Улсын хилээр 100 сая юань өвөртөлж ирсэн монгол бүсгүй хил гаалийнханд саатуулагдаж гэнэ.
Энэ бол урин дулааны цаг ирж, ноос ноолуурын сезон эхэлж байгаагийн дохио. Тэр мөнгөний цаана хятадууд байгаа, эхлээд мөнгөө нутгийн хүнээр илгээж хойноос нь өөрсдөө очиж ноолуур авна. Иймэрхүү дүр зургийг жил жилийн хаврын өдрүүдэд хаанаас ч харж болохоор л байдаг шүү дээ. Азгүйтсэн нь л энэ эмэгтэй болохоос.
Ноолуур бол Монголын эдийн засаг гэх их мөрний урсац ихтэй нэг цутгалан нь байгаа юм. Хамгийн гол нь барагтайд шавхагдашгүй, нөхөн төлждөг алт гэсэн үг. Уул уурхайн үйлдвэрлэлийн гар ганзаганд хүрэхээс өмнө монголчуудын амин зуулгын нэлээдгүй хэсгийг энэ ноолуур залгуулж байсан билээ. Монгол уул уурхайгаасаа илүүтэй ноолуураараа алдартай байсан. Бэлээхэн байдаг энэ боломжоо харин тэр бүр чулуу болгож чадахгүй, түүхий эдээ урд хил давуулж алдсаар 20 гаруй жилийг ардаа үдэж байна. Үүнийг бидний бас нэг урагшгүйтэл гэхээс яахэв.
Монгол дэлхийд ноолуур үйлдвэрлэгч хоёр дахь том орон. Бэлчээр тахалдаг, хүйтэн нойтон хошуутайгаараа адлагддаг ч Монголын арав гаруй сая ямаа жил бүр наанадаж 5600 тонн ноолуур өгдөг. Харин энэ жилийн тухайд бол 6500 тонн ноолуур авна гэсэн урьдчилсан тооцоо бий.
Манай улс ноолуур боловсруулах бэлээхэн уламжлал, туршлагатай, бас хувь, хувьсгалын нийлсэн хэд хэдэн үйлдвэртэй. Сүлжиж оёх 200 орчим цех байдаг нь чамлахаар тоо биш. Өөрөөр хэлбэл, дотоодын хүчин чадал хангалттай байна гэсэн үг байх. Тэгэхээр ноолуураа бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээгээд дэлхийн зах зээл дээр ура хашгираад сэлэм эргүүлэх бүрэн боломжтой. Харин харамсалтай нь энэ боломжийг одоо хагас дутуухан ашиглаж байна. Шалтгаан нь ердөө түүхий эдээ хятадуудад алдчихдаг.
Дэлхийн ноолуурын 60 хувийг дангаараа үйлдвэрлэдэг урд хөршийнхөн өөрт нь өдий төдийгөөрөө байсаар байхад Монголын ноолуурт шунах шалтгаан юу вэ. Холыг харж өнөөдрийг бүтээдэг нь тэдний наймааны ухаан. Монголын ноолуурыг хэчнээн өндөр үнэтэй авлаа ч түүнийгээ эргүүлээд хэд нугалах ашгаа хэдийнэ тооцчихсон, менежментээ гартаа бэлэн оруулчихсан байдаг нь дотор хүний нэг давуу байдал. Тэд ноолуурын үнийг эхэлж хөөрөгдөөд эцэст нь навс унагах байдлаар Монголын зах зээл дээр ажилладаг. Өнгөрсөн жилийн хавар сар хүрэхгүй хугацаанд ноолуурын үнэ 70 мянгаас 40 мянга болж, 30 мянган төгрөгөөр нэвт шувт буурч байсан гээд бод доо. Монголын ноос ноолуур, түүхий эдийн гол “бараа бааз” гэгддэг Эмээлтэд 50 шахам агуулах бий. Тэдгээрийн ихэнх нь хятад эзэнтэй гэх юм билээ.
Хятад эзний мөнгө өвөртөлсөн ченжүүд хөдөө хотоор хөлхөлдөх цагт монгол малчны өвөр хөлөрч, түрийвч түнтийнэ. Малчид энэ түр зуурын үнийн хөшгийг хүлээгээд сууж байдаг. Ингээд л эрт самнасан ноолуурын сор хэсгийг Хятадын ченжүүд хамж аваад арилдаг тийм л дүр зураг олон жил үргэлжиллээ.
Уг нь Монголын төр засаг ноолуурын үйлдвэрлэлийг дэмжээгүй биш дэмжсэн. Анхдагч шийдвэр нь ямаа бүртээ мөнгө өгч, дараа нь үйлдвэрлэгчдээ харж үзсэн. 2011 онд дотоодын салбараа 100 тэрбум төгрөгийн бондоор дэмжсэн нь үр дүнгээ өгч ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээ 30 хувь өссөн гэх гэгээн мэдээ байна. Бас зарим нь энэ завшааныг ашиглан тоног төхөөрөмжөө шинэчлээд амжсан гэнэ билээ. Монголын ноолуурын зах зээл одоохондоо ийнхүү авдгийг нь аргадаж, өгдгийг нь өөгшүүлэх арга барилаар ажиллаж байна.
Ер нь 2017 он гэхэд ноолуураа 100 хувь дотооддоо боловсруулах төр засгийн бодлого буй. Сайхан л сонсогдож байна
Гэвч өмнөд хөршийн “өлөн” үйлдвэрлэгчид өнгийж байгаа гэдгийг “өглөө бүр” санаж байвал зохино. Учир нь Хятад улс ямааны тоо толгойгоо бууруулж, түүхий эдээ Монголын зах зээлээс импортлох бодлого барьж байгаа. Энэ бүхнээс улбаалсан уу энэ хавар ченжүүд ноолуурын үнийг хөөрөгдөнө гэсэн яриа одооноос эхлэн дуулдсаар байна. Тэгээд түрүүчээсээ мөнгөө оруулж ирж байгаа нь дээрхи 100 сая юань байх магадлалтай.
Манай улс энэ жил 6500 тонн орчим ноолуур бэлтгэхээр төлөвлөж байгааг дээр дурдсан. Гэхдээ өвөл цас зудтай байсан, ямааны тоо толгой цөөрсөн. Үүнийг бас бодолцох учиртай. Харин энэ жилийн тухайд дотоодын үйлдвэрлэгчид маань өөрсдийн хөрөнгө боломж бололцоогоороо 2500 орчим тонныг бэлтгэх тооцоотой байгаа гэнэ. Банкны зээл, энэ тэр эх үүсвэрээр энэ хэмжээ бас нэмэгдэх байх. Харин үлдсэнийг нь урд хөршийнхөн хуу хамах магадлалтай. Хятадын нэг компани гэхэд л 1000 тонн ноолуур Монголоос бэлтгэхээр төлөвлөж байна гэсэн үг чих дэлсч байх жишээний.
Хятад улсын ноолуурын жилийн хэрэглээ 10 мянга орчим тонн. Үүнийхээ нэлээдгүй хэсгийг Монголоос импортлохоор төлөвлөж байгаа нь тодорхой. Ийн эзэн нь олширч, өрсөлдөөн нь ширүүссэн ноолуурын зах зээл дээр харин үндэсний үйлдвэрлэгчид маань эзэн хүний эрх дархыг хэр эдэлж чадах бол гэсэн эргэлзээ байна. Ноолуурыг зөвхөн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдана гэж байгаа нь бас нэг алхам ч гэлээ дотоодын үйлдвэрлэгчдэд дорвитой дэмжлэг болж чадах болов уу.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин