Сэтгэгдлийн асуудлаа сайтууд өөрсдөө шийдэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Сэтгэгдлийн асуудлаа сайтууд өөрсдөө шийдэхээр боллоо

Монголын сайтуудын ассоциацийн Удирдах зөв­лөлийн гишүүн, Зиндаа.мн сайтын Ерөнхий захирал Ц.Чулуун­загдаас дараах тод­руулгыг авлаа.

-Сайтуудын сэтгэгдлийг төр хянадаг болох тухай тогтоолыг Засгийн газраас гаргасан нь нэлээд шүүмж­лэлд өртсөн. Танай бай­гууллага ч тогтоолтой са­нал нийлэхгүй гэдгээ мэ­дэг­дэж асуудлаа өөрсдөө шийдэхээр ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн хуга­цаанд ямар ажлууд өрнөв?

-Энэ оны эхээр Засгийн газраас тогтоол гаргаж сай­туудын сэтгэгдлийг зохи­цуулж байхаар болсон. Тог­тоолыг хэрэгжүүлэхээр ха­рилцаа холбооны зохи­цуу­лах хороо, Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, техно­ло­гийн газарт үүрэг өгөгдсөн байсан. Тогтоол хэрэгжсэн бол сайтаар үйлчлүүлсэн хүн бүрийг төр хянадаг, мэдээл­лийг гартаа авдаг тийм тог­толцоо руу явах байсан. Шууд хэлбэл сэтгэгдэл бичих иргэн регистрийн дугаараа оруулна. Регистрийн дугаа­рыг нь сүлжээнд оруулж Улсын бүртгэлийн газартай холбогдож хэн гэдэг хүн бэ гэдгийг нь нягтална. Ингээд үүрэн холбооны операто­руудтай мөн холбогдож утасны дугаарыг нь илрүүлж сэтгэгдэл бичих код өгөх юм. Энэ нь тухайн сэтгэгдэл бичих иргэний дэлгэрэнгүй танилцуулга болж улмаар сэтгэгдэл бичсэнээсээ болж эрсдэх магадлалыг ч дагуулж болохоор байсан. Ер нь Засгийн газрын гаргасан уг тогтоол иргэний аюулгүй бай­дал гэлтгүй олон талын сөрөг үр дагавартай. Адаг­лаад л хэлэх, бичих эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүйд хүрнэ. Мөн сайтууд сэтгэгдлийн сис­темийг өөрийн бай­гууллага дээрээ байр­шуулс­наар бүх сайт нэг системтэй болно гэсэн үг. Энэ нь сайтын эзэн болон сэтгүүлчид нь бус төр мэддэг болно гэсэн үг. Тиймээс бид энэ утгагүй зүйлийн эсрэг Засгийн газ­рын хэрэгжүүлэгч агент­ла­гийн удирдлагуудтай хэлэл­цээрийн ширээний ард сууж сэтгэгдлийг зохицуулах журмыг баталж гуравдугаар сарын 15-наас мөрдөхөөр боллоо. Бид нэг зүйл дээр Засгийн газартай санал нэг­дэж байсан учраас хэлэл­цээрийн ширээний ард суу­сан. Тэр нь сэтгэгдлийг зохи­цуулж шударга бус үйлдэл, үг хэллэг, дайн, садар самуунд уриалсан мэдээлэл гаргахгүй байх тухай. Үүний төлөө явж болно. Гэхдээ төрийн гарт сайт очиж болохгүй, сэтгэгдэл бичигчдийн дэлгэрэнгүй нам­тар ил гарч болохгүй гэдэг зарчмыг баримталсан.

-Тэгвэл журмыг  яаж бо­ловсруулав. Сайтын сэтгэг­дэл ирэх сарын 15-наас ямар хэлбэрт шилжинэ гэ­сэн үг вэ?

-Хоёр сарын турш жур­мыг гаргахаар ажиллаж өнөө­дөр (өчигдөр) баталж манай ассоциаци хамтарч ажиллахаар гарын үсэг зур­лаа. Ингэхдээ сайтын ре­дакци өөрөө сэтгэгдлийг зо­хи­цуулдаг байхаар болж бай­на. Шууд хэлбэл сэтгэгдлийн систем илүү боловсронгуй болж байна гэсэн үг. Ингэс­нээр өдөрт нэг удаа сэтгэгд­лийг хянадаг болно. Үүний үр дүн нь хууль бус сэтгэгдлийг оруулахгүй байх, улмаар дайн, садар самуунд уриал­сан үг хэллэгүүд сэтгэгдлээр дамжин цахим ертөнцөд нэвт­­рэхгүй гэсэн үг. Түүнчлэн сэтгэгдэл бичих цонхон дээр "Бусдыгаа хүндэлж соёлтой оролцоорой. Ёс зүйн алдаа­тай утга агуулга бүхий мэдээ­лэл оруулбал таны сэтгэгдэл блоклогдоно" гэдгийг анхаа­руулж байхаар болсон. Ха­рин хувь хүнийг гүтгэсэн сэт­гэгдэл тавигдсан байвал сай­тын редакцид гомдол гарга­даг болно. Гомдлыг 24 цагийн дотор төлбөр мөнгө авалгүй­гээр зохицуулах үүр­гийг сай­тын редакц хүлээнэ. Бас хориотой үгийн сан буюу шүүлтийн системийг хамгийн олон үгтэйгээр байгуулах үүргийг хүлээсэн.

-Сэтгэгдлийн асуудлыг төрөөс шийдэж өгөх гэтэл эсэргүүцээд өөрсдөө арга хэмжээ авахаар боллоо. Гэхдээ сайтыг тойрсон олон асуудал байна. Оюуны өмчийн хулгай, шударга бус өрсөлдөөн гэх мэт?

-Сайт гэдэг мэдээллийн талбар үүсээд 10 орчим жил болж байгаа хэрнээ орчиндоо хамгийн их асуудалтай нь. Гэхдээ Мэдээллийн сайтуу­дын ассоциацид нэгдэх жу­рам гэж бий. Журмаар өөрийн гэсэн редакцитай, оюуны өмчийг дээдэлдэг сай­туудыг гишүүнчлэлдээ эл­сүүлдэг. Мэдээж Монголд мэдээллийн олон сайт байгаа учраас бидний тавьдаг шаард­лагад нийцэх нэг хэсэг байхад шаардлага хангахгүй бусад хэсэг нь ч байдаг. Тийм­дээ ч оюуны өмчийн хулгай, энэ асуудал зөрчигдөж бай­гаа олон тохиолдол өдөр бүр гарсаар байна. Шударгаар өрсөлддөг хэвлэлийн бай­гууллага мэдээлэл үйлдвэр­лэдэг. Харин бусад нь хул­гайлж, хуулбарлаад, линкэлж байна гэдэг нэрийдлээр өөрийн сайтад тавьдаг. Энэ нь оюуны өмчийн хулгайн түгээмэл хэлбэр болж байна. Тэгэхээр энэ байдлын эсрэг манай ассоциаци хүчтэй ажиллаж бусдадаа уриалдаг. Бүр таван жилийн тэртээгээс яригдаж, бид хэлж шаардаад дийлэхээ байгаад хуулийн байгууллагад өгсөн удаа ч байна. Зарим сайтуудын гомдлоор Zaluu.com гэдэг сайтын үйл ажиллагааг хааж байх жишээтэй. Тус хаагдсан сайт бусдынхаа мэдээллийг нэг дор цуглуулж нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг ажил­ладаг байсан. Ингэж бусдын хөдөлмөрөөр хамгийн их хан­далтыг авч тэр чинээгээрээ орлого олдог байсан. Оюуны өмчийг хулгайлахын зэрэгцээ шударга бус өрсөлдөөний нэг хэлбэр байсан. Zaluu.com хаагдсанаар цахим мэдээл­лийн хэрэгслийн үйл­чилгээ үзүүлдэг байгуул­ла­гынханд цочроо, анхааруулга өгсөн байх. Гэхдээ 100 хувь цэг­цэрсэн гэвэл үгүй. Тиймээс Оюуны өмчийн газар, ха­рилцаа холбооны зохицулах газар гээд холбогдох бай­гууллагууд тодорхой төлөв­лөгөөний хүрээнд ажиллаж байгаа юм билээ. Энэ асууд­лыг шүүмжилж, шахаж шаар­даад байвал арилахгүй гэх газаргүй юм.

Л.ТӨР

Эх сурвалж: Өдрийн сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж