Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал улс төрийн наймааны дэнчин болоод дуусч байгаа нь энэ. Энэ наймаа Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардаж буй ерөнхий сайд Бизина Иванишвили, хуулийн өөрчлөлтөд гарын үсэг зурахгүй гэдийж буй ерөнхийлөгч М.Саакашвили нарын хооронд явагдсан юм. Өнгөрсөн аравдугаар сард нам нь парламентын сонгуульд ялагдсанаар сөрөг хүчний суудалд шилжсэн М.Саакашвили аюулгүй байдлаа баталгаатай болгож авахын тулд сонгуулийн маргааш шахуу тушаал гаргаж, өөртөө харъяалагддаг Төрийн тусгай хамгаалалтын албанд илүү эрх мэдэл олгосон бөгөөд ингэснээр уг алба төрийн өндөр албан тушаалтнуудын зарлагыг хянах, дээд хэмжээний зочдыг хүлээж авах асуудлыг хариуцдаг болсноос гадна төрийн холбоог мэдэлдээ авсан билээ. Гэвч сонгуульд ялсан “Гүржийн мөрөөдөл” эвсэл хамгаалалтын албыг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх санаачлагыг арваннэгдүгээр сард гаргаж, улмаар өнгөрсөн хоёрдугаар сард “Төрийн тусгай хамгаалалтын албаны тухай” хуулинд өөрчлөлт оруулснаар М.Саакашвилийн гар мухарджээ. Хяналтын өргөн эрхтэй энэ албаны даргыг ерөнхий сайд томилдог, үйл ажиллагааг нь Засгийн газар удирдаж зохицуулдаг болов.
Өнөөг хүртэл энэ албаны даргаар ерөнхийлөгчийн хамгаалалтын тасгийн дарга Тимур Жанашия ажиллаж байсан бол өнгөрсөн мягмар гаригт Б.Иванишвили түүнийг ажлаас нь халж, өөрийнхөө хамгаалалтыг удирдаж байсан Анзор Чубинизег томилсон юм. Мөн өдөр ерөнхий сайд, хоёр гурван өдрөөс хэтрэлгүй Үндсэн хуулийн өөрчлөлтөд гарын үсэг зур гэж М.Саакашвилиг тулгав. “Үндсэн хуулийн дарангуйллаас татгалзаж байна уу үгүй юу, парламентын зөвшөөрөлгүйгээр Засгийн газрыг огцруулдгийг болих санаачлагыг дэмжиж байна уу үгүй юу гэдгээ ойрын хоёр гурван өдрийн дотор тов тодорхой, хоёргүй нэг утгаар хэлнэ үү гэдэг саналыг танд сүүлчийн удаа тавьж байна” гэж ерөнхий сайд өгүүлсэн байна. Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд М.Саакашвили гарын үсэг зурвал, ерөнхийлөгч парламентыг дуртай үедээ тараах эрхтэй болох бөгөөд одоогийн заалтаар бол ерөнхийлөгч сонгууль болж өнгөрснөөс хойш зургаан сарын дотор мөн бүрэн эрхээ дуусгавар болохоос өмнөх хагас жилд парламентыг тараах нь хориотой юм. Мөн ерөнхийлөгч Засгийн газрыг парламентын зөвшөөрөлгүйгээр тараах эрхгүй, өөрийнх нь бүрдүүлсэн Засгийн газрыг парламент хүлээж авахгүй бол бүрэн эрхтэйд тооцох бололцоогүй болох ажээ.
М.Саакашвилийн хамгаалалтаасаа татгалзсан явдлыг ажиглагчид тайлбарлахдаа, түүний аюулгүй байдлын дэнчин нь Үндсэн хуулийн өөрчлөлт болсонтой холбоотой гэж байгаа нь оргүй зүйл огт биш юм. “Ерөнхий сайд Төрийн тусгай хамгаалалтын албаны даргыг өөрчилснийхөө дараа, ерөнхийлөгчийг хамгаалалттай байя гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд гарын үсэг зур гэж байгаа нь нэг ёсондоо барьцаалж буй хэрэг мөн” гэж Гүржийн төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Манана Манжгалазе мягмар гаригт мэдэгджээ.
Парламентын сонгуулийн үр дүнгээр сөрөг хүчний суудалд шилжсэн Гүржийн ерөнхийлөгч улс төрийн өрсөлдөгчдийнхөө зүгээс тэртэй тэргүй нэлээд хатуу юм амсаж байгаа билээ. Тухайлбал өнгөрсөн оны аравдугаар сард Батлан хамгаалахын сайд Ираклий Аласания ерөнхийлөгчийн хоёр онгоцны зардлыг дийлж хүч хүрэхээ байх нь хэмээн анхааруулж байв. Эдгээр онгоцыг арчилж байхад сардаа 800 мянган лари буюу 485 мянган доллар зарцуулж байна хэмээн сайд мэдэгдсэн бол одоо ерөнхийлөгчийн үйлчилгээнд ганцхан онгоц үлдсэн, харин зарлагыг нь Төрийн тусгай хамгаалалтын алба хянах болж байна. Мөн үүнээс гадна М.Саакашвилиг ерөнхийлөгчийн ордноос өөр газар суухыг эрх баригчид шаардсан бөгөөд ордны үйлчилгээнд зарцуулж буй хөрөнгө улсын төсөвт дарамт болж байна хэмээн ерөнхий сайд мэдэгдсэн билээ. Тэгвэл эрх баригч эвсэлд багтдаг “Эрх чөлөөт Гүрж” нам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эсэргүүцэл илэрхийлж, Гүржийн төрийн далбааг М.Саакашвилийн талынхан намынхаа далбаа болгон хэрэглэж байгааг хориглохыг шаардсан юм. 2003 оны “Сарнайн хувьсгал”-ын дараа М.Саакашвилийн “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам өөрийн далбааг Гүржийн албан ёсны далбаа болгосон түүхтэй.
Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин