Өнөөдөр баруун Германы Бавари мужийн хамгийн агуу түүхтэй “Байерн Мюнхен” багийн 113 жилийн ой тохиож байна. Одоогоос 113 жилийн тэртээ буюу 1900 оны хоёрдугаар сарын 27-ны энэ өдөр “Байерн” багийг Берлин хотын харъяат Франц Йон өөрийн арван нөхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Удалгүй Германы хөлбөмбөгийн холбоонд 11 дэх гишүүнээр элсэхдээ, нэрээ “Байерн Мюнхен” болгон өөрчилсөн байна. Багийн түүхэн дэх хамгийн анхны тоглолтоо 1900 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр хийхдээ эсрэг 7:1-ийн харьцаатай бут ниргэсэн нь Германы “Бундеслиг”-т хүчирхэг баг төрөн гарсныг илтгэх мэт. Тус багийн анхны дасгалжуулагч нь Тэйлор хэмээх Англи мэргэжилтэн байв. Тэйлор тамирчдаа чадварлаг оюутан, залуусаар хүч сэлбэснээр мэргэжлийн хөлбөмбөгийн багийн гараа эхэлсэн гэж үздэг аж. 1900-1901 оны улирлаас эхлэн амжилттай тоглосоор, 1910-1911 оны улиралд Германы гуравдугаар зэрэглэлийн “Крайскласс” дивизонд анх удаа түрүүлсэн байна. Харин түүнээс хойш Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл дахин ямар нэгэн тэмцээн уралдаанд түрүүлээгүй аж.
Дайны дараахь он жилүүдэд “Байерн Мюнхен” Баруун Германы АШТ түрүүлснээр олонд танигдах болжээ. Хөгжөөн дэмжигчид нэмэгдэн, багийн санхүүгийн чадвар дээшилжээ. Харин 1932 онд “Айнтрахт” багийг «Франкфурт Майне» цэнгэлдэхэд нь 2:0-ийн харьцаагаар ялж, улсын аваргаар анх шалгарч байв. Германы хамгийн том тэмцээнд ийн түрүүлсэн учир тухайн үеийн төр засгийн удирдагчдын хяхалт хавлага “Байерн Мюнхен” багийг ерөнхийлөгч Ландауэр болон дасгалжуулагч Рихард Домби нарт улам ихэссэн байна. Энэ нь багийн амжилтад сөргөөр нөлөөлж, уналтад орсон юм. Харин энэ хооронд Адольф Гитлер болон Гестапийнхны дэмждэг “Шальке 04” баг бүхий л тэмцээнүүдийн түрүүг авч байлаа. Харин 1966 онд “Байерн Мюнхен” баг эргэн сэргэж, Германы дээд лиг “Бундеслиг”-т өрсөлдсөн анхны улирлаа гуравдугаар байрт шалгарч, “Германы цом”-д түрүүлсэн юм. Дараа жил нь буюу 1967 онд “Европын цомтой багуудын цомын тэмцээн”-д амжилттай сайн тоглосоор шигшээ тоглолтод шалгарчээ. Улмаар Зепп Майер, Герд Мюллер, Франц Беккенбауэрын шилдэг тоглогчидтой “Байерн Мюнхен” баг Шотландын “Рейнжерс”-ийг 1:0-ийн харьцаатай хожиж, Европын дэвжээнээ ноёрхох эхлэлээ тавьжээ. 1968-1969 оны улиралд Бранко Зебеча хэмээх шинэ дасгалжуулагчтай “Байерн”-чууд “Бундеслиг” болон “Германы цом”-ын тэмцээнд түрүүлснээр багийн түүхэндээ анхны “дублээ” хийсэн байна.
Өдгөө Германы “Байерн Мюнхен” Германы тадийгүй дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэг болсон. “Байерн” баг “Германы аварга шалгаруулах тэмцээн” буюу “Бундеслиг”-т 22, “Германы цом”-д 15 удаа түрүүлжээ. Энэ жилийн хувьд “Бундеслиг”-ийг бусад багуудаас оноогоор хол тасархай тэргүүлсээр байна.