-Тамхины хяналтын тухай хуулиар нэлээд хэдэн газарт тамхи татахыг хориглосон. Гэвч тус хуульд хаана тамхи татаж болох талаар ерөөсөө байхгүй юм шиг. Ер нь хаана тамхи татаж болох юм бэ. Тамхи татах цэг байгуулах уу?
-Тамхины хяналтын тухай хууль тогтоомжид “Тэнд татаж болно. Цэг байгуулна” гэсэн албан ёсны заасан юм байхгүй. Ер нь бол яагаад тус хуулийг хэрэгжүүлж, тамхидалтыг багасгах гээд байна вэ гэхээр дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс хамгийн их тамхидалттай буюу тамхи татаж байгаа хүний тоо ихэссэн. Үүнийг дагаад тамхи худалдаалах газар олон болж байгаа. Мөн хүүхэд залуучууд маань маш их тамхи татаж, улмаар тамхинаас шалтгаалсан өвчлөл ихэсч байгаа учраасТамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, аль болох тамхины хэрэглээнээс татгалзах талаар тодорхой хэмжээний зөвлөгөө өгдөг байхаар зааж өгсөн. Өнөөдөр манай залуучууд маань яагаад тамхигүй, архигүй орчинг бүрдүүлж, түүгээрээ үйлчлүүлж болохгүй гэж. Манай төр, засгийн бодлого ч ийм. Тиймээс энэхүү үйл ажиллагааг дэмжих гэж Тамхины хяналтын тухай хуульд тамхи татахыг хориглосон газрыг олон тоогоор нэмсэн.
-Тус хуульд олон газарт тамхи татахыг хориглосон болохоор хүний эрхэнд халдаж байна гэж үзэх хүн олон байгаа?
-Тийм ээ. Энэ хуулийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа. Тамхи татдаггүй хүмүүс ашгүй дээ гэж бодож байхад татдаг хэсэг нь бухимдаж байх жишээтэй. Аливаа нэг албан байгууллагын ариун цэврийн өрөө рүү ороход тамхины утаа, үнэр маш их байдаг. Тэр утаа, үнэрийг үнэртэж байна аа гэдэг чинь дам тамхидалт болж байна гэсэн үг юм. Тамхи татаж буйгаа хүн тамхинаас ялгардаг хорт утааны 20 хувьд нь хорддог бол хажууд нь байгаа хүн 80 хувь хорддог гэсэн судалгаа байдаг. Ер нь тамхи татдаг хүмүүс энэхүү хорт зуршлаа болих хэрэгтэй. Хэрвээ больж чадахгүй бол гэр орондоо татах хэрэгтэй.
-Гэр орондоо татаж болох уу?
-Гэр орон гэдэг чинь тухайн хүний өөрийнх нь өмч шүү дээ.
-Тэгвэл машиныхаа цонхыг онгойлгочихоод тамхи татаад явж болох уу?
-Хуулиндаа машин дотор тамхи татаж болохгүй гэсэн заалт байхгүй. Тиймээс болох л байх. Учир нь та өөрийнхөө хувийн өмчинд, хоёрдугаарт ганцаараа явж байгаа. Харин хажууд чинь хүн байвал дам тамхидалт болно. Тэгэхдээ Тамхины хяналтын хуулийг хэрхэн хэрэгжүүлэх журам удахгүй гарна.
-Тамхи татахыг хориглосон газар татсан хүнд тодорхой хэмжээний мөнгөн торгууль ногдуулна гэж байсан. Ер нь тамхи татаж буй хүмүүст хэрхэн хяналт тавих вэ?
-Аливаа байгууллага дотоод журамдаа тамхи татсан хүнд ногдуулах арга хэмжээг тодорхой зааж өгсөн байх хэрэгтэй. Жишээлбэл манай байгууллагын дотоод журамд тамхи татахыг хориглочихоод байхад тухайн ажилтан тамхи татвал цалингаас нь тодорхой хэмжээг торгууль маягаар суутгана гэж заасан. Ерөнхийдөө тухайн байгууллагын ажилчид өөрсдөө хяналт тавих юм. Түүнээс биш тэнд тамхи татлаа гэсэн болгон дээр цагдаа, мэргэжлийн хяналтынхныг дуудаад байх боломжгүй учраас байгууллага доторх хяналтыг ажилчид тавина. Харин хуулийн хүрээнд хориглосон газар тамхи татсан иргэнд 50 мянган төгрөг, албан тушаалтан хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэн торгууль ногдуулна гэж заасан байгаа.
-Дээд албан тушаалтнаасаа авахуулаад доод албан тушаалтан хүртлээ бүгд тамхи татдаг албан байгууллага бий. Байгууллагынхаа дотоод журамд тамхи татахыг хориглочихсон хэрнээ зөрчөөд тамхи татаад байвал яах вэ. Үүнийг мэдэж шалгах, цаашлаад хариуцлага тооцох боломж байгаа юу?
-Хэн нэг хүний тамхи татсанаас болж хордсон тухайн иргэний гомдлыг утсаар хүлээж авна. Ерөнхийдөө хяналтыг бүх шатны Засаг дарга нарт Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх эрх нь нээлттэй байгаа. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага гээд бүх албан тушаалтнуудад нээлттэй байгаа.
-Тамхины хяналтын тухай хуульд тамхи худалдаалахыг хориглосон газруудыг заасан. Үүнд баар, цэнгээний газар орж байгаа. Гэвч эдгээр газарт тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгодог. Тэгэхээр энэ тусгай зөвшөөрөл байхгүй болно гэсэн үг үү?
-Тамхи худалдаалах зөвшөөрлийг дүүргүүдийн Засаг дарга нар олгодог. Тийм учраас байхгүй болох үгүйг нь сайн мэдэхгүй байна.
Манай улс ньтамхины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр бичигддэг байна. Өнгөрсөн 2003 онд хийсэн судалгаагаар нийслэлд амьдрах насанд хүрсэн хүн амын 47 хувь нь тамхи татдаг гэсэн тооцоо гарчээ. Тамхи татдаг хүмүүсийг хүйсээр нь ангилбал 65 хувийг эрэгтэйчүүд, 21 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 2009 онд хийсэн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох” судалгаагаар 15-64 насны хүн амын 27.7 хувь нь тамхи татдаг бөгөөд эрэгтэйчүүд 48 хувь, эмэгтэйчүүд 6.9 хувийг эзэлж байсан байна.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин