Уг жүжгийн найруулагч, Ардын жүжигчин Б.Мөнхдорж “Саран хөхөө” жүжгийг “бурхадын чуулбар” хэмээжээ. Учир нь бурхад чуулаад бидэнд илгээсэн сургаал нь хүний сэтгэлийг ариусгах ёстой аж. Ерөөс говийн их ноён хутагтын “Саран хөхөөний намтар” жүжиг бол хүмүүнийг ариусгах сэтгэлийн өргөл юм. Уг жүжиг нь “Саран хөхөөний намтар”-ын зэрэгцээ говийн ноён хутагтын амьдарч байсан нийгэм, намтарт тоглож байсан хошууны ард, лам нарын тайзны ардах амьдралыг зохиогч харуулахыг зорьжээ. Анх 1832 онд тавигдаж байсан эл жүжиг шашны агуулга ихтэй байсан учир өнөөгийн үзэгчдэд зориулан шинэчлэн 2004 онд УДЭТ-ын тайзнаа тоглосон нь тухайн жилдээ “Гэгээн муза” наадмын гранпри шагналыг хүртсэн байна.
Ирэх гуравдугаар сарын 27-нд “Гэгээн муза 2012” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох юм. Харин ирэх сарын 19-25-нд наадамд нэр дэвшиж буй бүтээлүүд хоёрдугаар шатны шалгаруулалтад өрсөлдөнө.
Өнөөдөр “Саран хөхөө”-г тоглоно
УДЭТ-ын тайзнаа өнөөдөр 18.00 цагт “Гэгээн муза 2004” наадмын дөрвөн музагийн эзэн Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжиг амилах нь ээ. Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын 10 жилийн ой энэ жил тохиож байгаа учраас шилдэг уран бүтээлийн цоморлиг ийнхүү цувралаар үзэгчдийн хүртээл болж байгаа юм.
Г.ДАША