Нинжа нар уурхайчин болно

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Нинжа нар уурхайчин болно

Нинжагаас бичил уурхайчдыг төрүүлэхээр ярилцлаа

Монгол Улс ашигт малтмалаа эргэлтэд оруулснаас үүссэн нэг шинэ үзэгдэл нь хувиараа ашигт малтмал олборлогчид буюу нинжа нар. Өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд 300 сая орчим хүн бичил уурхайг амь зуулгын хэрэгсэл болгодог гэсэн судалгаа бий. Бичил уурхай, гар аргаар ашигт малтмал олборлох ажлаар дагнадаг тэдгээр хүмүүсийн ард ар гэрийн 100-150 сая хүн байдаг ажээ. 

Тэгвэл Монгол Улсад байдал ямар байгаа вэ. Монгол Улсад 1999-2002 оны хооронд үргэлжлэн болсон ган, зудын улмаас малгүй болсон иргэд гар аргаар ашигт малтмал олборлох ажилд шилжин тухайн үед нинжа нарын тоо 100 мянгад хүрч байжээ. Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд өнөөдөр улсын хэмжээнд 20 аймгийн 78 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт, нийт 214 хэсэг газарт иргэд бичил уурхайгаар олборлолт хийж, тэндээс 70 орчим мянган хүн амьжиргаагаа залгуулж байгаа ажээ. Өдгөө нинжа нар нөхөрлөл байгуулж хөдөлмөрөө нэгтгэх сонирхолтой болсныг Монгол Улсын хэмжээнд 186 нөхөрлөл байгуулагдаж түүнд 1700 гаруй бичил уурхайчин бүртгэгдсэнээс харж болно. Дээрх 70 мянган хүнээс нь 1700 нь хүч хөдөлмөрөө хамтруулсан гэсэн үг. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуултад оруулж, ажлыг нь дэмжиж, хууль журмын дагуу ажиллуулахад орон нутгийн удирдлага анхаарлаа хандуулах цаг иржээ.

Энэ сэдэвт төрийн зүгээс анхаарал хандуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Уул уурхайн газар, Ашигт малтмалын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах нь” сэдэвт үндэсний форумыг Төрийн ордонд  зохион байгууллаа.

Форумд УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн ажилтнууд, Хүний эрхийн үндэсний комисс, бичил уурхай бүхий аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, иргэний нийгмийн байгууллага, бичил уурхайчдын төлөөлөл оролцов.

Тэднийг хэрхэн хууль эрх зүйн орчноор хангах, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын зүгээс хувиараа ашигт малтмал эрхлэгчидтэй ямар зарчмаар хамтран ажиллах, ямар тохиолдолд тэдний үйл ажиллагааг хязгаарлах зэрэг асуудлаар форумд оролцогчид санал бодлоо солилцов.

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага өөрийн нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт уул уурхайн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн хориглох эрхтэй. Мөн ашигт малтмал эрж хайх, олборлох эрхийг өгөх, өгөхгүй нь тухай орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх гэдгийг форумд илтгэл тавьсан албаны хүмүүс онцолж байсан юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй гэдгийг ч хэллээ.

Бичил уурхай хөгжсөн газруудад нөхөн сэргээх стандарт тогтоох шаардлагатай. Тайрсан нэг модны оронд 10 мод тарих, бохирдуулсан гол, усыг цэвэршүүлэх стандарт тогтоох, түүнд хяналт тавихад иргэдийн оролцоог сайжруулах талаар форумд оролцогчид санал бодлоо илэрхийллээ.

Налайхад төвлөрсөн уурхай байгуулах ёстой

Хувиараа ашигт малтмал эрхлэгчид байгаль орчныг хайр гамгүй сүйтгэсний улмаас гол ус ширгэх, бохирдох, мөнх цэвдэг хайлах, мал бэлчээрлэх газаргүй болох, ой мод сүйдэх зэрэг байдал Төв, Баянхонгор, Сэлэнгэ зэрэг аймагт илүү их байгааг аймгуудын төлөөлөгчид хэлж байв. Иймээс хууль, эрх зүйн орчныг яаралтай шинэчилж хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах шаардлагатай болсныг оролцогчид онцолж байлаа.

Төв аймгийн Заамар сумын нутагт л гэхэд ашигт малтмалын 27 лиценз, хайгуулын 22 лиценз байгааг сумын төлөөлөл хэлэв. “Эрэл”, “Монголын алт” зэрэг компаниуд хөрөнгөжих гараагаа Заамараас эхэлж байсан ч орон нутагт нь ширхэг тоосго нэмэрлэлгүй алтыг нь хамаад одсон. Хайгуулын 22 лицензийг ашиглалтын лиценз болгомооргүй байгааг санууллаа. Олон голын бэлчирт мал сүргээ хариулан өсгөж амар амгалан амьдарч байсан заамарчууд өнөөдөр газраа сүйтгүүлж, уулын таг бараадан амьдрах болсон. Малчин 135 өрх, 3600 мал өөр сумын нутаг бараадахаас аргагүйд хүрснийг ч дуулгалаа. Монголд 1992 оноос “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Заамарын алт Монголын эдийн засагт ихээхэн ашиг өгсөн ч нутаг нь овоолсон шороо болоод хоцорч байгааг ч хэлсэн юм. Нинжа нар ашиглаад орхисон хуучин цооногийг гүнзгийрүүлэн малтаж амь насаа дээсэн дөрөөн дээр тавин алт ухаж байгааг оролцогчид хэлж байв.

Налайх дүүргийн ИТХ-ын дарга н.Ганбат “Налайхын их уурхайг хаах болоогүй, нүүрсний нөөц нь барагдаагүй байхад хааснаас болж бичил уурхай дэлгэрсэн. Гар аргаар нүүрс олборлогчид олширч олон хүн амь насаа алдсан нь үүнтэй холбоотой. Налайх бол бичил уурхай биш, налайхчууд бичил урхайчид биш. Налайх их уурхай, уурхайчид нь мэргэжлийн уурхайчид байсан. Налайх нэгэн цагт Монголдоо Оюутолгой нь байсан. Уул уурхайн яам үүнд анхаарлаа хандуулах ёстой. Төвлөрсөн уурхай байгуулж бичил уурхайгаас нь салгах ёстой. Хүний амиар тоглоод байдгаа болиорой” гэсэн хатуухан үг хэллээ.

Гар аргаар ашигт малтмал эрхэлснэс болж Дундговийн Хулдад гол горхи ширгэсэн. Баянхонгорт цэвдэгтэй газарт тэсэлгээ хийж цооног үүсгэдгээс болж шороо тоос ихэссэн, Увс аймгийн Тариалан суманд бичил уурхай хөгжүүлэхэд замбараагүй олгосон лиценз саад болж байгаа, лицензүүдийг цэгцэлбэл бичил уурхайг хөгжүүлэх боломжтой. Ашиглалтын 20 лиценз атгасан компани хоёрыг нь л ашиглаж байгаа. Гэхдээ нэг үеэ бодвол нинжа нар хүний үг авдаг болсон гээд нутаг нутгийн төлөөлөгчид нөхцөл байдлаа ярьцгаав.

Орон нутгийн удирдлага, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллаж байгаа сайн туршлага ч байгаа аж. Төв аймгийн Заамар сумын “Энх мөнх эргэх холбоо” ТББ , “Мон дулаан Трейд” ХХК орон нутагтайгаа гэрээ байгуулж 50 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, “Алтан дорнод Монгол” компани тус сумын бичил уурхайчидтай хамтран 28 хүнийг ажилтай болгосон зэрэг олон сайхан жишээг УУл уурхайн сайд Д.Ганхуяг дурдлаа. Ингэснээр нөхөрлөлийн бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдал хангагдаж, орлого нь тогтвортой байх нөхцөл бүрдсэн сайн үр дүн гарчээ. Ард түмний дунд “Сайн явах санааных” гэсэн мэргэн үг байдаг, тиймээс дээрхи сайн жишээ туршлагыг өөрийн аймаг, сумандаа нэвтрүүлэн ажиллахыг орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, бичил уурхайчдад Уул уурхайн сайд уриалав.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж илтгэлдээ орон нутгийн засаг захиргаа, гар аргаар ашигт малтмал эрхлэгчдийн хооронд үл ойлголцол үүссэний улмаас бичил уурхай эрхлэгчдийг хөөх, хүний эрхэнд нь халдах зэрэг үйлдэл гардгийг хэлж байв. Уул уурхайн бизнесийн орчин хангалтгүйн улмаас хүний эрх зөрчигддөг, бичил уурхай эрхлэгчид, орон нутгийн засаг захиргааны хооронд үл ойлголцол үүсдэг тул хууль эрх зүйн орчин сайн байх ёстой гэлээ.

Эхлээд  Геологи, уул уурхай, эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо гаргая

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр форумыг хааж хэлсэн үгэндээ “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг нэн түрүүнд батлах ёстой. Геологи, уул уурхай, эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо эхлээд гаргая. Иргэний нийгмийн оролцоог яаж хангах талаар тусгая. Бодлого боловсруулах ажлын хэсэг гаргая. Холбогдох яамтайгаа хамтарч ажиллая. Үүний дараа Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилж гаргая. Бичил уурхай тойрсон асуудлаар нэг удаа цугларч ярилцаад бухимдлаа тайлаад өнгөрөх ёсгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч ашигт малтмалын эргэн тойрны асуудалд анх удаа анхаарлаа хандуулж байна. Энэ сэдвээр Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийлгэлээ. Энэ ажил цааш үргэлжлэх ёстой. Шинэчлэлийн Засгийн газар эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажилах ёстой” гэлээ.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж