Мексикийн хамгийн хүчирхэг эмэгтэй хэмээгддэг Эльба Эстер Гордильо авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгагдан баривчлагдсан байна. ВВС-ийн мэдээлснээр 1.5 сая гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Мексикийн багш нарын холбооны тэргүүн Эльба Эстер Гордильо тус холбооны сангаас 200 сая орчим ам.долларыг хууль бусаар хувийн дансандаа шилжүүлсэн нь илэрсэн аж. Үүгээр барахгүй Мексикийн прокурорын мэдээлснээр тэрээр хууль бусаар олж авсан мөнгөө гоо сайхны хагалгаа, тансаг харш худалдан авах зэрэгт зарцуулсан нь тогтоогджээ.
Мексикийн эх сурвалжууд цагдаагийн газраас Эльба Эстер Гордильог баривчилсан нь энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето боловсролын салбарт шинэчлэл хийх талаар мэдэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето Мексикийн боловсролын салбарыг үндсээр нь шинэчилж, тус салбарт ноёлсон Эльба Эстер Гордильогийн хүчийг багасгаж, багшийн боловсролын түвшинг нэмгэдүүлэн, багшлах арга ажиллагааг сайжруулах тухай мэдэгдсэн аж.
Өдгөө 68 настай Эльба Эстер Гордильо нь Мексикийн багш нарын холбоог өнгөрсөн 20 жилийн турш тэргүүлж байгаа бөгөөд улс төрд ч нөлөөтэй нэгэн гэнэ. Түүний тэргүүлдэг энэхүү холбооны жилийн төсөв нь хэдэн арван сая ам.доллар хүрдэг тухай эх сурвалжууд мэдээлжээ. Түүнчлэн Мексикийн багш нарын боловсролын түвшин маш муу байдаг бөгөөд зарим тохиолдолд дөнгөж арван жилийн сургууль төгссөн хүн багшилж байх тохиолдол гардаг аж.