УИХ-ын дарга З.Энхболд “Энэ парламент төсвийг өөрсдөө захиран зарцуулах эрхийг орон нутагт өгснөөрөө онцлог. Ингэж төсвийн эрх мэдлийг орон нутагт, иргэдэд өгснөөр Монгол орны хөгжлийн чиг баримжаа цаашид нэн тааламжтай, эерэг болох нь дамжиггүй” хэмээн онцлов. Улмаар хууль өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж орон нутгийн өөрөө мэдэж зарцуулах хөрөнгө 2,5 дахин нэмэгдсэн. Манай орны аймаг, сумдын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр ИТХ-ын чадавхи сайжирч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага гарна. Ингэснээр төсвийн захиран зарцуулалтад хяналт тавигдаж үр бүтээлтэй зүйлд мөнгө зарцуулагддаг болно гэдгийг хэлж байв. Өөрөөр хэлбэл төлөөллийн ардчилал, шууд ардчиллын зарчмыг хослуулснаар төлөөллийн ардчилал буюу эрх мэдэлтэн даргын хууль бус захиран зарцуулалт, бусармаг үйлдэл саарч нийт иргэдийн эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалт, бусад ажиллагаанууд хийгдэх болно гэдгийг тэмдэглэлээ.
Мөн орон нутгийн төлөөлөн удирдах байгууллага орон нутгийн иргэдэд хамааралтай асуудлыг шийдэхдээ Нийтийн зар мэдээний хуулийн дагуу хурал цуглааны товыг хүн бүхэнд хүргэж байх нь шууд ардчиллыг дэлгэрүүлж буй нэг хэлбэр болно. Ингэхдээ багийн хурал болох тухай зарлах бус багийн хурлаар юуг хэлэлцэх гэж байгаа, иргэнд ямар хамааралтай юм гэдгийг тодотгож өгч байх нь бас нэг шаардлага гэдгийг ч УИХ-ын дарга дурдсан. Тиймээс орон нутагт юу хэрэгтэй байгааг иргэд нийтээрээ хэлэлцээд шийдвэрээ Төсвийн төлөвлөгөөнд тусгуулж ажиллавал орон нутаг хөгжих боломж бүрдэж байна. Ингэхдээ бүх саналаа он, оны наймдугаар сараас өмнө тусгуулж байх товтойг сануулсан юм.
Түүнийг ийн мэдээлэл өгсний дараа Төсвийн тухай хууль, шууд ардчиллыг дэлгэрүүлж, иргэд нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр батлагдсан хуулиудын талаар албан тушаалтнууд илтгэл тавилаа.
УИХ-ын гишүүн Г.Батхүү иргэдийн оролцооны эрх зүйн талаар мэдээлэл өгч, илтгэл тавьсан нь сонгуулийн тогтолцоо, төрийн бодлого дахь иргэдийн оролцооны талаар байсан. Түүний хэлснээр иргэд хуралдаж санал бодлоо төрийн бодлогод тусгах шууд ардчиллын зарчим хэрэгжихгүй байгаа нь төлөөллийн ардчилал буюу даргаар дамжуулах эрх зүй манай улсад он удаан жил тогтсоноос үүдэлтэй аж. Дарга бүхнийг шийддэг, захирдаг, шийдвэр гаргадаг байдал ардчилал ялж төлөөллийн ардчиллын зам руу шилжихээс өмнө соц үед, түүнээс ч эрт хаант засаглалын үеэс улбаатай учраас бид шууд ардчиллын замд орж чадахгүй байна гэж байв.
Түүнчлэн сонгуулийн тогтолцоог одоо байгаагаас нь сайжруулж өөрчлөхгүй бол төр дахь хуучин хүн эсвэл хөрөнгөтөн эрхэм төрийн эрхэнд суусаар байхыг ч энэ үеэр анхааруулсан. Тэгэхээр Сонгуулийн хуулийг илүү боловсронгуй болгож жинхэнэ иргэдийн дуу хоолойг дамжуулдаг манлайлагчийг удирдагчаа болгож байх ёстойг хэлж АН нам, ардчилсан Засгийн газар энэ чиг рүү ажиллах болно гэдгийг онцолсон.
Харин Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат “Шууд ардчиллын цахим, зайны сургалт”-ын талаар өгүүллээ. Тэрээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хөгжил хувийн хэвшлийн байгууллагуудаас хамаагүй хоцрогдож буйг хэлсэн юм. Нэг жишээг дурдахад арилжааны байгууллагууд шинэ бүтээгдэхүүн оруулж ирэхдээ интернетийн бүх урсгалыг ашиглаж мэдээллээ хэлбэрэлтгүйгээр хүргэдэг нь үүний баталгаа гэнэ. Манай оронд 1,5 сая гар утас хэрэглэгддэг учраас мессеж үйлчилгээг ашиглаж иргэддээ мэдээлэл хүргэх нь байж болох боломж ажээ. Зөвхөн гар утас гэлтгүй тухайн байгууллагад хамгийн ойр, гарын доорх боломжоор иргэддээ мэдээлэл хүргэх нь чухал гэдгийг нэмж тэмдэглэсэн.
Түүнээс гадна төрийн үйлчилгээг иргэд үнэлэх систем байх ёстойг дурдаж байв. Ингэхдээ зарим орны олон нийтийн байгууллагын үйлчилгээний газрын цэвэрлэгчид үнэлэмж өгдөг аппаратыг ашиглаж болох талтайг ч хэлсэн юм. Үүний үр дүн нь тухайн орон нутгийн байгууллага өөрсдийнхөө хэрхэн ажиллаж байгааг мэдэж алдаагаа засч залруулах сайн талтай гэнэ. Үүнтэй холбоотойгоор иргэний эрхийн өмгөөлөл гэх шинэ урсгалыг улс орондоо нэвтрүүлэх нь мөн л шууд ардчиллыг хөгжүүлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц болох аж. Ингэхийн тулд “Иргэний заргач” гэдэг нэр томъёог ашиглан үйл ажиллагаа явуулж хэвлэл мэдээллийн байгууллагатай хоршвол үр дүнд хүрдэг байна. Шууд хэлбэл нийгэмд, тухайн орон нутагт болж бүтэхгүй байгаа зүйлийг бичиж нийтэлнэ гэсэн үг аж. Үүний тод жишээ нь нийтлэлч Б.Баабар, Д.Цэнддоо нар болж байна гэдгийг ч тэрээр хэлж байсан юм. Хэрвээ Эрдэнэтийн хэвлэлүүдэд дээрх хоёр нийтлэлч шиг хүн байсан бол зах замбараагүй олгогдсон архи зарах зөвшөөрлийг, бусад хууль бус, нийтийн эрх ашигт сөрөг үр дагавартай тогтоол шийдвэр, үйл ажиллагаануудыг илчлэн зогсоох байсан гэдгийг ч жишээ болгон ярилаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаагийн хувьд амин чухал шийдвэрүүдийг хэдхэн эрх мэдэлтэн гаргаж байна гэдгийг өгүүлээд зарим жишээ баримтыг дэлгэсэн юм. л Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ есөн хүнтэй. 2006 оны хавар хуралдахдаа ИТХ-ын бүрэлдэхүүний тав нь иржээ. Хэлэлцэх асуудал нь Айраг сумын төвийн баруун хойно салхины аман дээр байх жоншны уурхайг бусдад ашиглуулах тухай байж. Ингээд ИТХ нь 55 хувийн ирцтэйгээр буюу таван хүний бүрэлдэхүүнтэйгээр асуудлыг хэлэлцээд гурав нь буюу 70 хувийн саналаар жоншны уурхайг ашиглахаар болжээ. Сумын таван мянган хүний саналыг тусгалгүйгээр гуравхан эрх баригчийн гаргасан шийдвэр өнөөдөр хэлж баршгүй том гамшгийг дагуулж Айраг сум хамгийн их тоосжилттой болж хүн амын эрүүл ахуйд асар их хохирол учраад байгааг тэрээр жишээ болгон ярилаа. Тэгэхээр иргэдийн оролцоо гэдэг хамгийн чухал. Эргээд дарга та хууль бус ажил хийгээд шийтгүүлэхээс ч хамгаалах увидастай гэдгийг хуралд оролцож буй ИТХ-ын дарга, Засаг дарга нарт анхааруулсан юм. Нийтээрээ цуглаад мод тарихыг иргэний оролцоо гэж хэлэхгүй. Харин нийтээрээ хэлэлцээд нутаг орондоо хэрэгтэй зүйл хийхийг нийтийн оролцоо, шууд ардчилал гэж нэрлэдгийг ч тэрээр тайлбарлана лээ.
Нээлттэй нийгэм форумаас төлөөлөгч ирж хуралд оролцогсдод мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ орон нутаг төсвөө өөрсдөө захиран зарцуулж иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, нутаг орноо хөгжүүлэх орчин нь бүрдээд байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ тал дээр үр бүтээлтэй санал санаачилгуулд гаргаж, хуулийн төсөл боловсруулж эерэг орчинг бүрдүүллээ. Одоо орон нутгийн удирдлагууд хуулиа мөрдөж шууд ардчилал, иргэний оролцоог хөгжүүлэх л үлдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төсвийн тухай хууль, Нийтийн зар мэдээний тухай хууль гээд иргэн хүний эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх заалттай олон хууль гарсантай та бүхэн танилцах ёстой. Тэгээд хэлбэрэлтгүйгээр мөрдвөл нийтийн эрх ашиг тэргүүн эгнээнд тавигдаж сум орон нутаг урсгалаараа хөгжих болно. Түүгээр ч зогсохгүй иргэд эрх үүргээ ухамсарлаж даргын аяыг дагаж, төрийн гарыг хардаггүй тийм тогтолцоо бүрдэх болно. Одоо бид босгон дээр н ирчихээд байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нийтийн зар мэдээний тухай хууль, түүнийг дагаж гарсан журмыг танилцуулж хуралд оролцогсдод зөвлөгөө өгөв. Тэрээр Хан-Уул дүүрэгт ашиглаж буй Нийтийн зар мэдээний самбарын загварыг танилцуулсан юм. Уг самбар нь зургаан хэсгээс бүрдэх бөгөөд газрын асуудал, нийтийн хурал гэх зэрэг ангилалтай. Хувийн хэвшлийнхэнд зориулсан зай талбайг ч гаргаж өгчээ. Энэ талбайг хувийн хэвшлийнхэн ашигласнаар тухайн самбарыг уншигч нэмэгдэнэ гэж тооцжээ. Ер нь зар мэдээний самбар гэлтгүй сум орон нутгийнхаа бүх иргэдэд л мэдээллийг хүргэж байвал ямар ч хэлбэрийг сонгох боломжтой гэдгийг Ц.Оюунгэрэл сайд онцлов. Хамгийн гол нь хуулийн дагуу хурлынхаа тов, хэлэлцэх асуудлыг иргэн бүрт хүргэж, саналыг нь авах ёстой гэсэн юм.
“Шууд ардчилал-иргэний оролцооны жил”-ийн хүрээнд зохиогдож буй “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтын эхний өдрийн хуралдааныг хааж 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.