Нийгмийг цочирдуулсан хүчин, хүний наймаа, ажлын байран дахь бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Цагдаагийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комиссоос 2012 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг дээрх гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, олныг түгшээх болсон байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд 2010-2012 онд гэр бүлийн хүчирхийлэлд нийт 1238 эмэгтэй өртжээ. 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534 эмэгтэй цагдаагийн байгууллагад хандсан бол цаана нь мэдэгдээгүй хичнээн эмэгтэй зодуур, дарамтан дор амьдарч байгаа нь тодорхойгүй. Далд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн бүхий л давхаргын гэр бүлд гардаг ч хохирогчид тэр бүр цагдаагийн байгууллагад ханддаггүй. Харин хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад хандан тусламж, хамгаалалт хүсдэг байна.
Мөн зохион байгуулалттай, хил дамнан үйлдэгддэг хүний наймааны гэмт хэрэгтэй тусгай аргаар тэмцэхгүй бол нөхцөл байдал нэлээд хүндэрсэн гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нэг бус удаа онцолж байсан. Мөн нийгмийг сэртхийлгэж байгаа хүчингийн гэмт хэрэгтэй ч тусгайлан тэмцэх шаардлагатай болсныг сүүлийн үед гарсан аймшигт хэргүүд харуулж байна. Тиймээс Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг дээрх гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулан, үүний хүрээнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аян өрнүүлж байна. Аяны хүрээнд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” сэдвээр өргөтгөсөн хэлэлцүүлэг, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” сэдвээр зөвлөлдөх уулзалт, “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн эрхийн хамгаалал, үйлчилгээ” сэдвээр дугуй ширээний ярилцлагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгуулах юм байна.
Гэвч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагаа зөвхөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хязгаарлагдахгүй, Хууль зүйн яам цаашид төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах гэнэ.
Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр,
2010-2012 онд нийт 60111 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1238 хэрэг гарсан байна. Энэ нь нийт гэмт хэргийн 6,0 хувийг эзэлж байгаа юм. Хүчирхийллийн хэргийн улмаас хохирсон эмэгтэйчүүдийн тоо 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534 болж өсчээ. Эдгээр гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хүнийг санаатай алах гэмт хэрэгт 40, бусдыг амиа хорлоход хүргэх хэрэгт гурав, бусдын биемахбодид гэмт учруулах хэрэгт 1065 эмэгтэй хохирсон байна.
“Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл сүүлийн зургаан жилийн дотор 36 хэрэгт 68 хүн ял шийтгүүлсэн байна.
“Хүчиндэх” гэмт хэрэг нь Монгол улсад гарч байгаа нийт гэмт хэргийн гурван хувь, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн 87.8 хувийг эзэлж байна.
2010 онд бага насны 47 хүүхэд бусдад хүчиндүүлжээ. Хүчиндэх гэмт хэргийн хоёр гэмт хэрэг тутмын нэгийг согтуугаар, гурван гэмт хэрэг тутмын нэгийг бүлэглэн, 10 гэмт хэрэг тутмын нэгийг урьд нь ял шийтгэгдсэн хүмүүсээс үйлдэж байна. Сүүлийн арван жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 350 орчим хүчиндэх гэмт хэрэг бүртгэгджээ. Хохирогчдын тоог насны хувьд авч үзвэл 0-17 нас хүртэлх 60, 18-35 насны 591, 35-50 насны 376, 50 ба түүнээс дээш насны 52 эмэгтэй байна.
Д.ЦЭЭНЭ