Оюутны тэтгэлгээ хэрхэн авах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэлгээ хэрхэн авах вэ?

Аттестатчлагдсан Их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй бүх оюутанд үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг, эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцвал сургалтын амжилтаас шалтгаалан гурван төрлийн тэтгэлэг өнгөрсөн оноос эхлэн олгож эхлэсэн. Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлэн сургуулиудаар дамжуулан олгож эхэлсэн цагаас эхлэн “тухайн оюутны хичээл тасалсан мөнгө, кредитны мөнгө гэх мэтээр оюутны зөвшөөрөлгүйгээр тэтгэлгийн мөнгөнөөс нь авдаг, цагт тухайд нь олгодоггүй” зэрэг зөрчил илэрч, багагүй хэл ам дагуулсаар ирсэн.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУ-ны сайд Л.Гантөмөр тушаал гарган,  “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам”-ыг баталжээ. Энэхүү журамд зааснаар наар оюутан сургуулиараа дамжуулалгүй шууд өөрийн дансаа нээлгэж өөрийн гар дээр тэтгэлгийн мөнгөө бүтнээр нь авах боломжтой нээгдсэн байна.

Тэтгэлгээ хэрхэн авах вэ?

Оюутан бүр өөрийн сонгосон арилжааны банкинд хандан, дараах материалыг бүрдүүлэн очиж "Оюутны тэтгэлэгийн карт"-ын данс буюу кредит картыг үнэ төлбөргүй авах аж. Үүнд,

  • иргэний үнэмлэх          
  • суралцагчийн үнэмлэх
  • суралцагчийн голч дүнгийн тодорхойлолт, хэвлэмэл хуудас
  • хоёр хувь цээж зургийг ирэх гуравдугаар сарын 11-ны дотор бүрдүүлэн арилжааны банкинд хандаснаар оюутны тэтгэлэг авах боломж бүрдэх юм байна.  Бүртгэл дууссаны дараа арилжааны банкуудтай Сургалтын төрийн сан хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар 30 хүртэлх хоногийн хугацаанд оюутнуудад кредит картыг олгож эхлэх гэнэ. Мөн арилжааны банкиуд оюутны тэтгэлгийн картыг үнэ төлбөргүй хэвлэж өгөхөөс гадна Сургалтын төрийн сангаас оюутны тэтгэлгийг банкинд шилжүүлсэнээс хойш ажлын нэгээс хоёр өдөрт багтаан суралцагчийн данс руу шилжүүлэх юм байна.

“Нэг, хоёр, гуравдугаар сарын мөнгийг ирэх гуравдугаар сарын сүүлийн хагас оюутнуудын картанд орох тул тэр хүртэл бэлтгэлээ ажил бүрэн хангагдаж амжина” гэдгийг албаныхан онцолж байна.

Мөн оюутнууд урамшууллын тэтгэлэгт хэрхэн хамрагдах, хэрхэн авах тухай мэдээлэл дутмаг байгаагаас урамшуулалд хамрагдахгүй хоцрох тохиолдол байдаг аж. Иймээс урамшууллын тэтгэлэгт хэрхэн хамрагдахыг сонирхлоо.

Сурлагын өндөр амжилт гаргасан болон эрэлттэй 20 мэргэжлээр суралцаж буй оюутнуудад урамшууллын тэтгэлгийг энэ хичээлийн жилээс олгохоор болжээ. Энэхүү тэтгэлэг үндэсний тэтгэлгийн 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй. Энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид өргөдөл, баталгаажуулсан дүнгийн хуулбар зэрэг холбогдох материалыг бүрдүүлэн сургуульдаа өгөх ёстой аж.

Урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан, эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангахгүй бол санхүүжилтийг зогсооно. Харин дараа жил голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлэг авах эрх нь нээгдэх боломжтой.

Урамшууллын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Урамшууллын тэтгэлэгийн төрөл

Хэрхэн хамрагдах вэ?

Хэдэн төгрөг авах вэ?

50 хувь

3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй диплом, бакалаврын
зэргийн суралцагчид авна. Мөн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар
итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүндтэй дээд боловсролын сургалтын
байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа. 3,0 болон түүнээс
дээш голч дүнтэй суралцагчид, ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид
авах боломжтой
.

Үндэсний тэтгэлийн 70200 болон
урамшууллын тэтгэлгийн 35100 төгрөг авна. Нийт 105100 төгрөгийн тэтгэлэг авна
гэсэн үг.

75 хувь

3,6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом
бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангид суралцагчдад олгоно.

Үндэсний тэтгэлгийн 70200 болон
урамшууллын тэтгэлгийн 52650 төгрөг авна. Нийт 122850 төгрөгийн урамшуулал
авна.

100 хувь

БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт
шалгарсан, олон улсын олипиадаас шагналт байр авсан оюутанд хамаатай.

Үндэсний тэтгэлийн 70200 болон
урамшууллын тэтгэлгийн 70200 төгрөг авна. Нийт 140400 төгрөг сар бүр авах
боломжтой. 


Сануулахад, урамшууллын тэтгэлгийг давхардуулж олгохгүй гэнэ. Нэг суралцагч эрэлт ихтэй мэргэжлээр сургуульд элсээд 75 хувийн тэтгэлэг, улсын олимпиадад шалгараад 100 хувийн тэтгэлэг авах болзлыг зэрэг хангасан бол тухайн суралцагч аль нэгийг нь сонгоно гэсэн үг. Мөн хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмшихээр суралцагчдад дээрх тэтгэлгийг олгохгүй юм байна.


Ямар мэргэжлийг эрэлт ихтэй гэх вэ?

Эрэлт ихтэй мэргэжлийн чиглэлийг Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тоот тогтоолоор тогтоожээ. Үүнд:

  1. Авто замын барилга
  2. Бага ангийн багш
  3. Сургуулийн өмнөх боловсролын багш
  4. Байгалийн ухааны чиглэлийн багш
  5. Геологи
  6. Гидрогеологи
  7. Гидромеханик инженер
  8. Усны нөөц экологи
  9. Уул уурхайн ашиглалтын технологи
  10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
  11. Малын эмч
  12. Мэдээллийн систем
  13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
  14. Сантехник, инженерийн байгууламж
  15. Сэргээгдэх эрчим хүч
  16. Нано инженерчлэл
  17. Биотехнологи
  18. Цөмийн эрчим хүч
  19. Онош зүй
  20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж