Монгол, Хятадын хилийн дэглэмийг хаалттай хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын хилийн дэглэмийг хаалттай хэлэлцэв

Оюутолгойд ажиллах монгол ажилчдын тоо хүрээгүй байна

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско, Японы Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгод Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд уг асуудлыг дэмжив.

Мөн энэ өдрийн хуралдаанаар гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг хэлэлцэхээр зарласан байсан ч хэлэлцүүлгийн явцад энэ нь гадаадаас ажиллах хүч авах асуудал болон эргэсэн юм. Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх ёстой байсан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди ирсэнгүй. Харин хэлэлцүүлгийн явцад Сангийн сайд С.Баярцогтыг дуудуулж гишүүдийн асуултад хариулт өгүүлсэн юм. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ч “хэлэлцэж буй асуудал манай яаманд хамаагүй” гээд ирээгүй тухай З.Энхболд гишүүн үг хаяв.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх хийхдээ уг төсөл дээр ажиллах монгол ажилчдын тоог 2009 онд 1009, 2010 онд 4331-д хүргэхээр гэрээлсэн аж. Гэвч өнөөдрийн байдлаар монгол ажилчдын тоо заасан хэмжээнд хүрээгүй байгаа. Мөн НХХЯ-нд ирээдүйд Оюутолгой төсөлд бий болгох ажлын байр, түүнд хэрэгтэй ажиллах хүчний талаарх мэдээлллийг эртнээс бэлтгэж, интернэтэд байрлуулах даалгавар өгсөн. Гэтэл тус яамныхан “Бид энэ талаар тун саяхан мэдсэн” гээд, амар хялбараар нь Өмнөд Солон­гост ажилчин гаргах асуудлаар арга­­цаагаад сууж болохгүй гэдэг зэм­лэлийг ч З.Энхболд гишүүн яам­ны­ханд өгөв. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост ажиллах зорилгоор 14 мянган хүн Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлээд байгаа аж.

Харин Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол, Хятадын Зас­гийн газар хоорондын гэрээний тө­сөл, Улсын батлан хамгаалах бо­лон аюулгүй байдлыг хангах зориу­лалтаар олгогдсон газрыг улсын тус­гай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хаалт­тай хэлэлцэв.

Зам барилгын ажилд зургаан тэрбумыг нэмнэ

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруу­лах тухай, Нийгмийн даатгалын сан­гийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ту­хай,  Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Тус байнгын хорооноос УИХ-ын гишүүн Р.Будаар ахлуулсан ажлын хэсэг гарч, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто замын ажлын үнийн зөрүүг судлах, 2010 оны төсвийн тодотголд тусгуулахаар тодор­хой санал боловсруулах үүрэг­тэй  ажилласан байна. Ажлын хэсгийнх­ний ярьж буйгаар үнийн зөрүү нь зам барилгын ажлын гол түүхий эдийг гадаадаас оруулж ирж байгаа, битум  болон дизелийн түлшний үнийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд тухайн гэнэ. Тухайлбал, 2007 оны ханшаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан аж ахуйн нэгжүүд тухайн үед 1 литр дизелийн түлшний  үнэ 885 төгрөгөөр тооцож байсан  бол 2008 онд 1920 төгрөг, 2009 онд 1350 төгрөг болж өссөн, өнөөдөр 1300-1400 төгрөгийн үнэтэй байгаа. Зам барилгын ажлын 90-ээд хувийг хүнд машин механизм, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг. Гэвч манайх эрс тэс уур амьсгалтай учраас замын гол түүхий эд болох битум шаардлага хангахгүй, халуун, хүйтнийг даадаг материал шаардагдах болсон. ОХУ-д үйлдвэрлэсэн битум манайд илүү тохиромжтой гэж үзээд гэрээндээ нэг тонн битумыг 400 мянган төгрөгөөр тооцсон боловч жилийн дараа 950 мянган төгрөг  болж өссөн байна. Одоо нэг тонн битум 1120 төгрөгийн үнэтэй  байгаа нь үнийн зөрүү гарах хамгийн том шалтгаан болж байна гэв. Улсын төсвийн хөрөнгөөр замын ажил гүйцэтгэж байгаа 36 компани долоон тэрбум гаруй  төгрөгийн үнийн зөрүүг төсвийн тодотголд суулгахаар оруулж ирсэн боловч ажлын хэсэг үүнийг нарийвчлан судлаад зургаан тэрбумд багтах боломжтой гэж үзжээ. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дээрхи асуудлыг дэмжив.

Ан амьтны гаралтай түүхий эдийн торгуулийг нэмэгдүүлнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ту­хай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах ту­хай, Амьтан, ургамал, тэдгээрийн га­рал­тай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулиудын төслийг хэлэлцэв.

Хуралдааны үеэр Ж.Сүхбаатар ги­шүүн “Төрийн хяналт шалгалт нь өөрийн тодорхой зарчим, аргатай. Гэтэл гүйцэтгэлийн хяналт шалгалтыг бие даасан төрөл байдлаар тусад нь салгаж оруулсан нь урьдчилсан болон явцын хяналт шалгалттайгаа зөрчилдөхөд хүргэж байгаа юм биш үү” гэж тодруулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар:

-Урьд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд хяналт шалгалтыг ангилж байгаагүй. Манай байгууллагын сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны байдлаас харахад хяналт шалгалтын  30-аад хувийг гүйцэтгэлийн хяналт шалгалт эзэлж байгаа. Тиймээс энэ төрлийн хяналт шалгалтыг  салгаж онцолж өгөх нь зүйтэй байгаа гэсэн хариулт өглөө. Харин гишүүн Н.Энхболд “Тодорхой удирдамжгүйгээр хяналт шалгалт хийхээр тусгасан нь хуулийнхаа гол заалтыг орхигдуулахад хүргэж байгаа юм биш үү? Энэ заалтыг хассанаар үйл ажиллагааны хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл гарахгүй биз дээ” гэж асуухад Шадар сайд М.Энхболд “Мэргэжлийн хяналтыг тогтолцооны хувьд цэгцлэх, давхардлыг арилгах, иргэдийн гомдол саналыг харгалзаж үзэх үүднээс хяналт шалгалтын арга, хэлбэр, чиглэлийг өнөөгийн нөхцөл шаардлагын дагуу зөв тогтоохыг чухалчилж байгаа. Ер нь иргэдийн амь нас, байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулж болзошгүй гэнэтийн ноцтой нөхцөл байдлын үед хяналт шалгалтыг заавал удирдамж хүлээхгүйгээр шууд хийх тохиолдол гардаг” гэлээ.
Харин торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хэмжээгээр нугалж тавих асуудлыг дараагийн хэлэлцүүлгээр нарийвчлан хэлэлцэхээр болов.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж