Хилийн 0130 дугаар ангийн Булган шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 20-ны өдөр тус боомтын гаальд галчаар ажилладаг М.Анхбаяр нь Истана маркийн 26-89 ХОҮ улсын дугаарын автомашины түлш хадгалах саванд сэжиг бүхий зүйл нуун хил давуулахыг завдах үед нь хилчид саатуулан шалгажээ. М.Анхбаяр нь автомашиныхаа түлш хадгалах савыг 20х30 см-ийн хэмжээтэй цоолон 11 ширхэг хойлог шувууны мах нуусан байсан аж. Түүнээс хэд хоногийн өмнө Замын-Үүд Эрээний чиглэлд явж байсан УАЗ-469 маркийн 04-86 ДГА улсын дугаартай суудлын автомашины хойд тэнхлэгт зургаан ширхэг чонын арьс нуун хилээр гаргахыг завдсан байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн иргэн Д.Бор гэгч энэ хэргийг үйлдсэн тул хэргийг Замын-Үүд дэх хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Түүнчлэн ан хийхээр хил зөрчих тохиолдол мэр сэр гарсаар байгааг Хил хамгаалах газраас мэдээлж байна. Хоёрдугаар сарын 19-ний өдөр хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу морин уналгатай хоёр хүн хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүлжээ. Тэднийг буцан орж ирэх үед нь хилчид отолт хийн саатуулсан байна. Саатуулагдсан иргэд Увс аймгийн Тэс сумын гуравдугаар багийн иргэн Ж.Дамдин, А.Цэдэв нар байжээ. Тэд чонын жим хөөж яваад хил зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд биедээ хоёр ширхэг хавх, сүх, хутга, төмөр хусуур, гадас зэрэг эд зүйлсийг 40.000 төгрөгийн хамт авч явсан байна.
Д.ЦЭЦЭН