Төмөр замд ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Төмөр замд ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. Энэ шийдвэрлэх үед “Ардын эрх” сонин “Төмөр замын бодлогод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?” хэлэлцүүлгийг явуулж байгаа билээ. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудал дээр гишүүдийг талцуулаад байгаа хоёр асуудлын эхнийх нь төмөр замын сүлжээ буюу хойшоо урагшаа чиглэл, хоёр дахь өргөн нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэдэг асуудал. Олны анхаарлыг татаж байгаа энэ маргаантай асуудлаар зарим эдийн засагчдын санал бодлыг сонслоо.

Шинэтгэлийн хороо төмөр замын бодлогыг тодорхойлох учиртай

“Монгол дээд сургууль”-ийн захирал Н.Дашзэвэг:

-Төмөр замын тухайд эдийн засгийн үр ашигтай хувилбарыг сонгох нь зүйтэй. Яг одоогийн байдлаар төмөр замын бодлого тун тодорхойгүй байна шүү дээ. Хятад руу бол нарийн, ОХУ руу өргөн царигтай төмөр зам тавина гэдгээс илүү тодорхой зүйлгүй хэвээр байна. ОХУ-ын байр суурь бол тодорхой байгаа. Хэдийгээр Хятадынхаас гурав дахин урт зам туулах боловч хямд өртгөөр нүүрс тээвэрлэе гэдэг саналаа ирүүлээд байгаа. Харин Хятадын ямар хэсэг рүү ачаа тээвэрлэхээ ч бүрэн шийдэж амжаагүй л байна шүү дээ. Замын-Үүдээр бол одоогийнхоос илүү хэмжээний ачаа тээвэрлэх боломжгүй. Нарийн Сухайт руу гэхээр хилийн цаад талдаа Хятадын хүчин чадал ямар байх нь тодорхойгүй. Дорнод, Сүхбаатараар дамжуулан Хятадын гол төмөр замтай холбоно гэхээр тус улсын Засгийн газрын байр суурь, баталгаа нотолгоо одоогоор үгүй.

Хятад улс манайд ашигтай хувилбарыг зөвшөөрөөгүй тохиолдолд өргөн царигийн төмөр замыг сонгох хэрэгтэй. Иймд удахгүй манай улсад айлчлах БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргын айлчлалыг хүлээн байж шийдвэрээ гаргах ёстой. Харин хувилбарыг бол боловсруулчих ёстой л доо. Бүр Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулаад Хятадын удирдагчдад санал болгох ёстой. Гэхдээ энэхүү хувилбар болоод ТЭЗҮ-г Зам тээвэр барилга хот байгуулалтын яам бус Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо үндэсний эрх ашигтай нийцүүлэн боловсруулах нь дээр. Салбарын сайд нь илт нэг талыг баримталсан байр суурьтай байгаа нь өрөөсгөл асуудал. Яам аль нэг талыг нь лоббидоод, нөгөөг нь адлаад байгаа ийм нөхцөлд төмөр замын талаарх бодлогыг Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд даатгахаас аргагүй. Төмөр зам гэдэг бол ганц манай улсын асуудал биш. Бүсийн хэмжээний, олон орны олон хот тосгодын хөгжил, дэвшилтэй холбоотой учир дангаар шийдэх нь оновчтой бус.

-Урд хөрш рүү нарийн царигийн төмөр зам тавих нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой гэж зарим хүмүүс үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлнө гээд байгаа хэрэг вэ. Тийм л их айгаад байгаа юм бол хилээ хаагаад, буугаа хараалаад хэвтэхгүй юу, тэр хүмүүс. Хятад Монголыг эзэлнэ гээд тайлбарлаад байгаа хүмүүсийг цэцэрлэгийн хүүхдийн сэтгэхүйнээсээ ангижрахыг зөвлөмөөр байна. Ямар дайн байлдаан төсөөлөөд хаширлаад байгаа юм бэ. Хятад Монголыг ямар нэг байдлаар эзлэхийг ОХУ ч, АНУ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятадад дотооддоо ч Өвөрмонгол, Шинжан Уйгарынхан нь бослого гаргана биз дээ. Тийм дэмий тайлбарт бүү итгэ. Харин ч Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр зарагдаж чадахгүйд хүрвэл үндэсний эрх ашиг хөндөгдөнө шүү дээ.

Эдийн засгийн ашгаас илүү нийгмийн үр дагаврыг нь тооцоосой

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:

-Төмөр замын тухайд өргөн царигийнхыг сонгох нь дээр дээ. Нарийн царигийн төмөр зам тавих нь эдийн засгийн хувьд ашигтай гээд байгаа ч ашгаасаа илүү нийгмийн үр дагаврыг нь харах хэрэгтэй. Бизнесийн ашгаас улс орныхоо эрх ашгийг илүүд үзэх цаг ирээд байна шүү дээ. Нэг улсын хэмжээнд нэг цариг тавьснаар алдах нь юу л бол. Харин нарийн царигийг дагаж, гадны мэргэжилтнүүд орж ирэхээс эхлээд нийгмийн салбарт нар тусахаасаа илүү сүүдэр дагах магадлал байгааг мартаж болохгүй.

Хойд Солонгос хүрэх маршрут хамгийн оновчтой нь

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал:

-Монгол Улс уул уурхай, ашигт малтмалын ордоо эргэлтэд оруулснаар асар их хэмжээний ашиг олох боломж бүрдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар л тээвэрлэнэ. Тийм болохоор төмөр замын асуудлаар стратегийн шийдвэр гарах учиртай. Өөрөөр хэлбэл, өнөө маргаашийн ашиг харсан шийдвэр байх ёсгүй. Хамгийн ойр дөт зах зээл гэдгээр нь сонголт хийвэл буруу. Ашигт малтмалын салбар бол нэг хоёр жилийн асуудал биш доор хаяж хагас зууны дараахийг харах ёстой. Аль нэг орны хараат байхаар бус олон зах зээл, олон эрх ашгийн уулзвар байхаар тооцоосой. Оюутолгой, Тавантолгой, Сайншанд, Дорнод гээд олон хувилбар яригдаж байгаа ч Хятад, Оросоор дамжаад Хойд Солонгост хүрэх маршрут хамгийн оновчтой нь санагддаг. Хойд Солонгосоор дамжин олон улсын зах зээлд хүрч чадвал манай улсын нэр хүндэд ч эерэгээр нөлөлөх болно.
Өргөн царигийг сонгох нь зардал бага, илүү найдвартай

“Хан-Уул” дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэл:

-Өргөн царигийн төмөр зам бол манай улсын хувьд үндэсний зам гэж хэлж болно. Олон улсын шаардлага, геополитик ч тийм байна. Тиймээ, Засгийн газрын баримталж буй байр суурь, боловсруулсан хувилбар нь зөв гэж би хувьдаа боддог юм. Ер нь бол манай улс зөвхөн хойд, урд хөрш гэлтгүй Баруун Европ, Солонгос, Японд хүрэх гарцыг давхар хайх, дэлхйин зах зээл дээрх эрх ашгийг хамтад нь бодолцох л учиртай. Өргөн царигийг үеэ өнгөрөөсөн гэж адлах хүмүүс мэр сэр байдаг. Өнөөдөр манай олон салбарт урд хөрш маань монополь байдалтай байгаа. Төмөр зам бол олон улсын стратегийн ач холбогдолтой салбар. Тиймээс сайн бодож, болгоож шийдэх ёстой. Өргөн царигийн төмөр замыг сонгох нь дотооддоо зардал багатайн дээр илүү найдвартай.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж