Сануулахад илүүдэхгүй доромжлол, бас хийрхэл

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Сануулахад илүүдэхгүй доромжлол, бас хийрхэл

Нэгэн цагт хэнд ч хэрэггүй “Хувьсгалт” гэх үгийг нэрнээсээ хасч, МАХН гэх нэрээ авч үлдсэн хэсэг нөхдүүдийг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг санаж байсан МАН-ынхан МАХН-тай нэгдэх, эвсэх тухай асуудлыг хөндөж, биднийг ялалтад хүргэхэд хамгийн сайн зэвсэг болох хүмүүс тэд хэмээн ичих нүүргүйгээр мэдэгдэж байгаа. Хоёр намын нэгдэл хэзээ ч байж болохгүй асуудал мэт үзэж байсан тэдний хийсэн мэдэгдэл, намын нэрээ авч үлдэхэд нь элдвээр эсэргүүцэж байсан нөхдийн хэлсэн үг нь сонины шарласан хуудаснаа дурайж байна. Намаг шалбааг, буг чөтгөрөөр нь дуудаж байсан хоёр намын гишүүдийн байр суурь өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгийг уншигч та надаар хэлүүлэх юун. Харин одоо болон ганц, нэгхэн жилийн өмнө энэ хүмүүс юу гэж мэдэгдэж, нэг нэгийгээ гутаан доромжилж, гүтгэж, хийрхэж байсныг манай сонин өнөөдрийн дугаартаа тоймлон хүргэж, сануулж байна.

Ц.Нямдорж: МАХН бол үмхийрсэн намаг, шалбааг

-МАХН гэдэг юмыг Улсын дээд шүүх бүртгэдэг өдөр би Монгол Улс хуульгүй, шүүхгүй боллоо гэдэг үгийг хэлсэн. УИХ-ын чуулган дээр Н.Алтанхуягт эмгэнэл илэрхийлж байсныг мартаагүй биз. Би хэлье гэж л хэлсэн. Тэгэхэд 40 хүн над руу дайрсан даа. Одоо юу болж байна. Миний хэлснээр бүх юм явж байгаа биз. Бүх юм тэгж явна. Яагаад гэвэл, натур нь тийм. Эрх биш улс төрд 20-иод жил байсны хувьд энэ коридороор зарим нь хурдан, хурдан алхаад эхлэхээр ямар нэгэн улс төрийн хэрэг будлиан тарина гэдгийг би мэдэрдэг болчихсон хүн. Сонгуульд тэг санал авч байгаа хууль бусаар бүртгэгдсэн ийм хөгийн юмтай очиж, очиж Ардын нам нийлнэ гэж юу байхав. Тэр бол мөрөөдөл. Урвагчдад мөрөөдөл их байдаг байх. Энэ бол бүтэшгүй мөрөөдөл. Ер нь зарчмын хувьд МАХН гэдэг юманд төөрөлдөөд явж байгаа Ардын намын жирийн гишүүд бий. Тэр хүмүүс тун удахгүй Ардын намдаа нийлнэ. Том урсгал жижгийгээ дагуулдаг болохоос жижиг шалбааг томыг дагуулна гэж байдагг үй юм. Сая орон нутгийн сонгуулиар МАН, АН, МАХН-д ард түмэн дүнгээ тавьчихсан. Өөрөөр хэлбэл, МАХН-ыг юу ч биш гэдгийг сая ард түмэн сонголтоороо харуулчихлаа. Харин МАН, АН-ын нэгийг нь алгадаад, нөгөөд нь анхааруулга өглөө. Энэ бол дээрх намуудын одоо нийгэмд эзэлж байгаа байр суурь. Ардын намын бяр хэвээр байна. МАН, АН хоёр маш хүчирхэг мөрөн. МАХН бол үмхийрсэн намаг, шалбааг. Их мөрөн хэзээ ч намаг, шалбаагтай нийлж урсдаггүй.

Э.Мөнх-Очир: Баяртай гээд явсан, тэгээд яваач дээ

-Тийм юм гэж юу байх вэ дээ. Ардын нам, МАХН нэгдэнэ ч гэнэ үү. Тэгвэл яах гэж салсан юм бэ. Салснаараа л байх хэрэгтэй. Баяртай гээд явсан, тэгээд яваач дээ. Юу гэж эргэж ноцоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч орох ёстой ч гэх шиг. Бид МАХН-тай нэгдсэнээрээ бус, мөрийн хөтөлбөр гаргаснаараа сонгуульд оролцох ёстой. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн юу хийх ёстой юм бэ, одоогийн Ерөнхийлөгчийн юу нь болохгүй байна гэдгийг ярих хэрэгтэй. Миний хувьд улс төр гэдгийг өөрөөр хийнэ. Үүрүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай байна тэр бүгдийг хийх болно. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр удирдлагууд муу ажиллаж байгаа юм биш. Удирдлагын гаргаж байгаа санаачилгыг хийе, дэмжие гэсэн бодолтой ямар ч хүн алга. Тэгэхээр намын Удирдах зөвлөлийг тараамаар байна. Цомхон байх ёстой юм. 20 гаруй хүн тэнд юугаа хийж байгаа юм, долоо, найман хүн суугаад ажлаа явуулах хэрэгтэй. Бидэн шиг орон тооны бусуудыг болимоор байгаа юм. Бүгд л “би дарга болно” гээд дайрчихдаг. Хэдэн нөхөд “нам болохгүй байна, МАХН-тай нэгдэнэ” гэж яриад нэмэргүй. Эргээд МАХН-тай нэгдээд Н.Энхбаярыг даргаар тавих гээд байгаа юм уу. Битгий мөрөөдөцгөө. Тийм юм байхгүй.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

Г.Занданшатар: МАХН бол “хулхи брэнд”

-Н.Энхбаяр Ерөнхийлөгч, М.Энхсайхан дарга хоёр төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хувь хүний хувьд хариуцлагагүй алхам хийж, өөрсдийг нь эдгээр албан тушаалд хүргэсэн намын хамт олныхоо эсрэг явж байгаад залуу хүний хувьд харамсч л байна. Гэхдээ тэд ард түмнийхээ санах ойг ингэж басаж болохгүй л дээ. МАХН, МҮАН гэж ямар нам байж байгаад, одоо ямар нэртэй болсныг ард түмэн сайн мэдэж байгаа. Мэдсээр байхад нь улс төр хийнэ гэдэг бол ард түмнийг, сонгогчдыг доромжилж байгаатай адил юм. Улс эх орондоо хайртай, хэрэгтэй том улстөрчид юм бол өөрсдийнхөө нэрийг өмнөө бариад, өөрсдийгөө зарж улс төрөө хий л дээ. Зах зээлд борлогдохгүй хулхи барааг брэнд нэрээр халхавчилж хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг. Үүнтэй адил улс төрд явахгүй болсон хүмүүс хэрэглэхээ байсан брэнд нэрүүдийг авч улс төрд эргэж ирэх, эсэхээ эцсийн удаа үзэх гэж байх шиг л байна. Саяхан Хэрэглэгчийн төлөө газраас брэнд нэрээр зарж байгаа хулхи бараануудыг лангуун дээрээс хураах шийдвэр гарч, зарим газар хэрэгжлээ. Улс төрд ч гэсэн брэндийн ард нуугдсан хулхи “бараа”-нуудыг сонгуулиар сонгогчид өөрсдөө ялгаж салгачих байх аа.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2011 оны есдүгээр сарын 20, Мягмар гараг

Ш.Сайхансамбуу: Хоёр нам нэгдвэл шившиг

-Хоёр нам нэгдвэл шившиг шүү дээ. Хоёр ижил үзэл баримтлалтай нам нэгдлээ гээд нэгдмэл байна гэсэн үг биш. Хэрвээ тийм зүйл болбол Монголын ард түмний төлөө нэгдэж байна гэж үзэхгүй. Хүссэн хүсээгүй өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж байна гэж ойлгогдоно. Хоёр өөр нам хамтарсан Засгийн газар байгуулсантай адил зүйл. Өнгөрсөн хугацаанд хэн хэн нь бие биеэ “алах” шахсан  байж  буцаад  нэгдэхгүй байлгүй. Би хувьдаа энэ ярианд итгэхгүй байна.Янз бүрийн бүлэглэл, фракци байгуулчихаад албан тушаал горьдоод байвал ямар хэрэг байх вэ дээ. Үнэхээр тийм зорилготой байгаа бол тэд фракци биш бантан хутгагчид болно. Бүлэглэл фракцид тодорхой зорилго байх хэрэгтэй.

Эх сурвалж: “Өглөөний сонин” 2012 оны дөрөвдүгээр сарын 26, Пүрэв гараг

Я.Содбаатар: Ц.Шинэбаяр нар жудаггүй аашилж байна

-Манай нам бол ардчилсан, орчин үеийн нам. Ц.Шинэбаяр гишүүн гэхэд Бага хурлын гишүүн. Тэр хүн хувь хүнийхээ бодлоор сонголтоо хийгээд УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс гарна гэвэл гарах л байх. Энэ бол өөрийнх нь сонголт. Зүгээр энэ намын нэрээр сонгогдож, энэ намын дэмжлэгээр өдий хүртэл явчихаад, тэр хүний төлөө өдөр, шөнөгүй нохойнд хазуулж, нойроо хугаслаж зүтгэсэн олон мянган гишүүдийнхээ итгэл зүтгэлийг хөсөр хаяж, намын нийтлэг эрх ашгийн эсрэг, дотор нь хагалан бутаргах үйл хийж байгаа нь нэгдүгээрт хууль зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, ёс зүйн талаасаа жудаггүй л үйлдэл гэж хэлнэ дээ.Бид унаган нэрээ л сэргээсэн. Үүнийг гэнэт нэг өдөр одоогийн удирдлага гаргаж ирээгүй байхгүй юу. 1990 оноос хойш байнга яригдаж байсан асуудал. Зүгээр, шинэчлэл буруу гэж үзээд байгаа хүмүүсийн хувьд эхний удаад “Намын нэр солих бол асуудал биш. Гол нь үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй” гэж байсан. Гэтэл намын нэрийг солиод, бодлого зорилтоо тодорхойлж үйл ажиллагаагаа шинэчлээд ирэхээр “Намын нэр чухал” гээд ач холбогдол өгөөд байгаа байхгүй юу. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бараг зургаан удаа нэрээ сольсон. Тэр үед хүмүүс маргаан дэгдээж байсан уу. Энэ намд хайртай бол эв нэгдэлд ч хайртай байх хэрэгтэй. Түүнээс бус цээжээ дэлдсэнээр хайртай болно гэж байхгүй.

С.Баяр: Манай нам хорвоод мэндлэхэд Ардын нам гэж чихэнд нь шивнэсэн

-Сэтгэл хөдөлгөсөн сайхан ёслол болсон. Хүүхэд төрөхөд чихэнд нь нэрийг нь энхрийлэн шивнэдэг. Энэ бол муугийн ёс биш, Монголын ёс. Манай нам хорвоод анх мэндлэхэд чихэнд нь “Ардын намаа…” гэж шивнэсэн байдаг. Тэр нэрийг хэн хайрлаж, хэн шивнэсэн юм бэ. Монголын ард түмэн. Эх орон, эрх чөлөө гэсэн ариун бодлоороо нэгдсэн ард түмэн. Эх орондоо эзний ёсоор амьдаръя, хэдэн зуун жилийн дарлалаас одоо нэг ангижиръя, гадны эзлэн түрэмгийлэгчдийг даруй хөөн зайлуулъя гэсэн ариун сэтгэл, гэгээн хүсэл, том амбицаар нэгдсэн Монголын харц ард, тайж ноёд, лам хувраг нар нэгдсэн. Өөр хоорондоо үлэмж зөрчилтэй явсаар ирсэн Монголын нийгмийн энэ олон хэсэг бүлэг нэг л юман дээр санаа бодол нь яв цав нийлсэн байдаг. Тэр бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө. Ийм ариун сэтгэлээр тэд нэгдэж, шударга тэмцлийг нь манлайлах улс төрийн байгууллагаа төрүүлжээ. Түүндээ Ардын нам гэсэн нэр хайрлажээ. Монгол Улсын маань тусгаар тогтнолын төлөө ариун тэмцлийн туг болсон энэ сайхан нэрээ бид сая сэргээж авлаа. Түүхийн нэг үе шувтарч дараагийн шинэ үе эхэлж байна. Сэтгэл хөдлөлгүй яахав.Намын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулж ялагдвал хариуцлагыг маш тодорхой хүмүүс хүлээнэ. Намын дарга С.Батболдоос эхлээд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх дагаад, намын нарийн бичгийн дарга болсон мань мэт хамрагдаад бүгд л хариуцлага хүлээнэ. Намын Удирдах зөвлөл, Бага хурал гээд бүгд хүлээнэ. Үүн дээр асуугаад байх ч зүйл байхгүй. МАХН гэсэн нэрээрээ, Ардын нам гэсэн нэрээрээ ч байлаа адилхан. Ялагдсан бол хариуцлага хүлээдэг тэр зарчмаараа л явна. 

Эх сурвалж. “Улс төрийн тойм” сонин

У.Хүрэлсүх: Хоёр сэтгэл өвөрлөсөн эр хүн хэцүү юм

-Хоёр хуваагдсан гэж би огт бодохгүй байна. МАХН гэсэн нэрийг зарим нэг хүн буцааж авна гээд, МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэтээр байхгүй намын албан тушаалуудад өөрсдийгөө өргөмжилчихөөд явж байна л даа. Шулуухан хэлэхэд энэ бол залилан. Би өөр илүү юм яримааргүй байна. МАХН-ын түүхт XXVI их хурал сая болж өнгөрсөн. МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл мөн гээд дүрмэндээ тусгачихсан байгаа. Тусгачихсан шүү. Энийг чинь  Улсын дээд шүүх хүлээж аваад хянадаг юм. Энэ МАН-ын дүрэм Үндсэн хуульд нийцэж үү, үгүй юү. Улс төрийн намуудын тухай хуульд нийцэж үү, үгүй юү. Хүмүүсийн тархи толгой эргүүлсэн зүйл байна уу, үгүй юү гэдгийг Улсын дээд шүүх  бүртгэж авахаасаа өмнө хянадаг юм шүү дээ. Ингэж хянаж шалгаж үзээд МАХН уугуул нэрээ авсан юм байна. МАХН гэдэг хуулийн этгээд бол МАН болсон юм байна. Тийм учраас энд хууль зөрчсөн юм байхгүй. Үндсэн хууль болон Улс төрийн намуудын тухай хууль тогтоомжид бүрнээ нийцэж байна гээд Улсын дээд шүүх  бүртгэсэн. МАН бол Монголын улс төрийн анхны нам. Тийм учраас дугаар номер нэгт бүртгэж авсан. Ц.Шинэбаяр гишүүн Н.Энхбаяр гишүүн хоёр хоёулаа МАН-ын гишүүн байсан юм ш дээ. МАН энэ хүмүүсийг хөөгөөгүй. Энэ хүмүүс өөрсдөө өргөдлөө өгсөн юм. Намаасаа гаръя гэж. Бид энэ намын гишүүн биш гэж өөрсдийгөө бодож байна аа гэж.Хүн намаас гаръя гэж байхад чи заавал байх ёстой гэж нөгөө дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг шиг бариад хориод байж болох уу. Хүн өөрийнхөө үзэл бодлоор, итгэл үнэмшлээр намаас гарч ч болно, намд элсч ч болно. Бүх юм чөлөөтэй. Нөгөө хормойд нь салхи орсон хүүхнийг тогтооход хэцүү байдаг гэдэг шиг хоёр сэтгэл өвөртөлж яваа эр хүн ч гэсэн хэцүү байдаг юм шиг байгаа юм. Тэр хүн хувийн сонголтоо л хийсэн шүү дээ. Намынхаа олонхийн гаргасан бодлого шийдвэрийг үл ойшоож, ингэж бужигнуулах нь намын эв нэгдэлд харш байна.

Эх сурвалж: http://ganchimeg.niitlelch.mn

У.Хүрэлсүх: Н.Энхбаяр бол бурханы нэр барьсан буг

-Ц.Нямдорж миний хүн байсан, У.Хүрэлсүх миний хүн байсан, М.Энхболд миний хүн байсан гэх зэргээр Н.Энхбаяр ярьдаг гэсэн. Тэгээд л ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэх зэргээр гоморхоод байдаг. Энэ чинь арай Монголын төрийн ажил алба Н.Энхбаярын хувийн компанийн ажил алба болчихсон юм биш биз дээ. Би Монголын төрийг хоёр Ерөнхийлөгчтэй гэж боддог хүн шvv. Нэгдvгээр Ерөнхийлөгч нь Н.Энхбаярын эхнэр О.Цолмон гэдэг хүн байна. Хоёрдугаар Ерөнхийлөгч нь манай төрийн тэргүүн Н.Энхбаяр болов уу. Гэхдээ энэ хүн бэлгэ тэмдгийн төдий Ерөнхийлөгч дөө. Би энэ нөхөдтэй олон жил хамт ажиллаж юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хүнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишүүд найз нөхөд нь бүгд мэднэ. Тийм байхад ингэж ичих булчирхайгүй юм шиг байх хэрэггүй. Ерөнхийлөгч Н.Энхбаяр худал хэлснийхээ төлөө, гэмт хэрэг нуун дарагдуулсныхаа төлөө Ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа огцрох хэрэгтэй. Энэ нөхрийг дахин төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилж болохгүй гэж ард түмэнд хэлмээр байна. Мөн МАХН /МАН/ энэ хүний нэрийг дахиж дэвшүүлэхгүй гэж би хэлмээр байна. Сүүлийн үед МАХН /МАН/ дотор болж байгаа энэ үл ойлголцлын цаана Н.Энхбаяр л байдаг болоод удлаа.Төрийн тэргүүнийхээ өрөөнд орно гэдэг бол айдас хүйдэс төрүүлсэн үйл явдал болдог байсан гэхэд одоо хүн үнэмшихгүй. Энэ хүний цаг үед би “Монгол Улсын төрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь өөрийгөө магтах өвчин тусчихсан байна. Таныг шүүмжилснээр би энэ өвчнийг чинь эмчилж байна. Үүнийг буруугаар битгий ойлгоорой” гэсэн. Гэвч дараа нь би “жавтийгаа” хүртсэн дээ. Энэ хүн бус­дыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үс­эрч байгаа очоор нь хооллож амь­дардаг хүн. Нямдоржийг Шарав­доржтой, Шаравдоржийг Пүрэв­­доржтой, Энхболдыг Элбэг­дорж­той, Хүрэлсүхийг Барсболд­той хооронд нь зөрчилдүүлж яс хаяж түүнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорондын энэ их зөрчилдөөн түүнд хүч чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай. Бурхантай газар буг байдаг гэдэг. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя. 1996 онд нэг улаан пиджактай залуу намд элсэж, хуучин Тээврийн товчоо байсан тэр хавьд бид нар пиво уугаад явж л байсан. Адилхан л залуу хүмүүс явсан. 2000 онд Ерөнхий сайд болоод л ааш зан, идэж уух, өмсч зүүх нь эрс өөрч­лөгдсөн. Өөрийгөө үндэсний удирдагч гэж үздэг болсон, надаас өөр хүн байхгүй гэж сагсуурсан. Найз нөхдүүдээ ашиглаад хаядаг бол­сон. Казахстаны Назарбаев шиг насаараа Ерөнхийлөгч болох­­ыг мөрөөддөг ийм л хүн шүү дээ. Юу хийдэг хүн бэ гэвэл өрөөндөө элдэв хов жив ярьдаг хүн цуг­луулаад л хов хөөцөлдөж байдаг. Өөр ажил хийж бай­гаа­гүй.

Эх сурвалж: Өдрийн сонин 182/2634/ 2010.07-27

Ц.Цэнгэл: “Нэгдээд өгөөч” гэж хэзээ ч гуйхгүй

-Улс төрийн намуудын тухай хуульд тусгаснаар манай нам МАХН нэрээ өөр намын өмч болгохгүйгээр хадгалах эрхтэй байсан. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явсан бол МАХН гэдэг нам гарч ирэхгүй байх байлаа. Гэвч одоо яая гэхэв нэгэнт ийм зүйл болж, МАН, МАХН хоёр тусдаа сонгуульд орж, хэн хэндээ чөдөр тушаа болсон учраас үр ашиг гаргасангүй. Нам ингэж хоёр хуваагдсаны сайн, мууг гишүүн болгон ялган салгаж мэдэхгүй байна. Тэр битгий хэл нам нэрээ сольсныг ч мэдэхгүй яваа гишүүд бий шүү дээ. Манай хоёр намын хэн хэнд нь нэгнээсээ илүү гарах овойж оцойсон давуу тал алга байна. Нам дотор фракц үүсгэх маягтай байсан хүмүүс л МАХН руу явчихсан юм шүү дээ. Тэнд нэг их олуулаа оччихоод байгаа юм байхгүй. Тиймээс Монгол Улс, ард түмний эрх ашгийг иш үндэс болгож нэгдвэл зүгээр юм байна. Нэгэнт урьд өмнө нь нэг л нам байсан юм бол яагаад нэгдэж болдоггүй юм гэсэн байр суурьтай хүн их байгаа. Гэхдээ МАН, МАХН хоёр нэг нам болтол өдий биз дээ. МАН МАХН-ынхныг гуйж түүгээд байсан юм байхгүй. Хоёр намаа эвлэрүүлчихвэл яасан юм бэ гэсэн бодолтой хүмүүс л байгаа юм. Тэрнээс бид шалдаа буучихаад МАХН-ын ар өөрөөр гүйгээд, гуйгаад байсан юм байхгүй. Бид шалдаа буучихсандаа тэднээс "Нэгдээд өгөөч" гэж хэзээ ч гуйхгүй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Энхбаяр: Би МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан

-Би МАХН-ын ХХYI их хурлын өмнө ч МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан. Тэр хэлсэн үгэндээ л байгаа. Миний нэрийг надаас асуулгүйгээр МАН-ын Бага хуралд оруулсан байна лээ. Нэг ёсондоо урхидаж авч байгаа ч юм уу, эсвэл айлгаж, эсвэл аргалж тогтоох гээд ч байгаа юм уу. Уг нь Бага хуралд оруулна гэсэн бол хүлээж авч уулздаг ч юм уу, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байсан. МАН-ынханд “Хамтран ажиллая, хажуунаас нь зөвлөе. Албан тушаал надад хэрэггүй. Наанаа ардчилсан нэртэй, цаанаа дарангуйллын тогтолцоог халъя. Хээл хахуулийг арилгая. Оюутолгойн гэрээг засъя. Сонгуулийг шударга явуулъя. Энэ талаар та бүхэнд зөвлөж, ярьж хэлэх зүйл их байна“ гэсэн саналыг удаа дараа тавиад байгаа. Гэтэл өмнөөс МАН-ынхан “Та дуугүй бол. Олонхиор асуудлыг шийдсэн. МАН гэдэг бүтэц бий болсон. Хээл хахууль, хүнд хэцүү амьдрал бараг байхгүй. Эдийн засаг өсөх гээд байгаа“ гэсэн тайлбар тавиад нийгэмд тулгамдсан асуудлыг ужигруулаад байгааг би хүлээж авч чадахгүй. Шударга зүйл МАН-д байсан ч би дэмжинэ. МАХН-д байсан ч дэмжинэ.Надад МАН-тай тохирсон зүйл байхгүй. Би шударга юмны төлөө тохирч болно. Шударга бус юмны төлөө тохирсон зүйлгүй. Албан тушаал надад өнөөдөр сонин биш. Зөв байр суурь, зөв үйл ажиллагаа л чухал.Тэнэг залуучууд мөнгөөр жагсаал хийгээд, худлаа жүжиг тоглоод байгааг бүгдээрээ ойлгож байгаа шүү дээ. Тийм марзан үйлдлийг бүгдээрээ инээж угтая л даа. Ийм маягаар залуучууд минь битгий хүний бууны нохой болооч. Над руу тэсэх аргагүй муу үг хэлж байгаа хүмүүс ч бий. Би тэднийг бүгдийг нь мэднэ. “Бөгс долоох, долигонох” гэсэн муухай үг байдаг даа. Хатуухан хэлэхэд тухайн үед хамгийн их бөгс долоож байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү. Чи, би гэлгүй бүгдээрээ шинэ хүн болъё л гэсэн үг. Шинэ монгол хүн гэдэг бол ажилтай, боловсролтой, эх орондоо эзэн болсон, амьдралынхаа төлөө зүтгэх бололцоотой тийм хүн. Архинд орсон, хар тамхинд донтсон залууг шинэ хүн гэж хэлэхгүй. Хээл хахуульд автсан төрийн албан хаагч залуу ч байсан шинэ хүн биш. Тэднийг засч шинэ хүн болгоё. Монголд шинэ хүн хэрэгтэй.МАН-д байх, байхгүй асуудал бол ерөөсөө асуудал биш. Аль нэг намд баригдалгүй зөв байр суурьтай л байх ёстой. Буруу зүйлээсээ л татгалзъя. МАН-д байлаа гээд худлаа ярьдаг хэвээрээ байвал хэнд хэрэгтэй юм бэ. Шударга ёсны хувьсгал хийе.

Эх сурвалж: www.news.mn 2011 оны нэгдүгээр сарын 27

Ц.Шинэбаяр: МАХН гэдэг нэрээ эргүүлж  авна, би МАХН-ын гишүүн

-МАН 2008 оны сонгуульд МАХН нэрээр орсон. Нэрээ сольсон тул МАН гэдэг нам сонгуульд ороогүй. 200 орчим мянган хүн МАХН гэдэг нэр дээрээ үзэл бодлоороо нэгдээд байна. Тэгэхээр бидэнд МАХН гэдэг нэрээ сэргээж авах бололцоо байна.

МАХН гэдэг нэрээ эргүүлж авахаар Улсын дээд шүүхэд хандахад МАН нэрээ өөрчилснөө бүртгүүлсэн тул МАХН нэрийг авах бололцоотой гэсэн хариу өгсөн. МАН гэдэг нэрийг л өөр хуулийн этгээд хэрэглэхгүй байх хуулийн заалттай. УИХ-д одоо МАН 45, Ардчилсан нам 27, ИЗН нэг, Ногоон нам нэг суудалтай, бие даагч нэг байна. Одоогоор би бол сул гишүүн.Харин намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа МАХН парламентад суудалтай нам болно.

Н.Энхбаяр: МАХН хариуцлагатай байж чадна, харин МАН хариуцлагаас зугтаж байна

-МАН-ын удирдлага 2008 онд Үндсэн хууль зөрчиж Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Сая МАХН-ыг алга болгож МАН гэдэг нам байгуулсан. Ингэснээр 2008 онд УИХ-д энэ намаас сонгогдон гарч ирсэн гишүүдийн нэр, хаяг будилсан. МАН сонгуулийн амлалт, ажилгүйдэл, ядуурлаас бултаж байна. МАН-ын батлах солих ажил ихээхэн сүржин болж байна. Батлах бол хөнжил, боов, бэлэг дагуулж өгдөг зүйл биш. Хүн бол мал биш. Малд л асуулгүйгээр тэмдэг тавьж болно. Хүнийг тэгж болохгүй.Энэ бол гишүүдтэйгээ яаж харилцаж ирсний илрэл. Надаас асуулгүйгээр Бага хурлын гишүүн болгосон. Тэгэхээр энгийн гишүүддээ яаж хандах нь ойлгомжтой. МАХН бол зоригтой,зарчимтай, ухамсартай хүмүүсийн байгууллага. МАХН-ын онц их хуралд хүмүүсийг явуулахгүй гэсэндээ зарим аймгийн онгоцны нислэгийг бүтэн нэг өдрөөр хойшлуулсан. Үүний цаана хэчнээн хүний ажил, амьдрал хохирохыг тооцоолж үзээгүй. Ийм зүйлийг сөрч МАХН-ынгишүүд онц их хуралдаа ирсэн. МАН Монголын ХХ зууны түүхийг өмчилж болохгүй л дээ. Энэ нам 86-87 жил МАХН гэдэг нэртэй явж ирсэн. МАН гэдэг нэрийн утгыг сонирхвол янз янзын юм гарч ирдэг. Одоо шударга ёс цөөнх болжээ. Шударга ёсыг олонх болгохын төлөө явна. Хэтэрхий намчирхдаг алдаа манай дарга нарт байдаг. Үүнээсээ алддаг. Би ч тэгж байсан байх.

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Бямбасүрэн: МАН-тай нэгдэх асуудал хэрхэвч байж болохгүй

-Үнэндээ, манай хоёр намд эргэж нийлж нэгдэх боломж байхгүй. Үйл ажиллагаа, үзэл баримтлалын маш том алдаа зөрчлөөс болж салсан шүү дээ… МАН-ынхны мэхэнд унаж, золигт гарч мэднэ. Тэгээд Ардын намынхны голж хаясан нэрийг нь бид сэргээж аваад шударга гишүүдийн санаа сэтгэлд нийцүүлсэн дүрэм гаргаад явж байна. Ийм үед Ардын намтай нэгдэх асуудал хэрхэвч байж болохгүй. Тийм ойлголт байж болохгүй гэж би хатуу боддог.Орон нутгийн сонгуулиар Ардын намынхан бидэнд ямар байдлаар хандав гэдгийг наад зах нь мартаж болохгүй. МАН-ынхан биднийг МАХН нэрийг сэргээнэ гэхэд яаж эсэргүүцэж байлаа. Намын удирдлагуудын зүгээс асар их тэмцэл өрнүүлж байсан шүү дээ. МАХН нэрийг авсны дараа ил далд хэлбэрээр манай үйл ажиллагааг эсэргүүцэж байсан. УИХ-ын сонгуульд ороход яаж байв. Сая орон нутгийн сонгуулиар тэдний бидний эсрэг зогсдог байдал бүр ил тод боллоо. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэгчээр биднийг хэчнээн шахаж дарамталсан ч дийлээгүй.Монгол хүний ёс жудаг гэж байх ёстой. Тэд биднийг ямар байдлаар эсэргүүцэж, гадуурхаж дарамталж байлаа. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлж, шоронд аваачиж хийхэд Ардын намын зарим удирдлагуудын оролцоо бий шүү дээ. Тэр бол ард түмний нүдэн дээр ил байсан. Өнөөдөр түүнийгээ мартчихсан, Н.Энхбаяр даргын үүсгэн байгуулсан намтай нийлье нэгдье гээд явж байгаа нь үнэхээр ичих нүүрэндээ элэг наасан хэрэг болж байна. Н.Энхбаяр даргыг албан тушаалтай, эрх мэдэлтэй явахад нь долоох шахам дагаж гүйж байж төрийн өндөр албан тушаалд очсон Ардын намын хэсэг нөхөд өнөөдөр Энхбаяр даргыг шоронд хийхэд үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Үүнийгээ засч залруулж чадахгүй байж, намтай нийлнэ гээд явах нь ухамсаргүй хэрэг.

Эх сурвалж: "Өдрийн сонин".2013.¹42

Н.Удвал: Долдугаар сарын 1-ний хэрэгт С.Баяр нар буруутай

-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой, хэрэг явдлын талаар нотлох баримт мэдэж байгаа бол хэлэх үүрэгтэй. Хэрвээ нуусан бол гэмт хэрэгтэн болох байсан. Тэр үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Д.Лүндээжанцан, С.Баяр нарын гишүүд, улстөрийн намуудын дарга нар мэдэж байгаа бүхнээ үнэн зөвөөр нь хэлэх ёстой. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх ёстой. Тийм учраас үнэн зөв юм ярьсныхаа төлөө, иргэнийхээ журамт үүргийг биелүүлснийхээ төлөө ийм аймаар дарангуйлалд орж болох уу. Би бүр энэ үйлдлийг хуульд юу гэж хэлдэг юм бэ гэдгийг асуугаад хэлж мэдэхгүй байна. Хүний араншид байхын аргагүй сонин юм болдог юм байна. Нэг хүнийг баривчлахад хэдэн зуун цагдаа хэрэгтэй юм. Тийм юм болсон Монголын төр байхгүй болжээ гэдгийг энэ үйл явдал харууллаа.

Эх сурвалж: News.mn 2012 оны 4 сарын 13

З.Баянсэлэнгэ: МАХН-ыг сэргээснээс хойш доромжлуулсан

-МАХН нэрийг сэргээхийн тулд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийн тулд өнөөгийн МАХН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид ямар их бэрхшээлийг даван туулсан билээ. Тэр үед МАН-ын хөгшин улстөрчид биднийг юу гэж доромжилж, яаж хандаж байсан билээ гээд бодохоор их зүйлийг эргэцүүлэх болдог. Товчдоо бол туулсан зам мөр маань богино ч манай намынхан энэ хугацаанд нэлээд том бэрхшээл даван туулж өнөөдөрт ирсэн байна. Түүнтэйгээ адилхан өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг тийм амархан мартаад нэгдэх нь юу л бол… Намын нэрийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж сольсон МАН-ын тухайн үеийн удирдлага намын гишүүд дэмжигчдээсээ уучлал гуйх ёстой. Намын нэр сольсон нь алдаа боллоо гэдгээ хүлээн зөвшөөрөх. Цөөнхийн үүргээ гүйцэтгэж чадахгүйдээ туйлдан эцсийн найдвар болгож зөвхөн Ардчилсан намыг ялахын төлөө гэдэг сэтгэлийн хөөрлөөр МАХН-тай нэгдэж хүч авна гэж байгаа бол би хувьдаа эсэргүүцнэ. МАХН-ыг сэргээн босгохоос эхэлж олон удаа доромжлуулж янз бүрээр л хэлүүлсэн. Долдугаар сарын 1-ний хэргийн гол гэм буруутан нь хэн юм МАНАН шүү дээ.  МАН-ынхан идсэн уусан хэрэг илэрнэ гэдгээсээ айгаад байгаа юм байхгүй дээ, гол нь УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн сонгогчдын 20 хувийн санал авсан, МАН-ынхан 40 гаруй хувийн саналыг сонгогчдоос авсан гэдэг  судалгаа бий. Хоёр намын санал нийлэхээр 60 хувь болох учраас намын нэр сольсноор 20 хувийн санал алга болсон тул энэхүү алдаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө нөхөхийн тулд МАХН-тай нэгдэхийг хүсээд байгаа болов уу.

Эх сурвалж: www.news.mn

С.Молор-Эрдэнэ: МАХН гэсэн нэрийг ав гэж Н.Энхбаярт зөвлөсөн

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сургуульд явж, улс төр сурах ёстой. Улстөрч гэдэг чинь мэргэжил. Өөрийгөө цэцэн цэлмэг үгтэй, давгүй маргачихдаг гэж бодсон болгон улстөрч болчихдоггүй юм. Улстөрч гэдэг их хүндтэй мэргэжил. Дэлхийн хөгжилтэй орнуудад улстөрчийг шүтэж байна. Харин манайд энэ бүхэн эсрэгээрээ. Улстөрч гэхээр бизнесийн, мөнгөний араас явдаг, арчаагүй, хор найруулсан гэдэг муухай имижтэй болчихсон. Хүмүүс ингэж бодох нь ч зөв. Монголд улс төр яг л ийм хэмжээнд хөгжиж байна. Манай улс төрд дандаа ийм хүмүүс байгаа нь үнэн юм чинь. МАХН-ын одоогийн удирдлагуудад улс төрийн туршлага, мэдлэг хоёулаа алга. Дандаа бизнесмэнүүд. Тиймээс тэд бизнесээ л хийгээд явах ёстой. Харж байхад намтайгаа яг л хувийн компани шигээ харьцаж байна. Бид нар л өөрчилнө, энэ намыг бид л авч явна гэж үзээд байгаа биз дээ. МАХН гэсэн нэрийг ав гэж Н.Энхбаярт зөвлөсөн.Намынхаа нэрийг солих нь бидэнд ашигтай. Нэрийг нь аваад л шууд ашиглачихна. Тэд нар Монгол ардын нам болоод явна л биз. Нэг л их ардын, үндэсний гэдэг үгээр ялгарах гэсэн хүмүүс байх юм. Ардын гэдэг үг чинь улс төрийнхөө хувьд бас их аюултай. Нэрээр ялгарч ерөөсөө болохгүй. Нэг ёсондоо энэ нэр чинь тодорхой хүмүүсийг ялгаж үндэсэрхэг үзэл гаргаж байна гэсэн үг. Иймэрхүү асуудал улс төрд байж болохгүй. Энэ нь хүний сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглолт хийчихдэг байхгүй юу. Улс төр судлаач хүний хувьд хорон арга хэрэглэхгүй.Ямар ч байсан намын нэр, үзэл баримтлалаа солих нь буруу л гэж хэлье гэж бодсон юм. Нөгөө талаас МАХН-ын удирдлагуудыг хатгаж, тэд нарын психиологи дээр нь тоглох хэрэгтэй гэж үзсэн. Тэд бол жижигхэн сэтгэхүйтэй хүмүүс. Хэрэв мэдэхгүй байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөд л мэддэг хүнээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. У.Хүрэлсүх, Сү.Батболд нар над дээр ирээд уулзвал би хэлээд өгч болно шүү дээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

Г.Шийлэгдамба: МАН-тай нийлэхгүй

-Ц.Нямдорж, Я.Содбаатар нарын хорон хэлтэй хүмүүсийн хэлж байгаагаас нь харахад биднийг засгаас хурдан гараад өгөөч гэж гуйж байгаатай адилхан юм шиг л санагдаж байна.МАХН, МАН-тай нэгдэхгүй байлгүй дээ.  Ц.Нямдорж өөрсдийгөө том гол мөрөнтэй зүйрлэж, биднийгээ арай өөр зүйлтэй зүйрлэх шиг болсон. Тэгэхээр нийлэхгүй байх. Бидний зүгээс Ардын намтай нийлье гээд байгаа юм байхгүй. Буруу тийшээ урсаж байгаа бохир голтой нийлэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Тэд том гол байж болно. Гэхдээ бохирдчихсон гол байгаль орчныг сүйтгэдэг биз дээ. Бид жижиг булаг байж болох ч цэвэр юм шүү. Ардын намынхан Ц.Нямдоржийн хэлснээр өөрсдийгөө том гол гэж бодож байгаа бол эхлээд цэвэрлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж