![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/10/963eb12c640da83e/c08deeb88afef857original.jpg)
Манай эрүүл мэндийн салбар эмнэлэгт нь ор хоног, эмийн сангуудад эм борлуулалтын төлөвлөгөө өгч иргэдээ өвчлүүлэхийг хүсдэг хоцрогдсон дутагдал үргэлжилсэн хэвээр.
Мөн “Эмийн тендер” гэж жил бүр хөрөнгө босгох өрсөлдөөн явагдсан хэвээр. Энэ нь бүх шатлалын эмнэлгийн эмчилгээ, оношлогоонд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын өртгийг тусгаж, төрөөс төлбөрийг нь хариуцаж эмийн зардлыг батлуулдаг тендер юм. Манай улсад жил бүр 40 орчим эмнэлэг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулдаг юм байна. Энэ тендерт зориулж шинэ компани байгуулж ялагч нь эртнээс тодорхой болчихсон байдаг гэм удаа дараа давтагдаж иржээ. Өнөөдөр үүнээс шалтгаалан эмнэлгийн эм зүйч нарын идэвхтэй байр суурь, мэргэжлийн ур чадвар дутаж, дарга нябо нарын шийдвэрийг дагадаг болжээ. Тэд мөнгө барьдаг учир үг зөрөх аргагүй аж. Монгол Улсад даацаас хэтэрсэн эм ханган нийлүүлэх байгууллагууд бий болжээ. Энэ нь жил бүр монголчууд дээр турших эм бэлдмэл орж ирж байна гэсэн үг. Үүнийг авлига, танил тал, том дарга нарын нөлөөний бизнес гэж ярьдаг нь үнэний ортой. Агуулахад буусан эмийн дээж танилцуулгатайгаа эмнэлгүүдийн дарга нарын ширээн дээр бэлэг сэлт мэд тавигддаг гэж нэгэн сувилагч ярьсан. Туршигдахаар ирж буй шинэ эм нь тэр. Эмч өвчтөнд олигтой танилцуулж чадвал борлуулалтын хувь өндөр оногдоно. Өнгөрсөн онд нэгэн хувийн эмнэлгийн дэргэдэх эмийн санд “Аспирин -100” асар ихээр борлогдоод дуустал дараа нь “Аспирин-80” гэж гарчээ. Эмч өвчтөнд өдрийн нэгийг ууж бай гэснээс сүүлдээ ходоодонд муу гэсэн яриа гарч борлуулалт багассан гэж ярихыг сонссон. Эмчид ч итгэхэд хэцүүхэн болж дээ.
Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус хэрэглээнд тавих хяналт суларсан. Сэтгэцэд нөлөөт эмээр хангах эм хангамжийн байгууллага, мансууруулах эмээр үйлчлэх эмийн сангийн талаархи зохицуулалт байхгүй. ЭМД-ын сангаас 132 нэрийн 390 төрлийн эмийг 50-90 хувийн хөнгөлттөй олгохоор шийдвэрлэгдсэн нь одоо ч төдийлөн хэрэгждэггүйд иргэд гомдол гаргасан хэвээр.
Монгол Улсад хэрэглэх эмийн чанар, аюулгүй байдлыг хангах үндсэн хэрэглүүр болох Эмийн улсын бүртгэлд 49 улсын 316 үйлдвэрлэгчийн 2476 нэрийн эм бүртгэлтэй байдаг бөгөөд 143 эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 орчим эмийн сан, 32 эмийн үйлдвэр ажиллаж 97.2 тэрбум төгрөгийн эм, 25.1 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, 1,2 тэрбум төгрөгийн түүхий эд, 6,4 тэрбум төгрөгийн урвалж, оношлуурыг өнгөрсөн онд импортлосон байна. Үндэсний эмийн үйлдвэрүүд 370 орчим нэр төрлийн, 17 тэрбум төгрөгийн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэн борлуулсан нь эмийн зах зээлийн 17 орчим хувийг эзэлж байгаа аж. Мөн өнгөрсөн онд эмнэлгүүдийн эмийн төсөвт 66,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн ба сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын зардалд төсвөөс олгож байгаа хөрөнгө нэмэгдэж байгаа боловч нийт эрүүл мэндийн зардлын 13,6 хувийг эзэлж байгаа нь дэлхийн бусад дундаж болон бага орлоготой орнуудтай харьцуулахад хангалттай тоо биш аж.
ДЭМБ-аас Монгол Улсын эм зүйн салбарын эмийн зохицуулалтын 33 үйл ажиллагааг өнөөгийн байдлаар улсын таван байгууллага буюу 12 нэгж тус тусдаа гүйцэтгэж байгаа нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж үзжээ. Өнөөдөр эмийн үнэ хот хөдөөд төдийгүй хөрш зэргэлдээ эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад өөр өөр байгаа нь сонин. Эм ханган нийлүүлэх байгууллага эмийн сангийн тоо манай улсын хүн ам, нутаг дэвсгэрийн байршил, төвлөрөлтэй харьцуулахад илүүдсэн, аймаг хотын төвд хэтэрхий төвлөрсөн, даатгалын жороор үйлчлэх эмийн сан цөөн байгаа нь алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдэд хүрэх эмийн сангийн үйлчилгээ дутагдалтай гэж үздэг юм байна. Ийнхүү эмийн бизнест хөлгүй уусчихсан импортлогчдын оруулж ирж буй олон нэрийн эмийн туршилтаас бид өөрснөө бага ч болов татгалзаж байхад илүүдэхгүй юм шигээ.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/1/978f5b44b88780f2/fd45d1cb9dd2726dbig.jpg)