Тээврийн хэрэгслийн татвар хураалт маргаашнаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн татвар хураалт маргаашнаас эхэлнэ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураалтыг маргааш эхлүүлэхээр боллоо.  Энэ нь нийслэлийн хэмжээнд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд албан татвар,төлбөрийг хүлээн авна. Харин зургадугаар сарын 10-24 –ний өдрүүдэд хяналтын үзлэг, шалгалтыг хийх ажээ. Энэ жилийн хувьд үзлэг, оношлогоог нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгино хайрхан дүүргүүдэд явуулах бол татвар, төлбөрийг дор дурдсан байршлуудад авах юм байна.

Бүрдүүлэх шаардлагатай материал:

Иргэн:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх

ААНБ:

  •  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
  • Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Албан татвар, төлбөр төлсөн  баримт
  • Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/ тус тус шаардлагатай аж.

Үзлэг, оношлогоо, татвар, төлбөр хураалтын тухай Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын албаны Дэд захирал Н.Зоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Үзлэг оношлогоог гурван дүүрэгт хийнэ гэж байна. Тэдгээр газар нь хаана байрладаг вэ?

-Нэгдүгээрт, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд, хоёрдугаарт, Чулуун овоо, Авто вокзалын байранд,  гуравдугаарт, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Автобус-2” ХК-ийн хойд талд тус  тус үзлэг, оношлогоонд ирж хамрагдах ёстой.

-Энэ жилийн хувьд татвар, төлбөр хураалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн үү?

-Сүүлийн жилүүдэд мөрдөж байсан хувь хэмжээ хэвээрээ байгаа. Тэгэхээр тээврийн хэрэгслийн хүчин чадал, төрлөөс шалтгаалан төлөх төлбөрийн хувь хэмжээ харилцан адилгүй. Өөрийн тээврийн хэрэгслээ үзлэгт оруулж, хэдий хэмжээний татвар, төлбөр төлөхөө мэдэхийг хүсвэл 70110705, 1288 дугаарын утаснаас лавлах боломжтой.

-Заасан хугацаанд татвар, төлбөрөө тушаагаагүй, үзлэг оношлогоонд хамрагдаагүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Хамрагдаагүй бол авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Гурвалжин наалт наагаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оруулахгүй бөгөөд энэ тал дээр Замын цагдаагийн газартай хамтран ажиллана.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж