
Өвөр Монголын Баяннуур аймгийн нутагт алтны томоохон орд илэрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Хятадын хамгийн томоохон алт олборлогч “China National Gold” корпорацийн охин, Өвөр Монголын “Pacific Mining“ компани уг ордыг нээсэн бөгөөд ойролцоогоор 148.5 тоннын нөөцтэйг тогтоогоод байгаа гэж Хятадын Ашигт малтмалын агентлаг мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжилсан байна. Ингэснээр Баяннуурын орд тус бүс нутаг дахь алтны хамгийн их нөөцтэй орд болж байгаа юм. Хайгуул судалгааны ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд ордын эргэн тойронд мөн их хэмжээний нөөц илэрч тун магадгүй байгаа талаар мэргэжилтнүүд өгүүлжээ. Манай Өмнөговь аймагтай хиллэдэг Баяннуур аймаг нь 67 мянган км/кв нутаг, 1.6 сая хүн амтай юм.
Өнгөрсөн онд Хятадын алтны хэрэгцээ 9.3 хувиар өсч 832 тонн болсон билээ. Хэрэглээгээрээ Энэтхэгийн дараа дэлхийд хоёрт ордог тус улс 2012 онд 403.5 тонн алт олборлосон бөгөөд зургаан жил дараалан дэлхийн хамгийн томоохон алт олборлогч улс болсон нь энэ юм.
Б.АМГАЛАН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
