Мексикийн албаныхан шувууны ханиадын вирусын халдвар авсан байж болзошгүй гэх 2.1 сая гаруй тахиаг устгалд оруулжээ. Мексикийн хөдөө аж ахуйн сайдын мэдээлснээр Гуанахуато мужийн 18 шувууны фермийн тахиануудаас H7N3 вирус илэрсэн байна. Үүний улмаас Мексикийн албаныхан 519 мянган өндөг, 722 мянга гаруй үржүүлгийн тахиа, 900 мянга гаруй махны чиглэлийн тахиаг устгалд оруулсан байна. ВВС-ийн мэдээлснээр Мексикт энэ сарын эхээр шувууны ханиадны эхний тохиолдол илэрснээс хойш нийтдээ 1.9 сая шувууг вакцинжуулаад байгаа бөгөөд шувууны ханиадны “H7N3” вирус нь шувуунаас хүнд халддаггүй гэнэ.
Үүнээс өмнө Хонгконгт 1997 онд шувуунаас хүнд халддаг шувууны ханиадны “H5N1” вирус гарсны улмаас 1.5 сая тахиа усгаж байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил АНУ-д шувуунаас хөхтөн амьтдад халддаг шувууны ханиадны “H3N8” вирус тархаж, 160 гаруй далайн хав үхсэн байна.
Б.АНХТУЯА