-“Энтри Гоулд” компанийн тусгай зөвшөөрлийг ямар шалтгаанаар цуцалсан бэ?
-Ашигт малтмалын газар “Энтри Гоулд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Харин “Энтри Гоулд” компанид анх ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо одоо мөрдөж буй “Ашигт малтмалын тухай хууль”-ийг зөрчиж олгосон нь тогтоогдсон. Тиймээс үүнийг залруулж хуулийн дагуу болгох ёстой.
Өмнөх Эрдэс баялаг, уул уурхайн сайд тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохдоо “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 48-ын дөрөвдүгээр заалт, 25-ын нэгдүгээр заалтуудыг зөрчсөн байна. Аливаа орд газрын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хэлэлцээд, АМГ-ын дарга нөөцийг бүртгэдэг хуультай. Гэтэл энэ заалтыг зөрчин “Айвенхоу майнз” компанийн нөөцийг хэлэлцсэн ЭБМЗ-ийн дүгнэлтээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд өөрөө нөөцийг бүртгэсэн байдаг. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага төрийн захиргааны байгууллагын хийх ажлыг хийж хууль зөрчсөн. Нөгөөтэйгүүр “Энтри Гоулд”-тай холбоотой асуудал яригдаагүй байхад ийм шийдвэр гаргасан. Тиймээс энэ бүх хууль бус үйлдлийг хуульд нийцүүлэх хүртэл “Энтри Гоулд”-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрх мэдлийг түр хориглоод байгаа юм. Өөрөөр хэлбэл “Энтри Гоулд”-ын хоёр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, барьцаалахыг хязгаарлсан гэсэн үг. Түүнээс цуцалсан хэрэг биш.
-“Энтри Гоулд”-ын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай “Оюутолгой”-н талбайтай давхцаж байгаа гэж ойлгож болох уу. Ингэж нэг талбайд хоёр зөвшөөрөл олгох боломжтой байдаг юм уу?
-Тэгж ойлгож болно. Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулахдаа Оюутолгойн бүлэг ордыг ашиглах гэрээ хийсэн. Гэрээ хийсэн бүлэг ордод “Энтри Гоулд”-ын ашиглалтын талбай орж байгаа юм билээ. Гэрээний нарийн заалтыг бол би цээжээр хэлж мэдэхгүй байна. Гэтэл Оюутолгойн гэрээг үзэглэсний дараа “Энтри Гоулд”-д ашиглалтын тусгай зөвшөөрөл өгчихсөнд л хамаг учир байгаа юм.
-Хэвлэлүүдээр “Энтри Гоулд”-ын гэрээг түдгэлзүүлснээр Оюутолгойгоос орж ирэх ашиг нэмэгдэж байна хэмээн бичжээ. Үүнийг шийдээгүй үргэлжилсэн бол Оюутолгойгоос Монголын талд ирэх 34 хувийн ашиг 26 болон буурах байсан гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ер нь бол манай талд нааштай шийдвэр гэж ойлгож болно. “Энтри Гоулд”-ын лицензийн талбай нь Оюутолгойн бүлэг ордын багагүй хувийг эзэлж буй. Хууль зөрчсөн шийдвэрийн улмаас тодорхой хэсгийн 34 хувь бидэнд ирэхээргүй байсныг залруулахаар болоод байгаа юм. Одоогоор нарийн тоо хэлэх боломжгүй байна.
-“Энтри Гоулд” компанийн зүгээс та бүхэнд хандсан уу?
-Одоогоор албан ёсоор бидэнд хандаагүй. Хуулийн зөвлөх нь надтай утсаар холбогдож “Та бүхний шийдвэр хуулийн дагуу гэж ойлгож байгаа” гэдгээ илэрхийлсэн. Гэвч утсаар ярьсан үгийг албан ёсны байр суурь гэж болохгүй биз дээ. Бидэнтэй уулзсан, албан бичиг өгсөн зүйл алга байна.
-Алсдаа бол уг тусгай зөвшөөрлийг цуцалж таарна гэж ойлгож болох уу. Тэгж байж л Оюутолгой ашиглалт хийнэ биз дээ?
-Энэ мэт нарийн асуудлыг ярихад эрт байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдэх учиртай.
Албаны хүний баттай хариу ийм байна. Уул уурхайн яамны тооцоолсноор “Энтри гоулд”-ын ашиглалтын лицензийн талбайд Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн багагүй хувь нь хамааралтай байгаа юм. Тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг аж. Харин энэ асуудлыг “Оюутолгой” компани хэрхэн үзэж байгааг сонирхохыг хүссэн ч хувь нийлүүлэгчдийн хурлаас шалтгаалан хариу өгөх хүн олдсонгүй. Харин тус компани өөрийн сайтдаа “Энтри ХХК 2003 оноос хойш 3148Х болон 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж ирсэн. 2004 оны аравугаар сарын 15–нд “Айвенхоу Майнз Лимитед” болон “Энтри Гоулд Инк” компаниуд “Ашиг хуваах гэрээ” (Equity Participation and Earn-In Agreement) байгуулсан”хэмээн бичжээ. Гэрээнд “Айвенхоу Майнз Лимитед” нь “Энтри Гоулд Инк”-ийн 4.6 сая хувьцааг 4.6 сая Канад доллараар худалдаж авахаар тусгаснаа ч тодруулан бичжээ.