МАН бүсгүйчүүддээ найдлага тавьж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

МАН бүсгүйчүүддээ найдлага тавьж байна

Удаа дараа сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ын удирдлагууд алдаагаа засч залруулахаар шамдаж байгаа. Тэгвэл тэдний бас нэгэн алдаа болсон эмэгтэй улстөрчдөө дэмждэггүй гэх шүүмжлэл намын удирдлагуудын анхаарлын төв дэх бас нэгэн асуудал болоод байна.

Үнэндээ ч улстөрийн ууган хүчин, 90 жилийн түүхтэй гэгддэг МАН-ын хувьд бүсгүйчүүдийн квот гэдгийг өнгөн дээрээ дэмжиж буй мэт боловч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтын эхний 10-т ганц ч эмэгтэй нэр дэвшигч багтаагаагүй нь олон нийтийн гайхашрал, эгдүүцлийг төрүүлж байсан. Тэр ч хэрээрээ чадалтай олон эмэгтэй улстөрчтэй гэгддэг тус намынхан алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч буй. Орон нутгийн сонгуулиар ч бүсгүйчүүдээ тэгтэл их дэмжээгүй МАН-ынхан энэ удаад эмэгтэй улстөрчдийн орон зай, нөлөөллийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Үүний нэг тод илэрхийлэл нь өчигдөр ИТХ-д МАН-аас сонгогдсон эмэгтэй төлөөлөгчиддөө тусгайлан зориулсан “Нутгийн удирдлагыг чадавхижуулах нь” сургалтын индрээс намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь эмэгтэйчүүдийн үүрэг, ролио онцгойлон авч үзэж байгаагаа илэрхийлэв. Хэдийгээр эмэгтэй улстөрчид, гишүүддээ төдийлөн анхаарал хандуулаагүй боловч өнгөрсөн ИТХ-ын сонгуульд 985 суудлын төлөө 2760 гаруй хүн дэвшин өрсөлдсөнөөс МАН-аас дэвшсэн 1029 хүнээс 260 бүсгүй сонгуулийн буухиад хүчээ өргөсөн нь нэгийг илэрхийлсэн хэрэг.

Тийм ч учраас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Монгол Улсын хүн амын дийлэнх буюу 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Иймээс эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал бодлыг сонсох нь ардчилал төдийгүй Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй. Тийм ч учраас МАН шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь чухал гэсэн зорилт тавьж буй” гэдгийг илтгэлдээ онцолсон.

МАН-ын эмэгтэй улстөрчдийг манлайлж буй УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол өмнө нь ч дэвшүүлэн тавьдаг байсан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж, улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх тэр дундаа хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүдэд түлхүү анхаарч нийгэмд тодорхой байр суурьтай болгох талаар үзэл санаа энэ өдрүүдэд онцгой тод сонсогдож байна. Магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед МАН-ын баримтлах гол бодлогуудын нэг нь үүгээр илэрхийлэгдэж байгаа хэрэг байх. Тийм ч учраас хоёр удаагийн сонгуульд гаргасан алдаагаа засч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ сунгаанд эмэгтэй улстөрчдийг сойно гэсэн хүлээлт үүсээд байгаа. Ялангуяа МАН-ын эмэгтэй улстөрчдийн лидер нь болсон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхоролыг нэр дэвшүүлэх нь тодорхой гэсэн яриа өчигдрийн сургалтаас үүдэн улам хүч авч байгаа гэнэ.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж