид тал нутагт дураараа амьдарсан монголчууд дүрэмгүй сэтгэдгээрээ бусдаас ялгардаг. Бид юуг ч яаж ч хийж мэднэ. Хөл гаргүй дөрвөн туурайтай үхрийг хүртэл хутга бариулж мах татуулж сургасан нь бидний дүрэмгүй сэтгэх чадварын илрэл юм.
Хэдийгээр би монгол хүн ч гэсэн үхрээр мах татуулах санааг яаж олсныг гайхаад олохгүй юм. Естой л дүрэмгүй сэтгэдгийн үр дүн байхдаа. Онцгой авьяас, бүтээлч сэтгэхүйтэй тэр хүнтэй нэг уулзаж туршлагаас нь хуваалцах юмсан. Үхрээр мах татуулах санааг анх яаж олсон, үхрийг хутга барьж мах татуулахын тулд хэр хугацаа зарцуулсан, мах татаж байгаа үхэр нь монгол үхэр үү, сарлаг юм уу аль эсвэл бүр өөр үүлдрийнх гэдгийг нь мэдмээр байна. Арга барилаас нь суралцмаар байна. Магадгүй хонь, ямаа, бүр мориор ч мах татуулж сургачих ч юм бил үү.
Уншигч та удахгүй хонь, ямааны гараар татсан мах зарна гэвэл бүү гайхаарай. Үхрээр мах татуулчихаж байгаа юм чинь хонь, ямааг мах татуулаад сургачих нэг их асуудал биш байлгүй дээ. Зөвхөн мах татуулаад зогсохгүй ойр зуурын ажилд сургачихвал ч аятайхан юм байна. За тэгээд цаашилбал нохой, муурыг гэрийн ажилд сургаад авчихмаар байгаа юм.
Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин