МАН-ын Шинэчлэх хорооныхон Их хурлыг шаардав

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

МАН-ын Шинэчлэх хорооныхон Их хурлыг шаардав

МАН-ын Шинэчлэх хорооны залуучууд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд МАН-ын XXVII дугаар их хурлыг хуралдуулах шаардлага тавьж байгаагаа илэрхийлэв. Тус хорооныхны үзэж буйгаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор намын их хурлыг хойшлуулсан нь улс төрийн хариуцлага хүлээх хэмжээний том шийдвэр гэлээ. Учир нь намын их хурлыг хуралдуулах шийдвэрийг бага хурлаар гаргах ёстой байдаг аж. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд бага хурлын гишүүдийнхээ эрхэнд халдаж, их хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан тул хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа тэд мэдэгдлээ. Мөн “Хэрэв МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл маргааш нь Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэж хорооны зохицуулагч Т.Сайнжаргал онцоллоо. Тэрээр мөн  намын их хурлыг хүлээсэн олон мянган гишүүн, дэмжигчийн хүлээлт талаар болсон гэдгийг дурдаад, эдгээр гишүүдийнхээ үгийг сонсох хэлэлцүүлгийг энэ сарын 5, 6-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болсноо дуулгав. Мөн МАН Шинэчлэлийн хорооныхон 1990 оноос хойш МАН-ын удирдах албан тушаалыг хашиж ирсэн 21 хүний нэрийн жагсаалтыг гаргасан юм байна. Тэд өнгөрсөн хугацаанд намын алдаа дутагдалтай хамт байсан эдгээр хүмүүсийг зайлуулах хэрэгтэй гэж үзэж буйгаа ч хэлсэн. Цаг нь болохоор 21 хүний нэрийн жагсаалтыг олон нийтэд ил болгоно гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж