“Торго” салоны анхны дизайнераар ажиллаж байсан түүнийг хүмүүс зүсээр нь танихгүй байж мэдэх ч бүтээлээр нь бол андахгүй. Тэрбээр 1999 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөөд удаагүй байхдаа уг салоны анхны загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн. Монгол үндэсний дээл, хувцасны сонгодог загварыг тайзны, шоуны зориулалтаар шинэ түвшинд гаргаж ирсэн. Охид залуус, эмэгтэй, эрэгтэйчүүдийн гоёлын дээл, хувцсыг орчин үеийн хэв маягтай болгох моод дэлгэрүүлсэн хүн бол тэр. Үндэсний хувцасны элементүүдийг пиджак, хослол зэрэгт суулгах, энгэр, мөрийг захиалагчийн хүссэнээр хийх зэрэг уян хатан загваруудыг тэр л анхлан санаачилсан. “Торго” салон 2003 онд анхны загварын шоугаа үзүүлэхдээ толилуулсан Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцасны загварыг мөн л тэр гаргаж алтан гартай оёдолчид нь урлажээ. Энэ мөчөөс хойш түүний монгол үндэсний хувцасны эрхэм, хосгүйг харуулсан олон загвар, бүтээл Францын Лион, Оросын Москва зэрэг дэлхийн томоохон хотуудад Монголын нэрийн өмнөөс явж байлаа.
Зураач 2004 оноос бие дааж ажиллах болов. Өнөө л өөрийн дуртай үндэсний хувцастайгаа ноцолдсоор, сүүлдээ Өвөр Монголын Хөлөнбуйр, Шинжаанд уригдлаа. Тэнд ч гэсэн монгол дээлнийхээ л загвар дээр ажилласаар байв. Улмаар Монгол Улсын болон Өвөр Монголын бизнесмэнүүд хамтарч Хөлөнбуйрын Эрүгэнэ хэмээх газар хэрэгжүүлж буй аялал жуулчлалын цогцолбор байгуулах “Шугуй” төслийн хүрээнд VIII зууны үеийн монголчуудын дээл, хувцасны загвар гаргах ажил мөн түүнд ирсэн. Энэ бүхнийг хийхийн тулд монгол үндэстнийхээ, ястан бүрийн ахуй, хэрэглээ, хувцас, өмсгөл, зүүлт, улмаар урлаг, соёлыг судалж, түүхийн ном, сурвалж уншиж хэрэгтэй зүйлээ хайсаар, зурж бүтээсээр өдгөө Монголын бүхий л ястнуудын дээлний загварын цуглуулгатай болоод буй аж. Бүхэл бүтэн коллекц материалтай болсон, дээр нь сүүлийн жилүүдэд загвар гаргахын зэрэгцээ уран зураг нэлээд зурсан болохоор эдүгээ уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн гаргах хэмжээний бүтээлүүдтэй болжээ. Цаашид хувцасны загвар гэхээс илүүтэй зурахдаа илүү цаг зав гаргана хэмээж буй зураач Д.Мөнхбаясгалан гэрэл цацруулах мэт өнгөлөг, өөдрөг зургуудынхаа дунд кофе уун сэтгэл ханамжтай суухыг харах сайхан байлаа.
Бүсгүй өөрөө шингэн цагаан царайтай, гялалзсан нүдтэй. Зургуудаа тайлбарлаж ярихаар нүд нь гэрэлтээд, яриа нь бодлоо гүйцэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрөөд байсан. Тэрбээр зургуудаа нийтэд нь “Зураад л цааш нь харуулж тавиад байсан. Хэдэн жилийн өмнө бүтээсэн нь ч адил, сүүлд зурсан нь ч ижил ингэж олууланг нь дэлгэж харж байгаагүй болохоор, тойруулж тавьж байгаад харахад бүгд л нэг их ассан зургууд болж. Би эхлээд өөрийгөө гайхсан л даа. Өмнө нь ийм сэтгэгдэл төрж байсныг санахгүй байна. Харин одоо бол баяртай байна. Сургуульд байхад багш маань бидэнд байн байн “Зураасааа амилуул, билгийн мэлмийгээ нээж хар” гэж хэлээд байдаг байсны учир ч олдох шиг” хэмээн ярина.
Туурвисан эзэн нь бүтээл бүр дээр гарын үсгээ зурж, “Энэ минийх” хэмээн хүлээн зөвшөөрсөн болохоор ч тэр үү, эгээ л уралдааны замд гарах гэж буй хурдан хүлгүүд гарааны зурхай руу амгай даран тэмүүлэх мэт өнгөлөг.
“Эхийн хайр”, “Дээд нийслэл”, “Хотлыг үзэгч нуур”, “Хязгааргүйгээс хязгааргүйг авахад хязгааргүй үлдэнэ” гэх зэргээр нэрлэсэн өнгө, өгүүлэмж төгс сайхан зургууд ирэх сарын 6-нд Монголын уран зургийн галерейд нээгдэх “Мөнх бусын доторх мөнхийн үргэлжлэл” хэмээн нэрийдсэн зурсан эзнийхээ уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнд олны өмнө торгон жолоогоо өргүүлэх өдрийг хүлээн буй. Дүрслэн зурсан зургуудыг юунд тэгтэл морь, хурдан хүлэгтэй адилтгадаг юм бэ дээ гэх вий. Үнэндээ зураачийн дотоод ертөнцийн тайлал болсон эдгээр нандин бүтээлийг ийн хэлэхээс аргагүй байсан юм.
Тэрбээр “Хүнийг хүсэл тэмүүлэл нь хөтөлж явдаг юм байна. Би дүрслэх урлагийн салбарт 14 жил дандаа хувцас загвар дээр ажиллаж байхдаа үргэлж л “Зурна даа” гэж бодож байсан. Тэгээд сүүлийн жилүүдэд гоё сайхан ном нэлээд уншсанаас тэр үү, бүхнийг орхиод зурж эхэлсэн. Зураад л байсан, зураад л байсан. Тэгэхэд ийм бүтээлүүд төрсөн дөө. Ямар нэг урсгал чиглэлд баригдахгүй, дотооддоо юу харж, төсөөлж байгаагаа буулгасаар бусадтай хуваалцах, санаа оноог нь сонсох хэрийн бүтээлүүдтэй боллоо. Одоо л эднийгээ үзэсгэлэнд тавьж эрхийг нь олгох гэж байна” хэмээн ярих нь түүний зургууд амьтай гэдгийг илтгэх ч шиг. Бүтээлүүдээ тайлбарлахдаа яг л хүүхдийн тухай, хүний тухай ярьж байгаа юм шиг хайрлаж, илж таалах мэт хандах нь уран бүтээл төрдөг юм байна гэдгийг илгэх мэт.
Ийм нэгэн ажил хэрэгч, зогсолтгүй хөдөлмөрлөгч авьяаслаг зураач Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан уран бүтээлийн бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулах нь ээ. Зураач, урлаг судлаач Л.Батчулууны зөвлөснөөр “Мөнх бусын доторх мөнхийн үргэлжлэл” хэмээн нэрийдсэн үзэсгэлэнгээ УИХ-ын эмэгтэй гишүүд болон Монголын урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр үзэгч түмэнд дэлгэх гэж байна. Буй ертөнцийг, зүүдний ертөнцөө ч дотоод мэдрэмждээ тулгуурлан ямар гайхалтай тансгаар дүрсэлснийг эрхэм авхай та таалан болгоох биз ээ.
Түүний сэтгэл татам нэгэн бүтээлийг далайн ёроолын амьдралыг дүрсэлсэн юм болов уу гэж харж буй тухайгаа хэлэхэд өөрөөр тайлбарлав. Тэр байгаль зуржээ. Байгаль дэлхийн түмэн сайхныг арай илүү нарийвчлан зураачийн нүдээр харвал ингэж дүрслэгдэх болов уу хэмээсэн юм. Өнгө ч, дүрсүүд ч, хоорондын зохицол ч тэр төгс санагдсан.
Тэрбээр эхийн хайрыг илэрхийлэхдээ ихэд ихэмсэг гурван хатан дүрсэлжээ. Өнгө нь улаан. Ижий гэдэг эрхэм хүн жаргалтай ч сэтгэл нь хэзээд үрийнхээ төлөө шаналж байх тул амрах гэдгийг мэддэг болов уу. Энэ мэдрэмжийг өгүүлэхийн тулд хатдын хоёр нь урагш харан тэмүүлж явах зуур нэг нь “Юу билээ” гэх шиг эргэн харж буйгаар дүрсэлжээ. Зурууч энэ мэт дүрслэл, өгүүлэмж төгөлдөр зураг бүтээлүүдээрээ үзэгчдээ урьж байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин