Зүүн аймгуудын замыг түр хугацаагаар хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Зүүн аймгуудын замыг түр хугацаагаар хаажээ

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын даргын шийдвэрийн дагуу Зам тээврийн яамны харьяа Тээврийн хэрэгсэлийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас хоёрдугаар 28-ны өдрийн 08:00 цаг хүртэл хугацаанд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 11 аймгийн 20 чиглэлийн 1762 зорчигч, нийтийн тээврийн 52 бага, дунд, том оврын автобусны хөдөлгөөнд хязгаарлалт хийжээ. Мөн Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Орхон зэрэг 7 аймгийн 9 суманд 10 удаагийн дуудлагаар Онцгой байдлын албаны 65 албан хаагч ажиллаж нийт 136 иргэний аюулгүй байдлыг хангаж, 22 автомашиныг цаснаас татаж гаргасан байна.

Завхан аймгийн Сонгино сумын нутаг, “Дөрөлжийн нуур” гэдэг газар цас их орсны улмаас зам хаагдаж, олон тооны тээврийн хэрэгсэл цасанд суусан мэдээллийн дагуу аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар 27, 28-ны өдрүүдэд орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, улсын болон орон нутгийн чанартай зам давааг онгойлгох, Түдэвтэй, Сонгино сумдад Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ЗИЛ-131, ГАЗ-66 автомашиныг түр хугацаагаар байрлуулах, сумдад өвс тэжээл хүргэх ажлыг дуусгах, АЗЗА ХХК-д орон нутгийн зам давааг яаралтай нээх ажлыг шуурхай зохион байгуулан ажилласан ажээ.

Харин өнөөдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгийн  зарим газраар салхи секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр ширүүсч цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээллийн дагуу дээрхи аймгуудын чиглэлийн замыг өнөөдрөөс эхлэн маргаашийн 08.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан байна. Цаашдаа гуравдугаар сарын 2, 4-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурах бол хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх юм байна.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж