Ш.Раднаасэд: Ерөнхий сайд огцрох ёстой

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэд: Ерөнхий сайд огцрох ёстой

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр МАН-аас гаргасан гомдлыг хэлэлцээд, тодорхой шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдээс тодрууллаа.

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд та нэр бүхий аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Ямар шийдвэр гарав?

-Орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчийг томилсон захирамжийг нэгдүгээр сарын 7-ны өдөр гаргасан. Би иргэнийхээ хувьд Үндсэн хууль зөрчигдсөн энэхүү асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээнд халдаж Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж байна гэж би үзэж байгаа.

Д.Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, тус аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн Аймгийн ИТХ-ын хуралдаанаас Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдсан нэр дэвшигч Л.Ганболдыг томилохоос татгалзсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн.
Харин Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Ерөнхий сайд ч Үндсэн хууль зөрчсөнөө нотлоод нэгдүгээр сарын 7-ны өдөр гаргасан захирамжаа өчигдөр хүчингүй болгосон байна лээ. Хүчингүй болгосон шийдвэрээ Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн юм билээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн үйлдлээ арилгасантай холбоотой асуудлыг ярилцаад Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргасан байгаа.

-Тэр нь яг юу гэсэн үг вэ. Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн энэхүү үйлдэлтэй холбоотой ямар үр дагавар гарсан гэж үзэж байна вэ?

-Ер нь Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөн үйлдэл нь бусад байгууллага, албан тушаалтнуудад буруу жишиг тогтоочихлоо. Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгч томилсон шийдвэрээс улбаалаад аймаг дүүргүүд дээр нийт 101 газарт түр орлон гүйцэтгэгч томилогдсон. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 28 хорооны дарга, Баянгол дүүрэгт 26, Дорнод аймагт 5 түр орлон гүйцэтгэгч томилогдсон байна. Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотойгоор хэд хэдэн албан бичиг аймгуудаас ирүүлсэн. Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Цэрэнчимэд гэдэг хүн шийдвэртэй арга хэмжээ авч чадаагүйн улмаас нэг суманд 5000 гаруй мал хорогдсон байх жишээтэй. Иймэрхүү буруу шийдвэрийн улмаас эцэстээ ард иргэд л хохироод үлдэж байгаа юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Цаашдаа ямар нэг алхам хийх үү?

-Энэхүү шийдвэрээс нь болоод Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болох ёстой. УИХ-ын даргыг хууль зассан, Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр 2005 онд огцруулж байсан. Яг үүнтэй ижил Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн энэхүү үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж огцрох ёстой гэж үзэж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж