Монгол талын санаачлагаар Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 6-нд эхний хэлэлцээрийг эхлүүлсэн билээ. Хоёр дахь хэлэлцээр нь өчигдөр эхлэн үргэлжилж буй энэ хуралдаанаар зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил, хөрөнгө оруулалтын гэрээний хууль тогтоомжтой нийцэхгүй заалтууд, төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ хэтэрсэн, Энтри Гоулдын мэдэлд байгаа тусгай зөвшөөрөл, менежментийн үйлчилгээний төлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу зэрэг зургаан асуудлаар шийдвэр гаргах учиртай юм.
Нэгдсэн шийдвэр гарах болоогүй, асуудал бүрийг нарийвчлан хэлэлцэх учраас хэлэлцээр үргэлжилж буй хэмээж Монголын хувь нийлүүлэгчдийн зүгээс ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэлийг өгчээ. Харин хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр барууны орнуудад боловсрол эзэмшсэн монгол иргэнийг авч ажиллуулах шийдвэр гарсан байна. Харин хөрөнгө оруулагчдын талаас манай улсын зээлсэн 250 сая ам.долларын асуудлыг хөндсөн байна.
Урьдчилсан байдлаар тус өрийг 2014 онд хөрөнгө оруулагчдын талд шилжүүлэхээр тохиролцжээ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 3148X, 3150X тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай лиценз болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон билээ. Уул уурхай сайд Д.Ганхуяг “Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д зааснаар сайдын эрхлэх асуудал биш, төрийн захиргааны байгууллага буюу АМГ-ын асуудал. Тиймээс Эрдэсбаялаг эрчим хүчний сайдын 2009 оны тушаалыг хүчингүй болгож хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэл өгсөн” хэмээн онцолсон юм. Энтри Гоулдын эзэмшиж буй ашиглалтын лиценз хэрэгжих тохиолдолд баялаг ашигласан орлогын 34 биш 26 хувь нь Монгол Улсад орж ирэх байсан аж. Эдгээр бүлэг ордын лицензийн асуудлыг Оюутолгойн бүлэг ордын хүрээнд шийдвэрлээгүй бол монгол талын ноогдол ашиг 1,5 тэрбум орчим ам.доллараар буурах байжээ. Уул уурхайн яамны тооцоолсноор эдгээр лицензийн доор бүлэг ордын зэсийн нөөц 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь молибеден 87.9 хувь юм байна.
Тус яаманд шууд хамааралтай олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, зээл, хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын Койкатай хамтран Уул уурхайн бохирдлыг тогтоох, геологийн судалгаа хийх, Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн салбарын чадавхийг бэхжүүлэх, Щвейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран бичил уурхайн асуудлыг зохицуулах төсөл хэрэгжүүлж байгаа аж. Цаашид Австралийн олон улсын хөгжлийн агентлагтай хамтран Хөгжлийн төлөөх уул уурхай хөтөлбөр, Канадын олон улсын хөгжлийн агентлагтай хамтран “Уурхайн хаалт, Геологийн албын бэхжүүлэлт, Хөдөлмөр хамгаалалт болон Уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт- хөрөнгийн зах зээл” чиглэлээр, Европын Холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн төлөөх эдийн засгийн засаглал” гэсэн төслүүдийг тус тус 2013 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.