
Номын нээлтэд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар оролцсон юм. О.Магнай дарга энэ үеэр “Хорин хэдэн настай байхад ийм ном байсан бол би илүү ихийг бодож хийх байжээ” хэмээн номын нээлтэд ирсэн зочдыг хөгжөөгөөд авав. Мөн тэрээр “М.Ичинноровын зохиосон энэхүү ном монгол залуу хүн бүрийн ном байгаасай. Энэ номыг уншсанаар өөрийгөө олоод зогсохгүй залуу хүний зоригийг, хүчийг олоосой. Улс орны хөгжил ямагт хувь хүний хөгжлөөс шалтгаалж байдаг болохоор хүн бүр өөрийнхөө оюун санааг хөгжүүлэх нь эрхэм юм” гэж хэлсэн бол Б.Галаарид “Ийм хэрэгтэй номын нээлтэд цөөхөн оролцож байжээ. Хүн төрлөхтөний гайхамшигтай сайхан ухааныг хамгийн энгийнээр хүн бүрт хүргэнэ гэдэг бас тийм амар зүйл биш. Монголчууд амьдралаас суралцдаг ард түмэн. Ясанд нь ийм суралцахуйн ухаан суусан ард түмэн учраас энэ ном их үнэ цэнээ өгөх болно гэж бодож байна. Монгол Улс 1990 онд оюун санааны асар том хувьсгал хийсэн боловч хувь хүний хөгжлийн асуудлыг үндсэнд нь орхигдуулсан юм. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд барууны орнуудын боловсролыг хөгжүүлэхийн төлөөх оролдлогуудыг хийсэн ч асар их зардал гаргасан байдаг. Гэтэл түүнээс өртөг зардлын хувьд бага тусах өгөөжтэй сургалт бас байжээ гэдгийн жишээ бол М.Ичинноров, Аксел Фишер нарын бүтээл, бас хувь хүний хөгжилд анхааран эхлүүлсэн сургалт болж байна” гэдэг бодол төрлөө” гэсэн юм.

Уншиг та “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” номтой нөхөрлөснөөр өөрийгөө хөгжүүлэх, дотоод сэтгэлдээ нуугдаж байгаа асар их хүчээ ашиглан аз жаргалтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдрах боломжоо нээж олох боломжтой. Учир нь та дэлхийн алдартай хүмүүсийн амжилтад хүрсэн түүхүүдийг уншин, тэмдэглэл хөтөлж, амжилтын зарчмуудыг танин мэдэх мэдээллийг өөртөө авч чадна. Мөн өөрөө өөрийнхөө хүч чадалд итгэх итгэлийг олно. Ном нь гурван бүлгээс бүрдэж байгаа бөгөөд хэсэг тус бүр нь таны өөрийн олж нээсэн дотоод ертөнцийн толь болох юм.
Г.ДАРЬ