Цонга Дубайн нээлттэй тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Цонга Дубайн нээлттэй тэмцээнийг орхилоо

ATP холбооны “Dubai Duty Free Tennis Championships” тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубайн хотноо үргэлжиж байна.

Тэмцээний шөвгийн 16-д оролцох теннисчид тодорчээ. Шилдгүүдээс Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер, Чехийн Томаш Бердых, Аргентиний Хуан Мартин дел Потро нарын шилдгүүд шалгараад байгаа бол тус тэмцээний тавд эрэмбэлэгдсэн Францын Жо-Вильфред Цонга тэмцээнийг цааш үргэлжлүүлж чадсангүй. Цонга нэг цаг 20 минут үргэлжилсэн тоглолтод нутагт нэгт Михайль Ллодрад 6:7, 2:6-ийн харьцаагаар ялагдал хүлээжээ. Цонгаг буулган авсан Ллодрад ATP-ийн чансааны 67-д бичигдэж буй бөгөөд дараагийн тойрогт ОХУ-ын Дмитрий Турсуновтой оноолт таарсан байна.

Харин дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович дүүгийн хамт хосын төрөлд оролцсон ч ОХУ-ын Давендонко, Германы Дик Норман нарын хослолд 6:4, 3:6, 4-10-аар ялагдсан байна.

Тус тэмцээний шагналын сан хоёр сая ам.долларт багтаж буй ганцаарчилсан төрлийн аварга 429 мянган ам.доллар, чансааны 500 оноо хүртэх бол, хосын аваргууд 126 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ. Тэмцээний аварга ирэх гуравдугаар сарын 2-нд тодорно. 

Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн Дубайн нээлттэй тэмцээн өнгөрсөн долоо хоногт өндөрлөхөд 2011 оны "Уимбльдон"-ын аварга Чехийн Петро Квитова түрүүлж, Италийн Сара Эррина дэд аваргаар шалгарсан билээ. 


Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж